| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0349/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/340 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/340
2020 04 13 2020/ШЦТ/340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч Р.О,
Шүүгдэгч Ц.Б түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг,
Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Б, А.Н нарт холбогдох 1909031041511 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1997 оны 03 сарын 07-ны өдөр Ховд аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа “Сандэй” худалдааны төвд цүнх зардаг, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 42-48 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц Б /РД: ********/,
2. Монгол Улсын иргэн, 2000 оны 11 сарын 04-ний өдөр Ховд аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо туулын 4-90А тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт А Н /РД: ********/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Ц.Б, А.Н нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Сөүл Плаза”-ийн орчимд хохирогч Р.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэжээ.
Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэжээ.
Хохирогч Р.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би Г гэх найзтайгаа уулзаад хамт хоол идээд байж байгаад Ц.Б, А.Н хоёртой яриад бөөндөө караокед орохоор болсон. Ц.Б, А.Н хоёр ирээд караокед сууж байгаад гэр рүүгээ явахаар такси барьсан. Дуудлагын жолооч дуудаад хүүхдийн 100-руу явсан. би урд талын суудалд суугаад ард талд Г, А.Н, Ц.Б гурав суусан. Энэ гурав хойно юм яриад явж байх шиг байсан, хөгжим дуугарч байсан учраас юу ярьсныг нь мэдээгүй. Тэгээд А.Н, Ц.Б хоёр буугаад явж байснаа эргэж ирээд цонх тогшихоор нь яасан гээд хаалгаа онгойлсон чинь Ц.Б надруу дайраад үсдэж аваад байж байтал нэг гар орж ирээд миний нүүрийг маажсан. Гуталнаас татаад гутал тайлагдчихсан. Машинаас гараад гутлаа авах гээд бостол Ц.Б цүнх булааж аваад гар утас гаргаж шидсэн. Гутлаа аваад өндийхөд А.Н миний нүүр рүү цохисон. Цүнхээ авах гээд булаацалдаж байтал Н дахиад цохисон. Надад гар утас болон цүнх дотор байсан эд зүйл хагарч няцарсны улмаас 827.600 төгрөгийн хохирол учирсан ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хүсэлтдээ “... Шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар болон өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд шүүгдэгч Ц.Б, А.Н нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар өөрсдийн гэм буруугийн талаар маргаж байсан ч прокурорын шатанд өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Түүнчлэн хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас харахад хохирогч О биед учирсан гэмтлийг шүүгдэгч Ц.Б, А.Н нар нь учруулсан болохыг гэрч, хохирогч нар харилцан зөрүүгүй мэдүүлсэн, шүүгдэгч нарын шууд чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүхээс шүүгдэгч нарыг тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Р.О нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн, цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй талаараа хүсэлт бичиж өгсөн /хх-ийн 128/-р тал, байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч нарын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч .Б, А.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Б, А.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Б, А.Н нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийг харгалзан үзэж торгох ялаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авах боломжгүй.
Учир нь шүүгдэгч нар нь анхнаасаа өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй тохиолдолд шүүх учруулсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаараа маргаж, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд шүүгдэгч Ц.Б нь “... Бид хоёр бүлэглэж хүн зодсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэнийг ч зодоогүй. Би өөрөө хохирогч өөрөө зодуулсан...” гэх тайлбар зэргээс харахад шүүгдэгч нар нь анхнаасаа өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд, дээрх үндэслэлээр Өмгөөлөгч Р.Уранцэцэгийн торгох ялаас чөлөөлж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ц.Б, А.Н нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц Б, С овогт А Н нарыг бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, А.Н нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Б, А.Н нарт сануулсугай.
4. Ц.Б, А.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, А.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР