Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 923

 

        В.Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/00327 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Тэмүүлэлд холбогдох

Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунтунгалаг

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Булган

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Чүлтэмсүрэн, н.Саранчимэг нар Т.Тэмүүлэлээс 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг зээлж, барьцаанд нь В.Чүлтэмсүрэнгийн өмчлөлийн 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг Т.Тэмүүлэлийн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан “Фидуци”-ийн гэрээ байгуулсан. В.Чүлтэмсүрэнд 3 000 000 төгрөг зээлснээс 3 170 000 төгрөгийг буцааж төлсөн. Ингээд машинаа буцааж өөрийн өмчлөлд шилжүүлж авах гэсэн боловч өгөөгүй тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэсэн тул В.Чүлтэмсүрэнг 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Т.Тэмүүлэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би В.Чүлтэмсүрэнгийн ээж Ц.Саранчимэгт 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 12 800 000 төгрөг зээлдүүлж, баталгаа болгож түүний хүү В.Чүлтэмсүрэнгийн 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг сайн дурын үндсэн дээр шилжүүлж авсан нь фидуци гэрээг байгуулсан гэж болно. Уг автомашиныг миний нэр дээр шилжүүлсэн боловч биет байдлаар шилжүүлж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар В.Чүлтэмсүрэнгийн хууль бус эзэмшилд байгаа 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлтэй, Т.Тэмүүлэлд холбогдох тээврийн хэрэгслийн өмлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэнгийн хууль бус эзэмшлээс 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг гаргуулан хариуцагч Т.Тэмүүлэлд олгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаанаас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан олгох, хариуцагч Т.Тэмүүлэлээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэнгээс 70 200 төгрөг гаргуулан хариуцагч Т.Тэмүүлэлд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшилтэй холбоотой маргаан гэж өөрийн тодорхойлолттойгоо зөрчилдсөн буюу нэхэмжэлийн шаардлагыг зээлийн гэрээний маргаантай хамааралтай мэтээр буруу тайлбарлан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг автомашины өмчлөгч анх В.Чүлтэмсүрэн байсан ба одоогийн байдлаар Т.Тэмүүлэл автомашины өмчлөгч байгаа талаар зохигчид маргаагүй, мөн бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Гэтэл Ц.Саранчимэгийн зөвшөөрлийн үндсэн дээр нэхэмжлэгч автомашины өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байсан мэтээр тайлбарласан нь алдаа болжээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх тухайд: Нэхэмжпэгч нь хариуцагчаас 3 000 000 төгрөгийг зээлж авсан ба түүнийгээ төлж барагдуулсан, харин хариуцагч 12 800 000 төгрөгийг зээлдүүлж, түүний үүргийн гүйцэтгэлд автомашины өмчлөлийг шилжүүлсэн хэмээн зохигчид маргадаг. Нэхэмжлэгч 3 170 000 төгрөгийг хариуцагчид төлсөн баримт хэрэгт авагдсан боловч хариуцагчаас 12 800 000 төгрөгийг Ц.Саранчимэг, В.Чүлтэмсүрэн нарт зээлдүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч бичгээр хийсэн зээлийн гэрээ байхгүй гэж мэдэгдэж байсан атлаа дараа нь нотариатын гарын үсэггүй, 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг шүүхэд өгсөн ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан болох нотлох баримт хэрэгт авагдаагүй. Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга учир үндсэн зээлийн гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой. Нэгэнт 12 800 000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч болон иргэн Ц.Саранчимэгт олгосон болохоо нотолж чадаагүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх байсан гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд: Талуудын хооронд байгуулсан гэх гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасны дагуу фидуцийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж автомашины өмчлөгчөөр бүртгэгдсэн тул нэхэмжлэгчээс автомашиныг шаардах эрхгүй. Хариуцагч фидуцийн гэрээг үндэслэж автомашиныг нэхэмжлэгчээс шаардсан ба шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2 дахь заалтыг үндэслэн талууд автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд байлгахаар тохиролцоогүй тул автомашиныг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрэв автомашиныг хариуцагчийн эзэмшилд байлгахаар тохиролцсон бол яагаад зээл олгоод өмчлөлд шилжүүлэх үедээ автомашиныг хариуцагч эзэмшилдээ аваагүй гэдэг асуудал үүсэх бөгөөд талууд автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд байлгахаар тохиролцсон. Хариуцагч ямар хэмжээний зээлийг хэнд олгосон, түүнийхээ гүйцэтгэлийг хангуулахаар уг автомашиныг өмчлөлдөө шилжүүлсэн болохоо шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.  Анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5, 235.2, 235.1, 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүтээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан заалтуудыг  буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэн нь хариуцагч Т.Тэмүүлэлд холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, В.Чүлтэмсүрэнгийн хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулахаар  сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Анхан шатны шүүх В.Чүлтэмсүрэн нь Т.Тэмүүлэлтэй мөнгө зээлэхээр амаар хэлцэл хийж, зээлсэн мөнгөө өөрийн эх Ц.Саранчимэгт шилжүүлэн өгсөн, зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн маргаан бүхий Тоёото камри маркийн 62-99 УНТ улсын дугаартай автомашиныг шилжүүлсэн, хариуцагч Т.Тэмүүлэл нь уг автомашиныг эзэмшилдээ авч, гэрээний үүрэг дуусгавар болсны дараа автомашиныг буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон үйл баримтад хамааралтай маргааныг шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00224 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Тэмүүлэлийн хууль бус эзэмшлээс автомашин гаргуулахыг хүссэн В.Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагджээ. /хх-54-57/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан бөгөөд энэ нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад илэрвэл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхээр заасныг анхаарахгүй В.Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлээр Т.Тэмүүлэлд холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу болно.  

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/00327 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт  заасныг баримтлан В.Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлтэй Т.Тэмүүлэлд холбогдох тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, В.Чүлтэмсүрэнгийн хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай Т.Тэмүүлэлийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаанаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                            ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА