| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0167/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/174 |
| Огноо | 2021-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дийн От холбогдох эрүүгийн 2138001070190 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оийн өгсөн: “ Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тайлбар мэдүүлэг өгсөн.” гэх мэдүүлэг болон эрүүгийн 2138001070190 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 01 дүгээр баг “Шарга морьт” 7-1 тоотод Д.О нь Ш.Гтай сувилагчдын баярыг тэмдэглэж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Гтай “эмнэлгийн барьж дуусаагүй үлдсэн хашааг маргааш барьж дуусгая гэхэд найз байж чи ажиллахгүй өөр хүмүүсээр бариулах санааг дэмжиж уриалж гар өргөөд байсан” гэж маргалдаж, улмаар түүний нүүр рүү цохиж биед нь хамар ясанд хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Ш.Ггийн өгсөн: “ ... 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сувилагчдын баяр болсон. Тэгээд 18 цаг өнгөрөөд ажил тарах үед Оийн хамт манай гэрт очоод хоол хийж идчихээд 1 дарс задалж уусан. Түүнийг дуусгаад дахиад 1 дарс уугаад юм ярьж байх үедээ О намайг эмнэлгийн урдуур хашаа барьж байхад чи ажиллахгүй өөр хүнээр бариулах санааг дэмжиж уриалж гар өргөөд байсан гэхээр нь би уриалаагүй, эмнэлгийн ажил даргатай учир би уриалаагүй гэж хэлсэн чинь намайг О чи эмнэлгийн ажил мэддэг болчихсон юм уу гэхээр нь би эмнэлгийн ажил яахаараа мэддэг юм. Тэр чинь дарга цэрэг байдаг юм байгаа биздээ намайг хүн таних уу гэхээр нь би олж өгөхийг бодсон гээд хэлтэл О намайг бөгжтэй гараараа нүүрэн тус газар цохисон. Тэгээд миний хамарнаас цус гарсан юм. Тэгэхээр чи миний хамар руу цохиод цус гарчихлаа гэсэн чинь надаас уучлалт гуйж чи холдохгүй яасан юм уучлаарай гээд намайг үнэссэн. Тэгэхээр нь би гаргаад гэрт нь хариулсан. Тэгээд би унтаад босоод иртэл миний зүүн талын хамар хэсэгт шалбарсан хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
Шүүгдэгч Д.Оийн гэрчээр өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажлаа тараад найз Ггийн хамт гэр рүү нь явсан. Тэгээд бид хоёр Сувилагчдын баяр тэмдэглэж хоол хийж идээд 2 шил дарс ууж юм ярьж сууж байгаад бямба гаригт модны хайш барьсан талаар ярьсан. Би Гд чи ням гаригт хийгээд дуусгана гэхэд эсэргүүцсэн талаар хэлж жоохон гомдсон. ... Тэгээд хартал Г чи намайг цохичихлоо ш дээ гэхэд Ггийн хамар хэсгээс цус гарсан байдалтай харагдахаар нь түүнийг цэвэрлэж өгөөд гэртээ харих болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 219 дугаартай: “Ш.Ггийн биед хамар ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Ш.Ггийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Оийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр сувилагч нарын баярын өдөр болсон юм. Тэгээд ажил тарсны дараа би ажлын газрын найз Гтай цуг гэрт очсон. Тэгээд хоол хийж идээд баяраа тэмдэглээд дарс уусан. 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 3-4 хоногийн өмнө эмнэлгийн ажилчид мод тарих хашаа барьсан юм. Тэгээд тухайн өдөр хашаагаа барьж дуусаагүй болохоор нь би маргааш барья гэж хэлэхэд хэдэн хүмүүс чадахгүй маргааш амарна гэж байсан. Тэр хэдэн хүмүүс дунд Г байсан. Тэгээд би Гтай хамт байхдаа би чамд гомдсон найз байж хашаагаа барьчих байсан юм гэхэд Г нь манайхан өөр хүн гуйж байгаад бариулна гэж байсан гэж хэлсэн. Тухайн үед Г надаас зайтай нөгөө талын орон дээр байж байсан. ... Тухайн үед Г орон дээрээ байж байгаад миний хажууд ирсэн байсныг нь би мэдээгүй. Намайг цохисны дараа Ггийн хамраас цус гарсан. Тэгээд би цусыг нь угааж өгөөд Гд хөгшин чинь явлаа гэж хэлээд би гэр рүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Ггийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Оийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Оийн үйлдэл идэвхтэй, хохирогч Ш.Ггийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Оийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 01 дүгээр баг “Шарга морьт” 7-1 тоотод үл ойлголцлын улмаас хохирогч Ш.Ггийн нүүрэн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хамар ясанд хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Оийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ш.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Д.О нь хохирогч Ш.Гтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 42-р тал/, хохирогч Ш.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Оийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”- г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн тэргүүний ажилтан, Хөвсгөл аймгийн Засаг даргын жуух бичиг, Эрүүл мэндийн яамны жуух бичиг, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан тэмдэг, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын өргөмжлөлийн хуулбарууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.О нь ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн Мандалын 8-01 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн улсаас гавъяа шагналаар шагнуулж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Оийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.О нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уовогт Д овогт Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН