Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/185

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бын Бт холбогдох эрүүгийн 2138000000198 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад тайлбар мэдүүлэг өгсөн.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Б.Быг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гэрэл пабын гадна иргэн Б.Дтай үл ойлголцлын улмаас нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж  түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Эрүүгийн 2138000000198 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гэрэл пабын гадна иргэн Б.Дын нүүрэн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хамар ясанд хугарал, хамрын зөөлөн эдэд няцралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 

Хохирогч Б.Дын гэрчээр өгсөн: “...Би ажлынхаа хоёр залуу, эхнэрийн хамт дөрвүүлээ 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой 21 цагийн үед Мөрөн сумын 9-р хороонд байдаг Гэрэл нэртэй пабад очиж юм ярьцгааж сууцгаасан юм. Тухайн үед эсрэг талын ширээнд 3 залуу сууж пиво уугаад сууцгааж байсан. Би эхнэртэй нэг бөгж авсан байсан юм. Тэр бөгжөө өгөх гээд тэр гурван залууд хандаж би эхнэртэй бөгж өгөх гэсэн юм. Та гурав алга ташаад хамт байлцаад өгөөч гэсэн чинь тэгье гээд зөвшөөрсөн. Тэгээд би эхнэртэй бөгжөө өгөөд бид нар баяр хөөр болоод би тэр гурвын авсан байсан нэг пивоны мөнгийг төлөхөөр болсон байсан юм.  Тэгээд бид нар тэндээ пиво ууж байгаад паб хаах болоод гарах үед тэр гурван залуу барментай нь тооцооны мөнгөн дээрээс болж маргалдаад байхаар нь би тооцоог хийчихсэн манай найз тооцоог чинь зохицуулчихна гээд маргалдаад зогсож байсан өндөр залууг нь би аваад гарсан санагдаж байгаа юм. Би тухайн үеийн асуудлыг хагас дутуу санаад байгаа. Тэгж гараад тэр өндөр залуутай маргалдаад тэр өндөр залуу намайг зодсон юм шиг байгаа юм. Би нэг цохиулаад ухаан алдсан юм шиг байгаа юм. Манай найзууд гараад ирэхэд би зодуулсан хэвтэж байсан гэсэн. Тэгээд найзын маань эхнэр цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. Тэгээд нөгөө гурван залууг аваад цагдаа нар явсан. Бид нар цагдаа дээр цуг ирсэн ирээд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

Хохирогч Б.Дын  өгсөн:  “...Б.Б бид хоёр харилцан тохиролцож, эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Би Б.Баас эмчилгээний зардалд 1.700.000 төгрөгийг авч, хохиролгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р  тал/,

Гэрч Б.Аын өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны орой би найз Бтэй уулзаад Мөрөн сумын 9 дүгээр багт байдаг Гэрэл нэртэй пабад орж суугаад Б гэж найзыгаа дуудаад тэндээ гурвуулаа пиво авч уугаад сууж байхад гаднаас нэг хүүхэнтэй 4 залуу орж ирээд бид нарын хажуу талын ширээнд сууцгаасан. ... Тэгсэн нэг залуу нь бид нар дээр ирээд дүү нар манай найз эхнэрээ гуйх гээд бөгж өгөх гэж байгаа юм та гурав бид нартаа хамт тойрч зогсож байгаад алга ташаад баяр хүргээд өгөөч гэхээр бид нар тэгье гэж зөвшөөрөөд бөгжийг нь эхнэрт өгсөн. Тэгээд ширээ ширээндээ буцаад бид нар сууцгаасан байхад тэд нартай хамт явсан нэг залуу нь бид нарт баярласан талархсанаа хэлээд нэг том пиво авчирч, бид нарын ширээнд дээр тавьсан. Тэгээд удалгүй тэр газрын хаах цаг нь болоод гарах болоход нөгөө талын ширээнд сууж байсан эхнэртээ бөгж өгсөн залуу манай найз Б хоёр бид нараас түрүүлээд пабаас гарсан. Б бид хоёр уусан пивоныхоо тооцоог хийчихээд гарахад Бтай хамт гарсан залуугийн хамарнаас нь цус гарсан байдалтай зогсож байсан. Тэгсэн хамт явсан хүмүүс нь цагдаа дуудна гэж байсан Б энэ залуутай маргалдаад намайг эхлээд цохихоор нь би цочсондоо нэг цохисон чинь ийм болчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Х.Бийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны орой хамт ажилдаг Д, түүний эхнэр М, Н, Б гээд найзуудтайгаа Мөрөн сумын 9-р багт байдаг Гэрэл нэртэй пабад орж пиво ууцгаасан бид нар анх орохдоо халамцуу орцгоосон. ... Тухайн үед Д нь эхнэртэй бөгж өгнө гэж байсан. Тэгэхэд бид нарын хажуу талын ширээнд гурван залуу сууж пиво ууж байсан. Д тэдний ширээнд ганц пиво авч өгсөн. Эхнэртэй бөгж өгөхөд баяр хүргэж хамт байсан гээд баярласан сэтгэлээ хэлж өгсөн байсан. Тэгээд паб хаах болоод тооцоо хийх үед нөгөө талын ширээнд сууж байсан залуучууд пивоны тооцоо хийгээгүй байна гээд зөөгч нь хэлж байсан. Бид нарыг тооцоо хийж байх хооронд Д гадагшаа гараад явсан байсан. Тэгээд бид нар араас нь гарч ирэхэд Дыг нөгөө талын ширээнд сууж байсан нэг залуу нь зодсон бололттой Дын хамар, нүүрнээс нь цус гойжсон байдалтай зогсож байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Гэрч М.Бийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны орой 08 цагийн үед найзууд болох Д, М, Н гээд Дын найз бид нар Мөрөн сумын 9-р багт байдаг Гэрэл нэртэй пабад орж пиво уусан. Тэнд ууж байхдаа Б.Д нь эхнэрдээ хурмын бөгж өгнө гэж бид нар ярилцсан байсан юм. Тэгээд тэндээ ороод бөгжийн өгөх үед хажуу талын ширээнд сууж байсан гурван залуу ирээд бид нартай хамт бөгжийг нь өгсөн юм. Тэгээд удалгүй тэр орсон пабын хаах цаг нь болоод би тооцоо хийх гэж очсон чинь 13,000 мянган төгрөгний тооцоо гарч ирэхээр би барментай нь манайд тийм тооцоо байхгүй гээд ярилцаад байж байхад Дын эхнэр М ирээд хажуу талын ширээнд сууж байсан залуучуудад Д нэг том пиво авч өгсөн юм бид нар хийх ёстой юм гэхээр нь тэр тооцоог нь хийчихээд пабаас гарч ирэхэд зодоон болсон байдалтай Дын хамар, нүүрнээс цус гарсан харин нөгөө залуу нь чихээ барьсан маргалдсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Гэрч Ж.Мгийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед нөхөр болон найзуудын хамт Мөрөн сумын 9-р багт байдаг Гэрэл гэж нэртэй пабад орж суусан. Тухайн үед манай нөхөр надад бэлэг өгнө гэж дуудсан байсан юм. Тэгээд тэнд байхад үүдний ширээнд 3 залуу орж ирж сууцгааж байсан. Тэгээд тэр пабад манай найзууд болон манай нөхөр пиво ууцгаасан. Би уугаагүй тэгээд паб хаах болоод тооцоо хийх болсон чинь нэг том пивоны тооцоо манай ширээнд гарч ирсэн. Тэгсэн манай нөхөр үүдний ширээнд сууж байсан 3 залууд нэг том пиво авч өгсөн байсан. Тэр пивоны тооцоог манай найз хийчихээд гарахад гадаа нь манай нөхрийг үүдний ширээнд сууж байсан нэг залуу нь зодчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

Гэрч Н.Дгийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Дын эхнэр Мягаа над руу утсаар залгаад чи 9-р хороонд байдаг Гэрэл пабад хурдан хүрээд ирээч энд зодоон болсон байна гэхээр нь би явж очиход Д нь хүнд зодуулсан байдалтай байж байхаар нь цагдаа дуудсан юм уу гэсэн чинь манай нөхөр цагдаа дуудсан одоо дахиад залгаад хэлчихээч гэхээр нь цагдаагийн дуудлага мэдээллийн утсанд болсон явдлын талаар хэлэхэд дуудлагыг чинь хүлээн авсан одоо цагдаа нар очиж байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед 9 дүгээр хороонд байдаг Гэрэл гээд нэртэй пабад хоёр найзын хамт орж пиво уусан юм. Тэгээд бид гурвыг сууж байхад гаднаас гурван залуу нэг хүүхэнтэй хамт орж ирээд бид нарын сууж байсан ширээний эсрэг талд булангийн ширээнд сууцгаасан. Тэгээд нөгөө орж ирсэн хүмүүсийн нэг залуу нь бид нар дээр ирээд ах нь эхнэртээ бөгж өгөх гэсэн юм. Та нар дэмжээд туслаад, алга ташаад өгөөч гэхээр нь бид нар зөвшөөрөөд эхнэрт нь бөгжийг нь өгөх үед хамт байлцаж баяр хүргэсэн. Тэгээд буцаад өөрсдийн ширээнд сууцгаасан. Тэгсэн тэр ах бид гуравт нэг том пиво авч өгч ширээн дээр тавьсан. Тэгээд бид нар тэр паб дотроо ууж сууж байгаад паб хаах болоод тооцоо хийх үед би хоёр найзтайгаа очиж тооцоо хийх гэсэн чинь бармен залуу нэг пивоны тооцооны мөнгийг нэхэхээр нь би тэр ах хийнэ гэж заасан чинь бармен залуу очоод асуугаад ир гэхээр нь би нөгөө хэд дээр очоод таны авч өгсөн пивоны мөнгийг нэхээд байна та хийх юм уу, бид нар хийх юм уу гэсэн чинь бид нар хийсэн гэж хэлэхээр нь бармен надаас мөнгийг нь нэхээд байна гэсэн чинь нөгөө ах эд нар хийнэ биз хоёулаа гаръя гээд намайг дагуулаад гарсан. Гараад нөгөө пивоны тооцооны асуудал дээрээс болж бид хоёр маргалдаж, барилцаж авсан. Тэгсэн нөгөө ах миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиод авахаар нь яаж байгаа юм бэ гээд би зөрүүлээд нэг удаа нүүр хэсэгт цохисон чинь газарт унасан. Тэгээд бид хоёрын араас манай найзууд болон нөгөө залуутай хамт явсан хүмүүс гарч ирсэн. Тэгсэн нөгөө надад цохиулсан ахын хамарнаас цус гарсан байхыг эхнэр нь хараад цагдаа дуудсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

 

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаартай: “Б.Дын биед хамар ясанд хугарал, хамрын зөөлөн эдэд няцралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Б.Дын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 38 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх-ийн 8-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...Би тухайн тогтоолд дурдсан хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Дын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Бын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Бын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Дын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гэрэл пабын гадна иргэн Б.Дын нүүрэн хэсэгт гараараа цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч  Б.Б, хохирогч Б.Д нар нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “ эмчилгээний зардал бүрэн хүлээн авсан. Цаашид  нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардалд 1.700.000 төгрөгийг  Б.Д нь бүрэн хүлээн авсан” гэх эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 53-р тал/,  гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”- г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 49 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч  Б.Б нь ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН