Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/310

 

 

 

 

 

 

 

 2020        04          06                               2020/ШЦТ/310

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Э.Халиун,

            Шүүгдэгч М.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт М Н холбогдох эрүүгийн 2009 00000 0463 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                         

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторын машинч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 27а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Б овогт М Н /РД:********/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч М.Н нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн 195а тоотод хохирогч М.М хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.М мэдүүлэг /хх-ийн 14/-р тал,

Гэрч М.Н мэдүүлэг /хх-ийн 17/-р тал,

Гэрч Г.Т мэдүүлэг /хх-ийн 16/-р тал,

Яллагдагч М.Н мэдүүлэг /хх-ийн 4/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн хүний биед үзлэг хийсэн тухай 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3719 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20/-р тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн 195а тоотод хохирогч М.М хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч М.М “...2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн 195а тоот гэртээ байж байтал манай нөхөр Н дагуулаад 0.5 граммтай Ерөө нэртэй арх авч ирээд тэр хоёр ууж дуусаад Н Баянхошуу явж ууна гээд манай нөхрийг авч явах гээд байхаар нь би нөхрөө явуулахгүй гэж хэлээд маргалдсан. Гэтэл Н надтай хэрэлдээд намайг хэл амаар доромжлоод миний толгой, мөр хэсэгрүү хэд хэдэн удаа цохьсон... гэх мэдүүлэг /хх-ийн 14/-р тал,

Шүүгдэгч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “... 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед Т гэр болох Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 195а тоотод очоод 0.5 литрийн Ерөө нэртэй архи уусан. Тэгээд би Б гэдэг найзтайгаа яриад Т бид 2-т нэг шил архи аваад өг гэсэн чинь хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Т аваад Баянхошуу явах гэсэн чинь эхнэр М.М нь явуулахгүй гээд бид 2 маргалдсан. Тэгээд би уурандаа М нүүр болон мөр хэсэгрүү нь гараараа цохьсон бөгөөд тухайн үед Т надруу уурлаад бид хоёр хэн альнийгаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/-р тал,

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Н миний эхнэр М нүүр, мөр хэсэгт гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/-р тал,

Шүүгдэгч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “... Хохирогчид учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. М биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №3719 дугаартай “... М.М биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн мэдүүлэг, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгч М.Н нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийг зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх М.Н анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, өөрийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн болохыг дурдаж байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч М.М “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” талаараа хүсэлт гаргасан /хх-ийн 38 дугаар/-р тал, байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “Шүүгдэгч М.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж 1000 төгрөг/ 600.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг шүүхэд гаргажээ.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн мэдүүлж буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.

 

3. Бусад асуудлаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8  дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт М Н хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч М.Н 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.ИДЭР