Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,                     

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Аын Гт холбогдох эрүүгийн 2038004600358 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Гын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэх мэдүүлэг, эрүүгийн 2038004600358 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь 2020 оны 7 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт 92-65 ХӨА улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, мөн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1-д  заасныг зөрчсөний улмаас Ус суваг ХХК-ны баруун хойд талын явган хүний гарцаар гарч явж байсан явган зорчигч Л.Гыг мөргөж, түүний биед зулайд шарх, сээрний 12 дугаар нугалмайд хугарал, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан  үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Л.Гын өгсөн: “..2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би найз Э, надтай хамт амьдардаг Үүрийнтуяа...Бид гурав голын эрэг дээр наадмын хуушуур идэцгээгээд 0.33 литрийн Хараа нэртэй архи задалж нэг, нэг тойруулж байтал тэнгэр дуугараад бороо орохоор нь тэндээсээ хөдөлцгөөсөн. Тэгээд 21 цагийн орчим 8 дугаар багийн Ус суваг ХХК-ийн хажууд буюу талбайн урд талын засмал замын явган хүний гарцаар би түрүүлээд гарч явахад нэг приус машин хурдтай давхиж ирээд намайг мөргөсөн. Би түүнээс хойш яасан гэдгээ сайн мэдэхгүй байна...Зам тээврийн осолд ороод эмнэлэгт хэвтэн 10 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгээс гарахад Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээнд хамрагд гэсэн бичиг хийж өгсөн. Г 2 удаа ирж уулзсан...100.000 төгрөг болон 2 ширхэг тариа авч өгсөн...Тухайн машин яг замын гол хэсэгт явж байхад ирээд мөргөсөн. ..ослын дараа  машины  жолооч намайг машиндаа  суулгаад эмнэлэгт хүргэж  өгсөн байсан. Шүүх хурлаас хойш  нэлээн их эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 34-35, 231-232-р тал,

Гэрч Л.Сийн өгсөн: “ ..2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр  миний  төрсөн ах  Л.Га нь машинд мөргүүлж гэмтсэн...Би тухайн үед ажил явдалтай байсан учраас 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 17-н цагийн үед том ах Ча над руу утсаар залгаад Га машинд мөргүүлж гэмтсэн байна гэхээр нь Га ах руу юу болсон талаар утсаар асуухад найз хүүхэнтэйгээ хамт явж байгаад машинд мөргүүлсэн. Толгойдоо 8 оёдол тавиулсан. Мөн нуруу өвдөөд байнга хэвтрийн дэглэмд бай гэж эмч нар хэлсэн гээд эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход манай ах толгойдоо оёдол тавиулсан гишгэж болохгүй байна тавхай бяцарсан юм шиг байна гэж хэлсэн. Манай ахыг мөргөсөн Г гээд залуутай уулзахад би ямар буруутай биш би яахаараа та нартай уулздаг юм гээд байхаар нь гуйж байж нэг уулзаад манай ах зүгээр байсан хүн, одоо ямар байдалтай байгааг харалдаа хот руу явж эмчид үзүүлье эхний ээлжид 1.000.000 төгрөг гаргаад өг гэсэн чинь за ярья гээд тэр чигтээ алга болсон. Үүнээс хойш бид нартай холбоо барилгүй 2 сар боллоо. Одоо манай ах хэвтэрт байдаг, би асарч харж байгаа. Манай ах оюутан хүүхэдтэй учир зундаа хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг гагнуур сантехникч хийж олдог юм. Тиймээс энэ хэргийг хуулийн дагуу шийдэж ахыг маань хохиролгүй болгож өгнө үү гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

Гэрч Г.Эийн өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн найз Л.Гыг голын эрэг дээр байна гэхээр нь 5 хуушуур аваад очсон. Намайг очиход Л.Га хамтран амьдрагч Үүрийнтуяагийн хамт 0.33 литрийн Хараа нэртэй архи уугаад архи нь талаасаа доогуур болсон байсан. Тэгээд миний авчирсан хуушуурыг идээд сууж байтал тэнгэр муудаад цахилгаан цахиад байхаар нь гэртээ харъя гээд “Өргөө" зоогийн газрын урдуур гараад явж байтал Га такси барина гээд түрүүлээд явсан. Харин би хамтран амьдрагчийнх нь хамт араас нь юм яриад явж байтал уулзвар дээр Га машинд маш хүчтэй мөргүүлсэн. Миний хувьд Гыг үхчихлээ л гэж бодсон...Машин их л хурдтай явж байх шиг харагдсан Гын хувьд мөргүүлээд маш их нисэлттэй унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р тал/,

Гэрч М.Бий өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байсан байх цагийг нь санахгүй байна. ..Намайг гэртээ байж байхад гар утсанд дуудлага ирсэн. Утсаа авахад Г байна найз нь хүн дайрчихлаа эмнэлэг дээр хүнээ аваад ирсэн байна яах уу гээд сандарсан байдалтай ярьсан. Тухайн үед нь би Гт цагдаад мэдэгдэх ёстой шүү гэж хэлээд утсаа салгаад өөрөө эмнэлэг дээр очсон. Намайг очиход дайруулсан гэх хүний биеийн байдал хэвийн архи уусан нэлээн согтуу байгаа бололтой байсан. Ингээд би эмчтэй нь уулзаж тухайн дайруулсан хүнээс цус аваарай цагдаагаас шалгах байх шүү гэдгийг хэлж цус авахуулсан. Намайг очиход тэр хүн рентгенд  харуулж зураг авахуулж байсан. Тэр хүнтэй  хамт явсан гэх хоёр  хүнтэй үл таних эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй уулзаж  юу болсон талаар тодруулахад “бид хоёроос  түрүүлээд  инээчихсэн гүйж явж  зам гарч  байгаад машинд  дайруулсан, одоо биеийг нь үзүүлээд байж байна” гэсэн. ..тухайн хүн рентгенд харуулаад гараад ирсэн. Дайруулсан хүнтэй өөртөө нь нь уулзахад “би зүгээрээ чи яах гэж ирсэн юм надад гомдол санал байхгүй би цагдаа дуудаагүй гэсэн.”  Ингээд эмнэлгийн гадаа тухайн хүмүүстэй уулзаад зогсож байхад замын цагдаа Б ирсэн...Б Гыг дагуулаад цагдаа руу явсан...”гэх мэдүүлэг, /хх-ийн 234-235-р тал/,

 Гэрч А.Бын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр буюу улсын баяр наадмын хоёр дахь өдөр манай тасаг нэгдсэн эргүүлтэй байж байгаад орой 22 цагийн орчим тараад би гэртээ харих гээд урагшаа алхаад нэгдсэн эмнэлгийн хажуугаар гарч явтал эмнэлгийн хашаан дотор 4-5 хүн зогсож байхаар нь хартал дотор нь цагдаа хувцастай хүн зогсож байсан...Тэгээд би яваад очтол шинжээч Б манай найз хүн дайрсан байна. Нөгөө хүнийх нь бие зүгээр юм шиг байна, гомдол саналгүй гэж байна гэсэн. Тэгэхээр нь би за за ямар ч байсан жолоочийг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь шалга гээд цагдаа руу дагуулж яваад эрүүлжүүлэх байранд оруулж согтуурлын зэрэг шалгах багажаар шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд би гэр рүүгээ явсан...намайг хүн дуудаагүй эмнэлгийн хажуугаар гарч яваад таарсан. Манай гэр Мөрөн сумын 13 дугаар хороонд эмнэлгээс жаахан уруудаад байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 236-237-р тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 387 дугаартай: “...Л.Гын биед зулайд шарх, сээрний Ш-12 нугалмайд хугарал, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Л.Гын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 49-р тал/,

Мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн: “...жолооч А.Г  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1-д  заасан “явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон  ирсэн жолооч  хурдаа хасаж, уг гарцаар  гарч байгаа  болон гарахаар  завдаж байгаа  явган  зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус  зөрчсөн байна.” гэх магадалгаа /хх-ийн 239-240-р тал/,  

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ий 7-р тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р тал/,

 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-р тал/,

 Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-19-р тал/,

 Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 21-р тал/,

 Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 22-23-р тал/ Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 23-р тал/

Шүүгдэгч А.Гын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би 92-65 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2 дугаар хороонд аавын дүү Амараа ахыг хүргэж өгөөд 21-н цагийн үед гэр рүүгээ буцаад явж байсан юм. Тэгээд талбайн урдуур явж байтал нэг хүн урдуур гараад ирсэн. Тухайн үед бол гадаа их ширүүн бороо орж байсан болохоор би хурдаа хасаад явж байсан юм. Тэгтэл гэнэт урдуур хүн гараад ирэхээр нь тоормозоо гишгээд тойрч гарах гэтэл тухайн хүн гүйгээд мөргүүлчихсэн юм. Машины урд хэсгээр мөргөсөн. Тухайн хүн газарт унахаар нь эмнэлэгт хүргэж өгсөн юм. Тэр хүн толгойдоо оёдол тавиулсан. Би эмнэлгийн зардал болон эмчилгээний мөнгө болон эмнэлэгт хэвтүүлээд хувцас авч өгөөд нийт 400.000 төгрөг зарцуулсан. Тухайн үед тэр хүн надаар архи авахуулж уугаад одоо гомдолгүй гээд гэртээ хүргүүлсэн. Тэр хүн тухайн үед эмэгтэй, эрэгтэй хүнтэй хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Га, гэрч Г.Э, Л.С, М.Б, А.Б нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч А.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.Г жолоодож явсан; аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон  ирсэн жолооч  хурдаа хасаж, уг гарцаар  гарч байгаа  болон гарахаар  завдаж байгаа  явган  зорчигчид зогсож зам тавьж өгөх арга хэмжээ аваагүйн улмаас явган зорчигчийг мөргөж уг осол гарсан болохыг шууд болон шууд бусаар гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн магадалгаанаас үзэхэд зам тээврийн осол гарахад шүүгдэгч А.Гын аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон  ирсэн жолооч  хурдаа хасаж, уг гарцаар  гарч байгаа  болон гарахаар  завдаж байгаа  явган  зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Гын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Гын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч А.Г нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэсэн байна, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Гын үйлдэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч А.Г, хохирогч Л.Га нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эвлэрлийн гэрээ  /хх-ийн 246 тал/ байгуулан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3500000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний  өдрийн дотор 1500000 төгрөг  төлж барагдуулахаар  харилцан тохиролцож, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3500000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 27-ны  өдөр 1500000 төгрөгийг тус тус төлж барагдуулан баримтыг хэрэгт хавсаргаж, гэм хорын хохирлыг арилгасан байна.  Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч А.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Гыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Л.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Гын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 10-22 тоотод оршин суудаг  зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 76-79 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг  үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Прокурорын  2021 оны 09 дүгээр сарын 16-ны  өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 92-65 ХӨА улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хүдрэнт шүтээн” ХХК-ийн захирал Ч.Баасанжавт хариуцуулан битүүмжилсэн бөгөөд прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч А.Гт буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан Мягмар гэсэн хаягтай дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт үлдээж, №749260 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Аын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 92-65 ХӨА улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч А.Гт  буцаан олгосугай. 

6. Эрүүгийн 2038004600358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мягмар гэсэн хаягтай дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт үлдээхийг, №749260 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн 2038004600358 дугаар хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.ДӨЛГӨӨН