Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00233/И

 

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар багт оршин суух, Чорс овогт Балжиннямын Уранчимэг /РД:СЮ62022328/-ийн нэхэмжлэлтэй

          Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Хөнгөн Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хүнсний техник мэргэжлийн сургууль 1978 онд элсэн орж, 1980 оны 06 дугаар сарын 20-нд Архи спиртийн ангийг төгсөж тус сургуулийн захирлын 1980 оны 72 тоот тушаалаар Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны томилолтоор Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрт хуваарилагдан ирж Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 75 тоот  тушаалаар тус үйлдвэрийн архи, амтат усны цехийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад Хангал ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 тоот тушаалаар архи, ундааны цехийн нормчны ажлаас чөлөөлж, Хангал ХК-ийн ерөнхий захирлын 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот тушаалаар Санхүүгийн чадавхгүйгээс худалдах бүтээгдэхүүнгүй болж худалдагч нарын орон тоог цөөрүүлэх болсон тул ажлаас чөлөөлөгдсөн юм. Одоо өндөр насны тэтгэвэр гарах болсон чинь хөдөлмөрийн дэвтрийн лавлагаа хийлгэхээр аймгийн архивын тасагт хандаж хүсэлт гаргахад: Хэнтий аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт Хүнсний үйлдвэрийн 1989 оноос хойш удирдлагын баримт шилжин ирээгүй байгаа тул Хангал ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07 тоот тушаалаар Архи, ундааны цехийн нормчны ажлаас чөлөөлж, Хангал ХК-ийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 тоот тушаалаар худалдааны цэгийн мухлагийн кассчнаар томилсон лавлагаа нь ирэхгүй байгаа тул тухайн үед ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Б.Уранчимэгт нь Хөнгөн Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хүнсний техник мэргэжлийн сургуульд 1978 онд элсэн орж, 1980 оны 06 дугаар сарын 20-нд Архи спиртийн ангийг төгсөж тус сургуулийн захирлын 1980 оны 72 тоот тушаалаар Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн Архи, амтат усны цехэд /архи, ундааны/ 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилчин, нормчноор, Үйлдвэр худалдааны Хангал ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд худалдааны цэгийн мухлагийн кассчин, дэлгүүрийн худалдагчаар тус тус ажиллаж байсан. Хэнтий аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт Хүнсний үйлдвэрийн 1989 оноос хойш удирдлагын баримт шилжин ирээгүй. Иймд Б.Уранчимэгийг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Чорс овогт Балжиннямын Уранчимэг нь Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн Архи, амтат усны цехэд /архи, ундааны/ 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилчин, нормчноор, Үйлдвэр худалдааны Хангал ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд худалдааны цэгийн мухлагийн кассчин, дэлгүүрийн худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч Б.Уранчимэгийн нь улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Чорс овогт Балжиннямын Уранчимэг нь Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн Архи, амтат усны цехэд /архи, ундааны/ 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилчин, нормчноор, Үйлдвэр худалдааны Хангал ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд худалдааны цэгийн мухлагийн кассчин, дэлгүүрийн худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 17х/, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 75 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 5х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 7-8х/, Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн харьяа Үйлдвэр худалдааны Хангал компанийн захирлын 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 11х/, Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн 1999 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 12х/, гэрч Б.Дэлгэрмөрөнгийн мэдүүлэг /хх-ийн 20х/, гэрч Л.Хэрлэнцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 22х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чорс овогт Балжиннямын Уранчимэг /РД:СЮ62022328/-ийг Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн Архи, амтат усны цехэд /архи, ундааны/ 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилчин, нормчноор, Үйлдвэр худалдааны Хангал ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд худалдааны цэгийн мухлагийн кассчин, дэлгүүрийн худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР