Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ргийн Бэд холбогдох эрүүгийн 2138000000150 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Бийг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Бий өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан гэх мэдүүлэг болон эрүүгийн 2138000000150 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

Хохирогч С.Эы өгсөн:  “ ... 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай гэрийн гадна морьд маань байсан. Тэгээд ус уух гээд уруудаад түүнээс хойш миний 9 адуу олдохгүй байсан юм. Би олдох болов уу гэж бодоод гадуур хайгаад ийш тийш явсан. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хайсан. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад бүртгүүлэх болсон. Улаан хээр духан дээрээ жижиг сартай буруу талын хамар нь сэтэрхий зөв гуя дээрээ жижиг хас тамгатай эрлийз улаан хээр азарга, шар халтар гүү, буруу талын гуя дээр саран дэвсгэртэй эрдэнэ тамгатай, зөв талын гуя дээр эрдэнэ тамгатай, эр хул даага дагуулж яваа буруу талын гуя дээр саран дэвсгэртэй эрдэнэ тамгатай, зөв талын гуя дээр эрдэнэ тамгатай, Хар халтар гүү буруу талын гуя дээр саран дэвсгэртэй эрдэнэ тамгатай, зөв талын гуя дээр эрдэнэ тамгатай, хүрэн гүү буруу талын гуя дээр саран дэвсгэртэй эрдэнэ тамгатай зөв талын гуя дээр эрдэнэ тамгатай, хонгор гүү буруу талын гуя дээр саран дэвсгэртэй эрдэнэ тамгатай, зөв талын гуя дээр эрдэнэ тамгатай, хул алга гүү хул алга унагатай буруу талын гуя дээр саран дэвсгэртэй эрдэнэ тамгатай, хонгор байдас зөв талын ташааны хавтгай дээр саран тамгатай байсан.  .. нийт 2300000 төгрөг болж байна. Алдсан  адууны төлбөрийг барагдуулах  хүсэлтэй байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/,

Гэрч Л.Дын өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 10-даар санаж байна Түнэл сумын 4 дүгээр багийн Арганы эх, улаан модны шилд Эрлийз хээр азаргатай 8 адуу хөлс гараад хатсан байдалтай зогсож байсан. Тухайн адуунууд хоёр хоноод дахиж харагдаагүй. Сайхан өндөр Эрлийз хээр азаргатай, хул алаг гүү хул алаг унагатай, шар  халтар гүү, хонгор байдас, хар халтар гүү зэрэг явж байсан. Миний мэдэхгүй тамгатай байсан. Тухайн адууны тамга нь их бүдэг болсон харагдаж байсан. Эы хэлж байсан адуунуудтай яг адилхан адуунууд байсан.  Тууж ирсэн юм шиг хөлс нь  гарчихсан  байдалтай  байсан. Тэгээд хэн тууж  ирсэн талаар сураглахад  Анхаа Өндөрөө тууж ирсэн юм гэж надад хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

Гэрч П.Бгийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын эхээр санаж байна. Би өнчин унага харах гээд явж байхад Түнэл сумын 4-р баг Улаан модны хаяанд бараан зүсмийн өндөр том азаргатай бараан зүсмийн 9 адуу зогсож харагдсан, би унага харахдаа хажуугаар нь гарсан болохоор хальт хараад өнгөрсөн.. Манай нутаг усанд харагдаагүй хэдэн адуу байсан.” гэх мэдүүлэг,/хх-ийн 24-25 тал/

Гэрч Д.Дн өгсөн: “...2020 оны 12 дугаар сард байх санаж байна. Э надад эрлийз хээр азаргатай адуу алдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Түнэл сумын 4 дүгээр багт Харганы эх гэх газар байсан манай нутгийн адуу биш байсан би адуу мал уядаг болохоор сайн анзаар ч харсан гэж хэлсэн. Би тухайн үед өнчин унага хайгаад мотоцикльтой явж байхад адууны захад 9 тооны адуу зогсож байсан гэж хэлсэн. Тухайн адуунууд хоёр хоноод дахиж харагдаагүй. Сайхан өндөр Эрлийз хээр азарга, хул алаг гүү хул алаг унагатай, шар халтар гүү, хонгор байдас, хар халтар гүү зэрэг явж байсан им тамга анзаарч хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Гэрч П.Аын өгсөн: “... 2020 оны 12 дугаар сард санаж байна манай Түнэл сумын 4 дүгээр баг Алтгана гэх газар орой адуугаа хайгаад явж байхад аавын найз Өндөө ах хээр эрлийз хээр азаргатай 9 тооны адуу туугаад явж байсан юм. Тэгэхээр нь би санаанд ороогүй юм. Тэгээд би дараа нь адуунд явж байхдаа нэг хүнд Өндөрөө ахын тууж явсан адуунуудыг харсан уу гэж асуусан. Тэгтэл Л.Д ах үгүй би хараагүй гэж хэлсэн. тэгээд түүнээс хойш хараагүй. Өндөрөө гэх  хүнийг тууж явахад нь би харсан. Хулгайн адуу гэдгийг би мэдээгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р тал/,

Хохирлын үнэлгээ тогтоосон “Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ий 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 2123417200293 дугаартай “...иргэн С.Эы хулгайд алдсан 9 тооны адууны үнэлгээг 8.200.000 /найман сая хоёр зуун мянга/-н төгрөг” гэх хөрөнгө үнэлсэн тайлан” /хх-ийн 40-41-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Бийн гэм буруугаа хүлээж яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь би сайн санахгүй байна оройны 22 цагийн үед би Тосонцэнгэл сумын Ломбуу гэх газарт явж байхад Ломбуугийн хөндийд 9 тооны морь тааралдсан юм. Би тэр моринуудыг туугаад хойшоо Чандмань-Өндөр сумын нутаг руу туугаад явсан. Би тухайн 9 тооны адуунуудыг туугаад Чандмань-Өндөр сумын нутаг руу ороод Бижийн даваа даваад явж байхад цагаан саарал өнгийн нэг том машин тааралдсан. Би тэр машины нэр болон улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Тэр цагаан саарал өнгийн машин дотор 2 хүн байсан. Тэр хоёр хүн мал авна хотоос явж байна гэсэн. Тэгэхээр нь би адуу авах юм уу гэж асуухад адуу авна гэхээр нь би тууж явсан 9 адуугаа тэр мал авна гэсэн залууд зарсан. Би тууж явсан моринуудаа зараад буцаад мөрөн лүү орж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Р.Б нь 2020 оны 12 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг “Ломбуугийн хөндий” гэх газарт явж байхад улаан хээр эрлийз азаргатай адууг тууж, улаан хээр эрлийз 1 азарга, шар халтар, хар халтар,  хүрэн, хонгор, хул алаг зүсмийн 5 гүүг, хонгор зүсмийн 1 байдас,  хул зүсмийн 1 даага,  хул алаг зүсмийн 1 унагыг  тус тус шунахайн  сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч бусдад зарж борлуулж, бусдын олон тооны мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Э, гэрч Л.Л.Д, П.Б, Д.Д, П.А нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, хохирлын үнэлгээ тогтоосон ““Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Р.Б нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно. “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Р.Бий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Бийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ломбуугийн хөндий” гуравдугаар  багийн нутгаас 2020 оны 12 дугаар сарын эхээр  иргэн С.Эы улаан хээр эрлийз азаргатай адууг тууж, улаан хээр эрлийз 1 азарга, шар халтар, хар халтар,  хүрэн, хонгор, хул алаг зүсмийн 5 гүүг, хонгор зүсмийн 1 байдас,  хул зүсмийн 1 даага,  хул алаг зүсмийн 1 унага буюу нийт 9 тооны адууг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Р.Бий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Эд 1 тооны азарга, 5 тооны гүү, 1 тооны байдас, 1 тооны  даага, 1 тооны унага  буюу 8.200.000 төгрөгийн шууд хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Этай эвлэрлийн гэрээ байгуулж, хохирлыг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулсан, хохирогч С.Эд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Р.Бийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.Бийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Б нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 60-67 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч  Р.Б нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн  19-05 тоотод оршин суудаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 21-ний 77 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Р.Бий үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Р.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээ 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэлээ. 

Энэ хэрэгт шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О овогт Ргийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Р.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  энэ  өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН