Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

                Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Иргэний нэхэмжлэгч Б.Амарбат, Шүүгдэгч Г.З-н өмгөөлөгч П.Буманзаяа, Шүүгдэгч А.О-н өмгөөлөгч Б.Б-ч /цахимаар/, Шүүгдэгч А.О-н өмгөөлөгч Д.Даваахүү, Шүүгдэгч Г.З-н, Шүүгдэгч А.О-н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Могоочин овогт Гансүхийн З-н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайван овогт А-н -р нарт холбогдох эрүүгийн 2033000310014 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой/уншиж чадна, бичиж чадахгүй/, мэргэжилгүй, Дэр бетон үйлдвэрийн амралтын бригадын сахиул ажилтай, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Орхон сум 2 дугаар баг, Цант толгой гэх газар оршин суух, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3/83 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар, Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2.880.000 торгох ялаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны 2018/шцт/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны 2019/шцт/75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Могоочин овогт Гансүхийн З-н /РД:МЙ0000000/. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багт оршин суух, Тайван овогт А-н -р /РД:ОК000000/.Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Г.З-н, А.О-н нар нь бүлэглэж 2020 оны 03 дугаар сарын 12-ноос 2020 оны 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс тус сумын иргэн Ц.Балжиннямын олон тооны буюу 5 тооны адууг хулгайлан Ц.Балжиннямд 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.З-н, А.О-н нар нь бүлэглэж 2020 оны 03 дугаар сарын 12-ноос 2020 оны 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс тус сумын иргэн Ц.Балжиннямын олон тооны буюу 5 тооны адууг хулгайлан Ц.Балжиннямд 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч А.О-н өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 11-ний орой Зуунтаа ах над руу гурван үрээгээ алдсан гээд ярьсан. Нэг нь азарган үрээ байсан. Гурван үрээ харагдсан уу? гэж асууж байсан. Тэгсэн 3 үрээ нь Орхон голын хажууд байсан. Тэгээд Зуунтаа ахад энд байна гэж хэлсэн чинь чи над руу наад хэдээ дөхүүлээд өгчих гэж хэлсэн. Тэгээд би дөхүүлж өгөнгөө Зуунтаа ахаас өөр азарган үрээ авахаар болсон байсан. Тэрний өртөгт нь нэг гүү өгнө гээд хэлчихсэн байсан. Тэгэхэд Ц.Балжинням гуайн адуу Дэрстэйд ороод ирчихсэн байсан. Тэр адуунаас нь нэг гүүг нь салгаж хөөх гэсэн боловч салахгүй байсан. Азарган үрээ нь салгаж авчхаад нөгөө хэдийгээ салгахгүй байсан. Тэгээд би Зуунтаа ах руу туугаад Баардаа гэх уул давуулж хаясан. Тэгээд нэг адууг нь та аваад бусдыг нь гаргачхаарай. Наана чинь хүний адуу шүү гэж хэлсэн. Хохирогчид адуугаа эрж хайсан шатахууны мөнгө гээд 2.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, “ Шүүгдэгч Г.З-н өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 08 юм уу 09- нд би Оджавхлан, Идэржавхлан гэх ах дүү хоёрын 200 гаруй адуу малладаг байсан. Тэгсэн 3 азарган үрээг өвөлжингөө тэжээчхээд хавар өвс тэжээлтэй болохоор нь гаргачихсан. Гэтэл алга болчихсон. Тэгээд сураглаж хайгаад олдохгүй болохоор нь А.О-н руу утсаар ярьсан. Гурван үрээ гаргасан. Хайгаад олдохгүй байна. Наагуур чинь харагдана уу? гэж асуусан. Тэгсэн маргааш нь залгаад энд ороод ирсэн байна гэхээр нь би “чи завтай бол нааш нь дөхүүлээд хаячхаач” гээд гуйсан. А.О-н би одоохондоо зав муутай байна, завтай болохоор дөхүүлж өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш оройн А.О-н залгаад та хаана байгаа юм бэ? гэж асуусан. Тэгэхэд нь би Орхонтуул явчихсан байсан. Тэгээд энд байна гэхээр нь чи дөхүүлээд өгчхөөч гэж хэлчхээд байж байсан чинь орой 19-20 цагийн үед над руу залгаад би адууны чинь зах руу Баардаа давуулаад хаячихлаа гэж хэлсэн. Би гэрээсээ хол явсан болохоор маргааш очоод авчихъя гэж хэлсэн. Тэгээд маргааш нь очиход манай адууны зах дээр манай 3 үрээтэй 5 гүү нийлчихсэн байсан. Тэгэхээр нь адуутайгаа хөөж оруулж ирээд 5 гүүг нь гаргаж хөөгөөд 3 үрээгээ аваад үлдсэн. 5 гүүг нь гаргачихсан чинь О.Тамир гэх залуугийн 2, 3 гүүтэй нэг азарга байсан. Тэр азарга хураагаад авчихсан байсан. А.О-н надаас нэг азарган үрээ авна гэж яриад байсан. Сүүлд нь А.О-н руу утсаар ярьсан чинь азарган үрээнийхээ өртөгт нэг унагалах гүүг нь авчих. Нөгөө дөрвөн нь хүнийх юм байгаа шүү гэсэн. Би тухайн үед банкны мөнгөтэй байсан. Тэгээд нэг унагалах гүүг нь аваад адуу цуглуулж байгаа хүнд зарчихсан. О.Тамир гэх залуугийн адуунаас хөөж авч ирээд нэг гүүг нь аваад бусдыг нь хөөгөөд гаргасан. Тэгсэн О.Тамир гэх залуугийн хонгор азарга хурааж авчхаад тавихгүй байсан. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг,Иргэний нэхэмжлэгч Б.Амарбатын өгсөн “...Мэдүүлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. 2.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, Хэрэг бүртгэлтэд: 1.Хохирогч Ц.Балжиннямын “...Миний өөрийн эзэмшлийн 5 тооны адуу манай хүргэн Төгсжаргал гээд залуугийн маланд байдаг юм. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай хүргэн адуугаа бэлчээрт гаргаад явуулсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр адуугаа эргэж харахад 5 тооны адуу байхгүй байсан гэсэн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өдийг хүртэл Сэлэнгэ аймгийн Номгон тосгоны Дэрст булан, Зоосын өвөлжөө, Хавцал гэх газруудаар хайж байна одоог хүртэл сураг чимээгүй байгаа учраас хулгайд алдсан гэж үзэж байна. Сартай хүрэн байдас /ширээтэй дором тамгатай/, бор гүү /саран тамгатай/ сайн ажиглаад харвал духны голдоо сартай /сарвайтай/ ширээтэй дором тамгатай нэг нүд нь цагаантай, зурвас халзан, /хар гүү/ дугуй дотор хас тамгатай, халтардуу/, хар даага ширээтэй дором тамгатай нийт 5 тооны адуу. 2020 оны 03 дугаар сарын 08-ний өдрөөс 09-ний өдрийн хооронд алдсан гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны Баяндаваа гэх газраар бэлчдэг байсан хариулгатай байсан. 2 том гүүгээ нэгийг нь 800.000 төгрөгөөр, хүрэн байдас нь 700.000 төгрөгөөр, хар байдас нь 600.000 төгрөгөөр, даага нь 500.000 төгрөгөөр үнэлж байна. 5 адууг маань хулгайлсан хүнийг олж, барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 31-32 хуудас/, 2.Иргэний нэхэмжлэгч Б.Амарбатын “...А.О-н нь миний дунд хүү байгаа юм. А.О-н унаж явсан хонгор морь малын А дансаар миний нэр дээр байдаг бас тохож явсан орос эмээл суран хазаар нь минийх байгаа юм. Манай хүү А.О-н нь тухайн хонгор морийг унаж адуу малдаа явдаг байсан болохоор хулгай хийж байна гэж мэдээгүй. Би хонгор морио 500.000 төгрөгөөр үнэлж байна, байнга адуу малд унадаг болохоор туранхай байгаа бас эмээл нь хуучин орос эмээл болохоор 50.000 төгрөг, харин суран хазаарыг 10.000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн хонгор зүсмийн морь, орос эмээл, суран хазаарыг буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 58 хуудас/, 3.Иргэний нэхэмжлэгч Н.Норовсүрэнгийн “...Г.З-н надад гүү өгнө гээд 850.000 төгрөгийг урьдчилаад авчихсан байсан юм. Тэгээд манай нөхөр тэр хавиар явж байгаад Г.З-нгаас нэг гүү авчихсан гэж ярьж байсан. Би хулгайн адуу мал гэж мэдээгүй. Би Г.З-нд шилжүүлсэн 850.000 төгрөгөөр авчихсан. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 57-58 хуудас/, 4.Гэрч Б.Пүрэвдоржийн “...2019 оны намар санагдаж байна. Зүс таних Орхон сумын харьяат барсаа гэх залуу манай эхнэр рүү утсаар залгаад 1.600.000 төгрөгийг хэрэг байна. 2 адуу зарах гэсэн юм гэхээр нь мөнгийг нь тухайн үед шилжүүлж өгөөд дараа нь махны ханш өсөхөөр адуугаа авахаар тохирсон юм. Тэгээд тэрнээс ч хойш мал махны үнэ ханш өссөнгүй Барсаагаас очиж 2 адуугаа авъя гэж бодоод 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн эзэмшлийн 65- 32 ДАХ улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Дархан-Уул аймгаас гарсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалайгийн наад талын бригад дээр ирээд Барсаатай хамт нэг айлд орсон. Тэгээд гаднаас бас нэг танихгүй залуу ирээд эндээс нэг хар гүү ав тэгээд өөр газраас дахиад нэг адуу аваарай гэхээр нь би өөр газраас авахгүй ээ ямар ч юм өгчих юм билээ гэсэн чинь адуунаасаа дахиад нэг хүрэн гүү барьж өгсөн. Тэндээсээ шууд Орхоны гүүр ороод Зуунтай гээд бас урьд өмнө нь мал мах авч байсан залуутайгаа утсаар холбогдоод миний эзэмшлийн нэг байдас Зуунтайгийн адуунд байдаг байсан тэрийгээ авангаа дахиад нэг хээлтэй адуу авъя бэлдээд байж байгаарай гэсэн чинь Орхоны гүүрний наахан талд айлын гадаа саарал гүү, цагаан хамартай хул байдас 2 бариад уячихсан байсан. Тэрийгээ ачиж аваад шууд Хушаат сум руу гэр лүүгээ явсан.Барсаагаас авсан 2 тооны адгуу 1.600.000 төгрөгөөр, Зуунтайгаас 1 адууг нь 850.000 төгрөгөөр, нөгөө адууг нь өнгөрсөн намар орхисон байсан байдасныхаа оронд авсан. Хар гүү зүүн гуяндаа тамгатай ямар гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Хүрэн гүү зөв гуяндаа тамгатай хар гүүтэйгээ адил тамгатай байсан. Хул гүү зөв гуяндаа саран дээр цагаан үсгээр “А” үсгэн тамгатай, саарал гүү зөв хаандаа чойндон тамгатай, зөв гуяндаа бас чойндон тамгатай байсан нийт 4 адуу байсан. Бэлэн далайгийн наад талын бригадаас Батсайхан гэх залуугийнхаас зөв гуяндаа тамгатай ямар гэдэг нь мэдэгдэхгүй байсан Хар гүү, Хүрэн гүү зөв гуяндаа тамгатай хар гүүтэйгээ адил тамгатай 2 адууг нь авсан. Нөгөө 2 адууг нь Орхон голын гүүрний наахан талд  Зуунтайгийн найз Одхүү гэх залуугийн гаднаас авсан тэгээд өөрийн эзэмшлийн 65-32 ДАХ улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэл дээрээ ачаад Хушаат сум руу Сант сумын нутгаар дамжиж явсан..., ...би бүр авахдаа хулгайн юм биш биз дээ гэж Зуунтайгаас асуусан чинь юу гэж тийм зүйл байхав дээ гэж хэлээд өгсөн. Орой болчихсон болохоор гарал үүслийн бичиг авч амжаагүй юм. Одхүү гэх найзынхаа гадаа уяад бэлдчихсэн байсан...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 78-79/, 5.Гэрч О.Тамирын “...2020 оны 03 дугаар сарын 10-ны орчим санагдаж байна. Өглөө гэрээсээ 10 цагийн орчим гараад адуугаа хайлаасны захаар хайгаад олдохгүй болохоор нь Орхон сумын төв рүү орж ирээд байж байсан чинь Зуунтай ах сумын төвд явж байхаар нь манай адууг харсан уу гээд асуусан чинь ах нь азаргаа шахаад нийлүүлчихсэн шүү энэ жилдээ танай хул азаргатай байж байг гэж хэлсэн. Тэрнээс хойш Зуунтай ахын 5 тооны адуу манай хул азарганд байж байгаад өнөө өглөө үзэхэд нэг хар саарал гүү нь байхгүй байсан. Тэр гүүгээ Зуунтай ах өөрөө хүнд өгсөн байх гэж бодож байгаа. Өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр намайг айлд юм хийгээд байж байсан чинь хамт байсан Наран-Уул гэх залуу чамтай ярья гэнэ ээ гэхээр нь утсыг нь авсан чинь Зуунтай ах байсан. Тэгээд чи миний мотоциклийг авч ирэхдээ хул азаргатай адуугаа урагшаа Одхүүгийн гадаа аваад ирээч гэхээр нь би шууд мотоциклийг нь аваачиж өгөөд өрөөр нь гэр лүүгээ хүргүүлсэн. Тэгсэн чинь цаг ч болоогүй над руу Зуунтай ах залгаад хул азаргатай адуугаа Одхүүгийн гадаа аваад ирээрэй гээд байсан. Тэгэхээр нь би за за гэж хэлчхээд очоогүй. Дахиад залгаад байхаар нь утсаа аваагүй унтаад өгсөн. “...2020 оны 03 дугаар сарын 10-ны орчим санагдаж байна. Анх нийлүүлэхдээ надад хэлээгүй би нэг таараад адуугаа сураглаж байгаад л манай хул азаргатай адуунд 5 гүү нийлүүлсэн талаар мэдсэн. Хэнийх гэдгийг нь би мэдэхгүй ямар ч байсан манай энэ хавийн адуу биш байсан надад хэлэхдээ миний л адуу гэж хэлж байсан. Бүгдээрээ чойндон зураас татаад ширээ тамгатай,цавьдар гүү, 2 хар саарал гүү, нэг сарвай, бор гүү нийт 5 тооны адуу байсан. Одоо манай адуунд 4 тооны гүү нь байгаа..., ...Уржигдар буюу 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тоолоход тоо ёсоороо байсан юм. Маргааш өглөө нь очоод харахад байхгүй байсан..., ...2020 оны 03 дугаар сарын 14, 15 орчим байсан санагдаж байна. Би өөрийнхөө адууг хайгаад явж байтал миний хул азаргатай адуу нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Наадмын талбайн зүүн талд байхыг олсон. Тэгсэн манай хул азаргатай адуунд нэг зээрд халзан байдас, хоёр халтар гүү, цагаан бор гүү, хар сарваатай нийт 5 тооны адуу нийлчихсэн байсан. Би тухайн адууг огт харж байгаагүй, танихгүй адуу байсан. Тэгээд З-н ах урьд өдөр нь надад “ах нь хүнээс таван гүү авч ирсэн тэгсэн танай адуунд нийлчихсэн байна гэж хэлснийг санаад” тэр адуунууд нь л байна даа гэж бодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 80-81 хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 3-5 хуудас/, 6.Гэрч Н.Норовсүрэнгийн “...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тохирсон ёсоороо адуугаа авах гээд Хөтөл рүү манай нөхөр явсан. Тэгээд ирэхдээ 4 тооны адуу ачаад 22-23 цагийн орчим ирсэн. ...2 адууг нь Орхон сумын З-н гээд залуугаас би авлагатай байсан тэрэндээ бодож авсан юм шиг байна лээ. ...2019 оны хавар би нэг байдсаа Зуунаагийн адуунд тавьсан байсан. Тэрийгээ авсан.2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1 адуу зармаар байна гээд надаас 850.000 төгрөг авсан байсан юм. Тэр хоёр адуугаа л очиж авсан. ...Хаан банкны харилцах данстай 5684006122 гэсэн данс байсан. Саранчимэг гэдэг хүний 5048206477 тоот данс байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 82-83 хуудас/, 7.Гэрч М.Цасбаатарын “...С.Одхүүгийн гэрт очиж мөн өөрийн эзэмшлийн буурал зүсмийн морио ачиж байхад З-н над дээр ирсэн. З-н надад хонгор азаргаа үлдээчих оронд нь байдас өгье гэж надад хэлэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Тэгвэл Жороо хул даагаа надад наймаалцчих би чамд байдас өгье гэж надад хэлэхээр нь би багтахгүй учир хэрэггүй биз дээ гэж хэлээд явсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 84 хуудас/, 8.Гэрч С.Одхүүгийн “...2020 оны 03 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тухайн өдөр би Баруунбүрэн сум орчхоод Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Цант гэх газарт гэртээ иртэл гэрийн гадаа адууны хашаан дотор хар ногоон зүсмийн гүү уяатай байсан. Тэгээд би эхнэрээсээ асуутал Г.З-н авч ирж уясан юм гэж хэлсэн. Тэгээд З-н дахиад нэг унагатай гүү барьж хүнд өгч явуулах гэж байгааг мэдээд би тэр унагалах байдсыг чинь аваад оронд нь сувай байдас өгье гээд өөрийнхөө адууг тууж ирээд хул зүсмийн өсгий цагаан байдас барьж өгсөн. Тэгээд манай гэрийн гадаа ногоон гүүтэй хамт уяатай байлгаж байгаад орой нь Дарханаас нэг танихгүй хүн ирээд ачаад аваад явсан. З-н надад нэрийн учрыг нь хэлээгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 1-2 хуудас/, 9.Гэрч Ю.Т-н “...Маргааш буюу 2020 оны 03 дугаар сарын 08-ний өдөр их шуураад байсан, адуугаа харж чадаагүй. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр адуугаа хайсан боловч олоогүй. Тэгээд 5-6 хоногийн дараа Ширээ нурууны тийшээ Хараа голын тэнд манай адууны сураг гараад яваад очтол Балжинням гуайн 5 тооны адуу байхгүй болчихсон байсан. Бусад нь бүрэн байсан. Тэгээд би Номгон, Хараа гол, Хавцал гэх газруудаар хайсан. Тэгээд гүүнүүд болох 5 адуугаа миний алаг азаргатай адуунд тавьчихсан байсан. Харин адуу алдагдах үед би алаг адуугаа бариад уначихсан байсан болохоор адуунаас салаад явсан байх...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 6-7 хуудас/, 10.Таньж олуулах ажиллагаа явуулсан 2020 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 3-8 хуудас/, 11.2020 оны 03 дугаар сарын 08-ний өдрийн эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 9-10 хуудас/, 12.Мал амьтан хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 11-12 хуудас/, 13.Г.З-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 144-146 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн талаараа урьдчилан тохиролцсон болох нь шүүгдэгч А.О-н “...Ц.Балжинням гуайн адуу Дэрстэйд ороод ирчихсэн байсан. Тэр адуунаас нь нэг гүүг нь салгаж хөөх гэсэн боловч салахгүй байсан. Азарган үрээ нь салгаж авчхаад нөгөө хэдийгээ салгахгүй байсан. Тэгээд би Зуунтаа ах руу туугаад Баардаа гэх уул давуулж хаясан. Тэгээд нэг адууг нь та аваад бусдыг нь гаргачхаарай. Наана чинь хүний адуу шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.З-н “...орой 19-20 цагийн үед над руу залгаад би адууны чинь зах руу Баардаа давуулаад хаячихлаа гэж хэлсэн. Би гэрээсээ хол явсан болохоор маргааш очоод авчихъя гэж хэлсэн. Тэгээд маргааш нь очиход манай адууны зах дээр манай 3 үрээтэй 5 гүү нийлчихсэн байсан. Тэгэхээр нь адуутайгаа хөөж оруулж ирээд 5 гүүг нь гаргаж хөөгөөд 3 үрээгээ аваад үлдсэн. 5гүүг нь гаргачихсан чинь О.Тамир гэх залуугийн 2, 3 гүүтэй нэг азарга байсан. Тэр азарга хураагаад авчихсан байсан. А.О-н надаас нэг азарган үрээ авна гэж яриад байсан. Сүүлд нь А.О-н руу утсаар ярьсан чинь азарган үрээнийхээ өртөгт нэг унагалах гүүг нь авчих...” гэж хэлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч А.О-н шүүгдэгч Г.З-нтай тохиролцож адууг Бардаа ул давуулж орхисон бөгөөд хулгайн үйлдлийг шүүгдэгч Г.З-н үргэлжлүүлэн нэг тооны адууг бусдад зарж борлуулснаар төгс үйлдэгдсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцогсод бөгөөд урьдаас утсаар ярилцаж тохиролцон үйлдлээрээ нэгдсэн бүлэг гүйцэтгэгчид байна. Шүүгдэгч А.О-н өмгөөлөгч Д.Даваахүү, Банзрагч нар нь “А.О-н ганцаараа бусдын нэг тооны адуу хулгайлсан гэж байгааг, шүүгдэгч Г.З-н өмгөөлөгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдэгдээд дууссан хойно нэг адуу зарсан Г.З-н үйлдэл мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж байгаа” нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй тул хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд энэ хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан нь дээрх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болсон байна. Дээрх байдлыг дүгнээд шүүгдэгч Могоочин овогт Гансүхийн З-нг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Тайван овогт А-н О-й бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Тайван овогт А-н О-г бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Могоочин овогт Гансүхийн З-нтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар : Хохирогч Ц.Б-н 5 тооны адуу хулгайд алдагдаж 4.700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд адуугаа эрж хайхад 3.064.000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргасан. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх 5 тооны адууны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны байдлаар 4.700.000=00 /дөрвөн сая долоон зуун мянган/ төгрөг байна. Хавсралт №01/. Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон “Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн №071200029 тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх 5 тооны адууны зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаа хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 15-17 хуудас/-аар алдагдсан адуунуудын өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Хохирогч Ц.Балжинням нь 5 тооны адуугаа бүрэн хүлээж авсан болох нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хар зүсмийн хуучин дармал дэлтэй хаан дээрээ ширээ дором, гуя дээрээ хас тамгатай 10 настай үрээг хүлээлгэн өгсөн 2020 оны 04 дүгээр сарын 09- ний өдрийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 29-30 хуудас/ зэргээр нотлогдож байна. Хохирогч Ц.Балжинням нь адуу эрж хайсны зардалд 3.064.000 төгрөг нэхэмжилснээс 2.500.000 төгрөг болгон хохирлоо барагдуулж авсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар хуудаст авагдсан хохирогч Ц.Балжинням, өмгөөлөгч Б.Цэдэндамба нарын “...Хохирогч Балжинням би хулгайд адуугаа алдаад эрж хайсан зардал бензин шатахууны үнэ, бэр Өлзийсүрэнгийн машинаас адуу хайж яваад мотор цохигдож мотор солиулсан үнэ төлбөр зэргийн нийт 3.600.000 төгрөгийн бодит бус хохирол гарснаас 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн хэрэг үйлдсэн этгээдүүд 2.500.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн учраас ямар нэгэн гомдол байхгүй. Дахин хулгай хийхгүй байх талаар нь анхааруулж хөнгөн ял оноож өгнө үү. Одоо дахин нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй...” гэх хүсэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нар нь хохирогч Ц.Балжиннямд төлөх төлбөргүй байна. Хохирлын 2.500.000 төгрөгийг А.О-н төлсөн гэж байгаа боловч шүүгдэгч Г.З-нгаас төлсөн гэх хохирлын талаар нэхэмжлээгүй болно. Иргэний нэхэмжлэгч Н.Норовсүрэнд зарсан адууны үнэ 850.000 төгрөгийг шүүгдэгч Г.З-н төлж барагдуулсан болох нь Н.Норовсүрэнгийн “Би Г.З-нд шилжүүлсэн 850.000 төгрөгөө авчихсан одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Нэмж авах зүйл алга...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 68-р хуудас/, Иргэний нэхэмжлэлийн хувьд шүүгдэгч нар нь хулгайлсан малаа тоо ёсоор нь хохирогчид буцаан өгч хохиролгүй болгосон, эрж хайсан зардлыг төлсөн, иргэний нэхэмжлэлд учирсан хохирол төлөгдсөн тул бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хариуцлагын талаар : Шүүгдэгч Г.З-н, А.О-н нарыг бусдын олон тооны мал хулгайлсан гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөнийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. Шүүгдэгч А.О-н нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 19 нас 6 хоногтой байсан. Шүүгдэгч А.О-н нь эцэг эхийн хамт мал маллаж амьдардаг. Хэдийгээр 18 насанд хүрсэн байгаа ч олон нийтийн дунд орж ажиллаж үзээгүй, гэмт хэрэг үйлдэх түүнээс учрах хор уршгийг ойлгох чадвар бүрэн тогтож төлөвшиж чадаагүй байсан байна. Иймд нийгмээс тусгаарлаж биш эцэг, эхийн хараа хяналтад хүмүүжүүлэх нь шүүгдэгч А.О-н цаашдын хүмүүжилд илүү үр дүнтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч А.Отгонбаярт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1- д зааснаар өсвөр насны шүүгдэгч гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж 01 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Отгонбаярыг нэг жилийн хугацаанд өөрийн хараа хяналтдаа байлгахыг төрсөн эцэг Б.Амарбатад даалгасан болно. Шүүгдэгч А.О-н нь эцэг, эхийн хамт мал маллаж амьдардаг байдал нь хөдөлмөр хийж хүмүүжих бүрэн боломжтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх шаардлагагүй байна. Шүүгдэгч Г.З-н урьд өмнө 4 удаа ял шийтгүүлсэн бөгөөд 2001 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасан гэмт хэрэгт 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 01 жилээр ял эдлэхийг хойшлуулсан, 2013 оны 09 сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 960.000 төгрөгийн торгуулийн ял, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.880.000 төгрөгийн торгох ял оногдуулсан ял шийтгэл зэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 –т зааснаар ялгүй болсон байна. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр, 2019 оны 12 сарын 20-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулсан. Энэ ялыг биелүүлсэн байна. Дээрх гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тул анх удаа ял шийтгэлтэй, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.З-нд 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэлээ. Шүүгдэгч А.О-н хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан хонгор зүсмийн морь төмөр бүүрэгтэй эмээл, суран хазаар зэрэг нь иргэний нэхэмжлэгч Б.Амарбатын эд зүйл болох нь иргэний нэхэмжлэгчийн мөрдөн байцаалтад өгсөн “... А дансаар миний морь” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнийн 560.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж 280.000 төгрөгийг шүүгдэгч А.Отгонбаяраас, 280.000 төгрөгийг шүүгдэгч Г.З-нгаас тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хонгор зүсмийн зөв гуяндаа ширээтэй дором тамгатай морь, төмөр бүүрэгтэй хуучин орос эмээл, суран хазаарыг иргэний нэхэмжлэгч Б.Амарбатад буцаан олгож шийдвэрлэлээ. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн СД-ийг хэргийн хамт хадгалахыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.З-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Могоочин овогт Гансүхийн З-нг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Тайван овогт Амарбатын Отгонбаяртай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Тайван овогт А-н О-г бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Могоочин овогт Г-н З-нтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч А.О-т 02 жилийн хорих ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар өөрийн хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эцэг Б.А-д даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.З-нд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Г.З-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.З-нгаас 280.000 төгрөг, шүүгдэгч А.О-с 280.000 төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлогод оруулсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хонгор зүсмийн зөв гуяндаа ширээтэй дором тамгатай морь, төмөр бүүрэгтэй хуучин орос эмээл, суран хазаарыг иргэний нэхэмжлэгч Б.А-д буцаан олгосугай.

 8.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг хавсаргагдаж ирсэн СД-ийг хэргийн хамт хадгалах зэргийг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.З-нд авсан цагдан хорих, шүүгдэгч А.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА