| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00152/И |
| Дугаар | 258 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00152/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, 3Б-06-01 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхсайханы Оюунчимэг /РД: ГЮ91081106/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 05-02 тоотод оршин суух, Боржигон овогт Гансүхийн Ишгэнхүү /РД: СЭ91042639/-д холбогдох
"хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Оюунчимэг, хариуцагч Г.Ишгэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Оюунчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие тус шүүхэд хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Г.Ишгэнхүү бид хоёр 2012 онд танилцаж, 2013 онд Хэнтий аймагт ирж амьдарсан. 2014 оны 7 дугаар сарын 31 өдөр хүү О.Мөнхдөлгөөн төрсөн. 2015 оны 8 дугаар сараас бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч байна. Би хүүхдээ аваад Булган аймагт өөрийн аав, ээж рүү явсан. Намайг хүүгээ аваад явснаас хойш Г.Ишгэнхүү хүүхдээ асууж ганц удаа ч яриагүй. Би энэ хүнийг хүүхдээ асуух болов уу гэж их хүлээсэн” гэв.
Хариуцагч Г.Ишгэнхүү нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. О.Мөнхдөлгөөн нь миний хүүхэд мөн. М.Оюунчимэг бид хоёр 2012 онд танилцаад 2013 онд Хэнтий аймагт ирж амьдарсан. 2014 оны 7 дугаар сарын 31 өдөр хүү О.Мөнхдөлгөөн төрөөд 2015 оноос М.Оюунчимэг бид хоёр таарч тохирохгүй тул тусдаа амьдрах болсон. Хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 6/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Оюунчимэг нь хариуцагч Г.Ишгэнхүүд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын дундаас 2014 оны 07 дугаар сарын 31 өдөр хүү Мөнхдөлгөөн төрсөн болох нь Боржигон овогт Оюунчимэгийн Мөнхдөлгөөн 2014 оны 07 дугаар сарын 31 өдөр төрснийг 2014 оны 09 дүгээр сарын 03 өдөр бүртгэсэн төрсний гэрчилгээний хуулбар /хх 6/, өрхийн эмчийн эрүүл мэндийн тодорхойлолт /хх 3/, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 4/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байсан, энэ хугацаанд хүү О.Мөнхдөлгөөнийг төрүүлсэн, таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 8 сараас тус тусдаа амьдарч байгаа зэрэг нь тэдний шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Г.Ишгэнхүүгээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулж, хүү О.Мөнхдөлгөөнд хуульд заасан насанд хүртэл тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байх ба О.Мөнхдөлгөөнийг дассан, өссөн орчинд нь эхийнх нь асрамжид хэвээр байлгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөр зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг /173 500₮*50%*1 хүүхэд*12 сар=1 041 000₮/ тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 29 534 төгрөгийг тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Г.Ишгэнхүү нь 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн О.Мөнхдөлгөөний эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д зааснаар хүү О.Мөнхдөлгөөнийг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар 11-16 насанд хүрсэн /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Ишгэнхүүгээс цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Нэхэмжлэгч М.Оюунчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Ишгэнхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид /70200+29 534/ нийт 99 734 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуулийн дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА