Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2019/0026/З |
Дугаар | 28 |
Огноо | 2019-11-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Я.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б-д холбогдох тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 9-р хуралдаанаас гаргасан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дүгээр хуралдааныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутанд хуралдуулахаар зарласан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.7 дахь заалтуудыг зөрчиж, ирц бүрдээгүй байхад уг өдрийн үдээс хойш хурлыг хуралдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр болсон хуралдаанд оролцох хүсэлттэй байсан хэдий ч тухайлан нэхэмжлэлд дурдагдсан ирц хүрээгүй буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 гэдэг заалтыг зөрчиж хуралдааныг явуулсан явдлыг хууль эрх зүйн хувьд болоод энэ орон нутагт хууль дүрэм, төлөөллийн байгууллага төлөөлөгчийнхөө эрхийг зөрчсөн ийм үйлдэл болсон гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Ийм учраас ирц хүрээгүй байхад төлөөллийн байгууллага ямар хуулийн заалтаар энэ хурлыг хүчинтэй тооцож хуралдаад байгаад гомдолтой байгаа. Энэ зөвхөн энэ хуралдааны процесс биш, нийгэмд хууль дүрмийн хүрээнд нийгмийн харилцаа явах ёстой. Магадгүй тэнд алдаа гарсан бол хууль шүүхийн эрх бүхий байгууллага дээр нь засаж залруулдаг, шийдвэрийн үр дүнг харах гэж зөвхөн би төдийгүй олон түмэн хүсэн хүлээж байгаа. Тэгэхээр энэ удаагийн шийдвэр бол зөвхөн нэг хэсэг хүмүүсийн асуудал биш. Нийгэмд зөв зүйтэй зарчим, голдирлоороо явах бололцоо байна уу гэдгийг нотлох том нотолгоо. Та бидний гаргаж байгаа шийдвэр, энд явагдаж байгаа процесс бол гадна талдаа нийгэмд шүүхэд итгэх итгэл, цаашлаад төлөөллийн байгууллага нь зарчмынхаа дагуу явах эсэх ийм том асуудалд хариу өгөх учраас зарчмынхаа дагуу энэ шийдвэр нь гарна гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Энэ утгаараа хуулийн тодорхой заалт нь зөрчигдөөд байж байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхэд тухайн хуралд төлөөлөгч тодорхой асуудлаа хурлын бодлого шийдвэрт тусгуулах, тусгуулахын тулд орох, эс орох эрх нь нээлттэй байгаа. Бид нар аймгийн хөгжил бодлогын төлөө тодорхой асуудлуудыг зөвхөн хурал төдийгүй, урьдчилж бүлэг албан ёсны сектор дээрээ ярих асуудлууд байсан. Хурал гэдэг процессыг явуулаад өнгөрөх хандлагаар хандсан болохоос биш. Тэр асуудлыг нээлттэй ярилцаж сонсож асуудлуудаа шийдэх ийм шийдэл яваагүй. Хурал хүчин төгөлдөр явах албан ёсны эрх зүй бий болоход миний оролцох оролцоо, бид нарын тавьсан тодорхой асуудлууд яригдсаны дараа хуралдах бүрэн бололцоо байсан. Хуулийн дагуу хурлыг тодорхой хугацаагаар завсарлуулаад эргээд шийдэлд хүрсний дараа хуралддаг эрх зүйн боломж байгаа. Энэ түвшинд арга хэмжээ аваагүй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 гэдэг заалтаар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх бүхий төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр явагдана гэж заасан байгаа болохоос биш, оролцох саналтай эсэхийг нь асуугаад олонхи нь дэмжээд явах юм бол ирц бүрэн гэж хуралдуулж болно гэдэг хуулийн заалт байхгүй. хүрэлцэн ирнэ гэдэг нь интернетээр оролцох аль эсхүл олонхи нь дэмжвэл хүрэлцэн ирнэ гэсэн тайлбар байхгүй. Практик дээр энэ жишээ бол манай аймагт л хоёр дахь удаагаа Монгол Улсын хэмжээнд давтагдаж байгаа. Улсын их хуралд хүртэл өрөөндөө хурал хүлээгээд сууж байгаа Улсын их хурлын гишүүд орж ирснээр хурал хүчинтэйд тооцогдоод явдаг. Түүнээс өрөөндөө та телевизээр хараад сууж байгаа гээд хурал хүчинтэйд тооцоод явдаг уламжлал байхгүй. Технологи хөгжсөн хэдий ч Монгол Улсад ийм хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн болоод амьдралын уламжлалд ийм зүйл байхгүй. Ц.А төлөөлөгчийн тухайд өөрийн хүсэлтээр оролцоогүй. Энд ирц хүрэхгүй нөхцөл байдал бий болсон учраас аймгийн иргэдийн хурлын холбогдох ажлын алба Амарзаяа гуай Ц.А төлөөлөгч рүү ярьсан байдаг. Бид нар эндээс интернетээр оруулах боломжтой чи интернеттэй газар ол бид нар орчин бүрдүүлээд орж болно гэж хэлсэн гэдэг зүйлийг ярьсан байгаа. Тэгэхэд бол эрх зүйн хувьд асуудалгүй гэдэг зүйлийг ярьсан. Үүний дараа би Ц.А төлөөлөгч рүү өөрөө ярьсан. Ц.А минь түүхэндээ Говь-Алтай аймаг хууль зөрчсөн үйлдлийн гэрч нь чи болоод яах юм. Чи Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 гэдэг заалтыг үзээрэй. Интернетээр орж болно, аль эсхүл олонхи нь дэмжээд интернетээр оруулж болно гэсэн заалт байна уу сайн хараарай, технологи хөгжсөн хэдий ч наад ярьж байгаа шийдэл чинь хууль зөрчинө. Ийм учраас чи ирсэн ирээгүй энэ хууль зөрчих процесс явагдахгүйн тулд холбогдох нам, холбогдох төлөөлөгч нар асуудлаа ярьж бодлогоо ярьж нэгдэж явахад хангалттай ирц аймгийн төв дээр байгаа гэдгийг ярьсаар байтал цаанаас нь асуудал болно гээд намайг заавал сууж бай гэсэн би интернетээ асаагаад сууж байна гэж хэлсэн байдаг. Энэ зөвхөн хурлын ирц хүчин төгөлдөр болох процессод л явсан үе. Түүнээс хурлыг дуусан дуустал Ц.А тэнд суугаагүй. Хурлыг эхлүүлэх процессод 21 хүн байгаа мэтээр зарлаж Ц.А-г интернетээр оролцож байгаа гэж мессеж мэдээллийг өгсөн. Ц.А нэг ч асуулт асуугаагүй, нэг ч санал гаргаагүй. Эхний нээлтэд ороод ажлаа бодоод явсан. Ард нь хурал бүтэн өдөр хуралдсан процесс байгаа.
Хурлын зартай холбоотой мэдээллийг би бүрэн мэдэж байсан. Зөвхөн энэ хурал ч биш бүх төрлийн хурлууд тодорхой бүлгээр саналыг тусгаж оролцоод хуралдаандаа нэгдсэн ойлголтоор явдаг жишиг байдаг. Энэ хуралд тодорхой асуудлууд ойлголцолд хүрээгүй зүйлүүд байсан. Тэр шаардлагыг энэ хуралд оролцохгүй байх үйлдлээр тавьсан. Тухайн хуралдаанд төлөөлөгчид өөрсдийн тойргийн нэгдсэн ойлголтод хүрч хуралдаанд оролцдог. Таслах эрхгүй оролцоно гэдэг нь тэр танхимд байгаа, оролцож байгаа төлөөлөлтэй нэгэн адил гэсэн үг. Өөрөөр хэлбэл хурал явагдаж байгаа процессыг ажиглаж суугаа хүмүүсийн хэн нь ч таслах эрхгүй бөгөөд хуралд тодорхой санал хэлэх эрхтэй. Асуулт асуух эрхтэй. Тэгэхээр Ц.А төлөөлөгч тэд нартай адилхан эрхтэйгээр буюу бүрэн эрхээ эдлээгүй, тэнд байгаа хүмүүстэй нэгэн адил сууж байгаа. Түүнээс төлөөлөгчийн бүрэн эрхээрээ энэ хүн чинь хуралд оролцож саналаа өгөх, тухайн асуудлыг шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох ёстой. Ц.А төлөөлөгч зааланд ажиглагчаар оролцож байгаа хүмүүстэй адилхан субъект болж байгаа. 21 дэх төлөөлөл болох эрх зүй бол байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг анх товлон зарлахдаа 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр зарласан байсан. Тухайн зарласан цаг хугацаа улсын баяр наадмын бүх нийтийн амралттай давхцаад байсан учраас хуралдааны товыг хойшлуулж 7 дугаар сарын 17-ны өдөр хуралдахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэр гаргасан. Тухайн хурлыг зарлах, товыг өөрчлөх хуралдаануудад Я.Э Төлөөлөгч Тэргүүлэгчийнхээ хувьд оролцсон байгаа. Тэгэхээр хурлын товыг тухайн үед мэдэж байсан гэсэн үг. Хуралд оролцох боломжтой ямар төлөөлөгч байсан бэ гэхээр Я.Э төлөөлөгч өөрөө аймаг дээр байсан. Ойнбилэг төлөөлөгч аймагт байсан. Тухайн хуралд орж ирээч гэдгийг утсаар удаа дараа хэлсэн. Ямар нэгэн тодорхой шалтгаан байсан байх хуралд орж ирээгүй. Тухайн үед Ц.А төлөөлөгч хурлын даргатай холбогдсон. Улаанбаатар хотод мэргэшил дээшлүүлэх сургалтад сууж байсан. Хишигжаргал төлөөлөгчийн фэйсбүүк хаягийн мессенжерээр нь дамжуулаад би хуралд оролцъё, намайг таслах эрхгүйгээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Түүний үндсэн дээр манай хуралдааны танхимд 40 инчийн хоёр телевизор байдаг. Тэрний нэгийг нь интернеттэй холбоод Ц.А төлөөлөгчийг онлайнаар шууд хуралд нь оролцуулж, ирцийг тооцох талаар төлөөлөгчдөөс санал хураалгасан. Тэгэхэд төлөөлөгчид Ц.А төлөөлөгчийг санал гаргах эрхтэй болохоос таслах эрхгүйгээр хуралд нь оролцуулаад, ирцэд оруулаад явъя гэсэн шийдвэрт хүрээд хуралдаан хуралдаад холбогдох шийдвэрүүдээ гаргасан байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар 41 төлөөлөгч байх ёстой. Манай аймгийн тухайд сонгуулийн нэг маргаан шийдэгдээгүй явж байгаа учраас 40 төлөөлөгчтэй явж байгаа. 40 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч ирсэн. Ардчилсан намаас 1 төлөөлөгч, Монгол ардын хувьсгалт намаас 2 төлөөлөгч, бие даагч Б, Монгол ардын намаас 16 төлөөлөгч оролцсон. Монгол ардын намаас хуралд 20 төлөөлөгч байдаг тэндээс Я.Э төлөөлөгч, О төлөөлөгч, Г төлөөлөгч нар ирээгүй бусад хүмүүс нь хуралд ороод 20 хүн зааланд ирсэн. 21 дэх хүнийг Ц.А төлөөлөгчийг онлайнаар оруулна гэж шийдвэрлээд тэгж оруулсан. Ц.А төлөөлөгчийг анх хуралд оруулахдаа юу гэж оруулсан бэ гэхээр таслах эрхгүйгээр оролцуулна гэсэн. Тэгэхээр хуралдааны тогтоол шийдвэрүүд гарахад Ц.Анхзаяа төлөөлөгч ямар нэгэн байдлаар гар өргөж маргаан таслах шийдэл гаргаагүй. Таслах эрхтэй оролцоогүй. Хурлын тухайд интернет бол хааяа тасарсан. Интернет нь хааяа тасраад бүтэн өдөржин суусан гэдэг нь тодорхой байгаа гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Э гэдэг хүний ямар хууль ёсны эрх ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн юм эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдөөд байгаа талаар Я.Э шүүх хуралдаан дээр хэлсэн байгаа. Миний хувийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж хэлсэн. Энэ хүний хувийн эрх ашиг нь зөрчигдөөгүй юм бол энэ хүн би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч учраас ард иргэдээ төлөөлж нэхэмжлэл гаргаж байна гэж ярьж байгаа боловч шүүх хуралдаан дээр болон хавтаст хэргийн материалд энэ хүн ямар ямар хүмүүсийн эрх ашиг нь зөрчигдөөд уг хуралдаанаас гарсан 5 тогтоол нь ямар хүмүүсийн хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн талаар Я.Э-т өмнөөсөө төлөөлөгчөөр томилоод юм уу, итгэмжлэл өгсөн зүйл байхгүй байна. Хурлын ирцийн асуудлаар яриад байна. Ц.А гэдэг төлөөлөгчийг онлайнаар оролцуулах талаар хуралд ирсэн бүх төлөөлөгчид нь 100 хувь гар өргөөд онлайнаар оролцуулсан нь хурлын тэмдэглэлд тодорхой байгаа. Энэ хүнийг онлайнаар оролцоогүй гэсэн маргаан байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд онлайнаар оролцуулж болохгүй гэсэн заалт байхгүй байгаа. Тэгэхээр тоног төхөөрөмж хөгжсөн цагт тухайн төлөөлөгч өөрийн хүсэлтээр би онлайнаар оролцъё гэсэн хүсэлт гаргаад хуралд ирсэн төлөөлөгчид 100 хувь дэмжээд онлайнаар оролцуулаад явсан. Шүүхэд мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр ч энэ хүн онлайнаар оролцоод явсан гэдэг нь тодорхой байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 23.9 дэх хэсгүүдийг хэлээд байна. 23.9 дахь хэсэгт хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулж болно гэж байгаа. Я.Э төлөөлөгч оролцоогүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байсан байгаа. Ц.А-г онлайнаар оролцох талаар мэдээд чи онлайнаар оролцож болохгүй шүү гээд сууж байсан. Тэгэхээр энэ байдлаас харахад энэ хуралдаанд зориудаар оролцоогүй болох нь харагдаж байна. Тийм учраас 23 дугаар зүйлийн 23.8, 23.9 дэх хэсгүүдэд зааснаар зориудаар оролцоогүй байна. Шүүх хуралдаан дээр энэ хурлын товыг мэдээд сууж байсан гэж ярьж байгаа. Тийм учраас энэ хүний хувийн эрх ашиг нь яаж зөрчигдсөн юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хурлаас хэлэлцсэн асуудлаар тогтоол гарах бөгөөд хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батална гэж байгаа. Тэгэхээр тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгч нарын олонхийн саналаар батлаад явуулсан байгаа. 25.4 дэх хэсэгт хурлаас гарсан тогтоол буюу бусад шийдвэр нь хууль болон Засгийн газрын бусад шийдвэрт нийцээгүй бол тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гээд заагаад өгсөн. Тэгэхээр энэ 5 тогтоол нь хууль тогтоомж зөрчиж гарсан байна гэвэл тухайн хурал өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгох эрх хэмжээг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дээр заагаад өгсөн байгаа. Ийм учраас Я.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Алтай хотод хуралдуулахаар товыг тогтоосон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, 2018 оны Төсвийн гүйцэтгэл батлах тухай 06, Аймгийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 07, Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах тухай 08, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 09, Төлөөлөгчдөд урамшуулал олгох журам батлах тухай 10 дугаар тогтоолуудыг батлан гаргасан байна.
Дээрх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааныг Хурлын төлөөлөгч Ч.Э Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заасныг зөрчиж, ирц бүрдээгүй байхад хуралдсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Иймд шүүх 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанд нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн хүчинтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлд “...хуралдаанд ирвэл зохих 40 төлөөлөгчөөс 21 төлөөлөгч ирж, хурлын ирц 52,5 хувьтай байв. Л.Б: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу ирц бүрдсэн гэж үзэж байна. Учир нь төлөөлөгч Ц.А хувийн хойшлуулшгүй ажлаар Улаанбаатар хотод байгаа ба хуралдаанд цахимаар таслах эрхгүйгээр оролцох бололцоог хангаж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Түүний хуралдаандаа оролцох хүсэлтийг нь хангаж, дэмжиж байгаа төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү гэхэд хуралдаанд оролцож буй Төлөөлөгчид 100 хувь дэмжсэнээр хуралдааны үйл ажиллагаа эхлэв...” гэж тэмдэглэгдсэн мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “...40 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч ирсэн. Ардчилсан намын 1 төлөөлөгч, Монгол ардын хувьсгалт намын 2 төлөөлөгч, бие даагч Б, Монгол ардын намын 16 төлөөөлөгч оролцсон ...21 дэх Ц.А төлөөлөгчийг онлайнаар оруулсан ...хуралдааны тогтоол шийдвэрүүд гарахад Ц.А төлөөлөгч ямар нэгэн байдлаар гар өргөж маргаан таслах шийдэл гаргаагүй. Таслах эрхтэй оролцоогүй...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь орон нутгийн ээлжит чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх бүхий байгууллага. Харин Хурлын төлөөлөгч нь хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах, асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх иргэдээс сонгогдсон төлөөлөл юм.
Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд хурлын төлөөлөгчийг цахимаар буюу онлайнаар таслах эрхгүйгээр оролцуулж байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 зүйлийн 12.1.1-т “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж заасан Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн материалд авагдсан хурлын тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд Хурлын төлөөлөгчийн хуулиар олгогдсон асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох бүрэн эрхийг эдлүүлэхгүйгээр хуралд оролцуулан, хурлын ирц бүрдүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулсан байгаа нь хууль бус байна.
Өөрөөр хэлбэл цахимаар буюу онлайнаар таслах эрхгүйгээр хурлын төлөөлөгч Ц.А-г хуралдаанд оролцуулсныг хуралд оролцсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 40 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч хуралд хүрэлцэн ирж хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасныг зөрчин гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаас гарсан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаас гаргасан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ