Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/317

 

           

 

 

2020      04         06                                           2020/ШЦТ/317

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн Б.Б, Б.Б нарт холбогдох 2009007300382 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой цахилгааны инженер мэргэжилтэй, Хувиараа цахилгааны ажил хийдэг, ам бүл эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 82-818в тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б Б /РД:********/,

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бизнес пойнт ХХК-ны барилга дээр хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтай, ам бүл \ эцэг, эх 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 82-818в тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б Б /РД:********/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Б.Б, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухаан техникийн их сургуулийн орчимд иргэн Э.Б "...замын хөдөлгөөнд саад учрууллаа...удаан явлаа..." гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13:00 цагийн орчим өөрийн саарал өнгийн 69-47 УНУ улсын дугаартай приүс-20 машинтайгаа ганцаараа спортын төв ордноос Шинжлэх ухаан техникийн их сургуулийн чиглэлтэй явж байх үед миний араас цагаан өнгийн Бонго-3 автомашины жолооч байн байн сигналдаад байсан. Тэгээд уулзвар дээр очоод зогсоход жолооч нь цонхоо онгойлгоод намайг аятайхан явахад яадаг гөлөг вэ? Энэ тэр гээд намайг хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд байсан. Намайг машинаасаа буугаад ир гэхээр нь би машинаасаа буугаад очсон. Тэгтэл Бонго машины жолооч машины 22 түлхүүр бариад буугаад ирсэн. Араас нь Бонго машинд сууж байсан залуухан залуу бууж ирээд миний хөмсөг хэсэгт гараараа цохисон. Би залуухан залуутай нь барилцаж аваад зууралдаж байх үед залуухан залуу нь миний эрүүнээс хазсан. Харин Бонго машины жолооч гартаа барьж байсан 22 түлхүүрээр миний толгойнд нэг удаа цохисон. Тэгээд уулзвар дээр байсан болохоор түр салцгаасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9/-р тал,
  2. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...приүсны жолооч миний цонхон дээр ирээд надтай хэрүүл маргаан хийгээд намайг цохих гээд далайсан. Тэгээд манай хүү Б машинаасаа буугаад приүсийн жолоочийг холдуулах гээд түлхсэн. Тэгээд Б приүсын жолооч хоёр хоорондоо зууралдсан. Тухайн үед яг эхэлж гараа зангидаж байгаад цохисон хүн бол приүс машины жолооч юм. Б ч гэсэн зөрүүлээд цохисон байх...приүс машины жолооч миний хүү Б үснээс зулгаагаад тавихгүй болохоор нь би машинаасаа 22 түлхүүр аваад приүс машины жолоочийн гар луу нь цохих гэж байгаад толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Миний харснаар хэрүүл маргаан дууссаны дараа приус машины жолоочийн хөмсөгнөөс нь цус гарч байсан....би приус машины жолоочийн толгой хэсэгт нь 22 түлхүүрээр 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/-р тал,
  3. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Би 2020.02.07-ны өдөр аав Б ажлын Бонго машинтай Шинжлэх ухаан техникийн их сургуулийн хажууд урдаас хойд чиглэлд явж байх үед саарал өнгийн приүс 20 машин урагшлахгүй жолооч нь утсаар яриад байсан. Манай аав тэр машины хажуугаар нь гараад приүс 20 машины жолооч руу цонхоо онгойлгож байгаад ард машин сигналдаад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь приүс 20 машины жолооч хурдан явах албатай юм уу гэж хэлээд хэрүүл маргаан болсон. Тэгээд приүс 20 машины жолооч машинаасаа буугаад манай машины тэвшин дээрээс юм хайгаад байхаар нь би машинаасаа буугаад приүс 20 машины жолооч дээр очиход приүс 20 машины жолооч эхлээд миний баруун талын нүд хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд хөмсөг хэсэг рүү цохисон. Тэгээд приүс машины жолооч намайг үстээд байсан болохоор манай аав Б ирээд приүс 20 машины жолоочийг цохисон. Би юугаар цохисныг нь мэдэхгүй байна...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/-р тал,
  4. Шинжээч эмч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Эрдэнэбатын Баттулгын биед учирсан зулайн хуйхны шарх гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...баруун хөмсөгт шарх, эрүүнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/-р тал,

Шүүх эмнэлгийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 2433 дугаартай: Э.Б биед зулайн хуйх, баруун хөмсөгт шарх, эрүүнд цус хуралт,
хавантай гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно..."
гэх дүгнэлт /хх-ийн 11-12/-р тал зэрэг баримтууд авагджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд Б.Б, Б.Б нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нарын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Б.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. 

 

Иймд Б.Б, Б.Б нарыг “бүлэглэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч Б.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёны зарчимд нийцнэ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гомдол, санал байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн /хх-ийн 55 дугаар тал/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б Б, Б овогт Б Б нарыг “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нарт 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б, Б.Б нарт сануулсугай.

4. Б.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ИДЭР