| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0179/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/190 |
| Огноо | 2021-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зын Оөд холбогдох эрүүгийн 2138000000209 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Оийн өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч З.О нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Өрхтийн ар гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Оөд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2138000000209 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.О нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Өрхтийн ар гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Быг зодож, эрүүл мэндэд баруун, зүүн зовхины эдэд няцралт, баруун, зүүн мөр, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Г.Бын өгсөн: “ ... Тэгээд маргааш өглөө нь би Үүрт гэх газар руу 2 сарлагийн бяруугаа хайж яваад О, Н хоёртой таарсан юм. Тэгээд тэр хоёр надтай хамт манайд ирээд би эхнэр хүүхдүүдээ аваад бид хэд сум руу явсан. Тэгээд сумын төвд би ажлаа амжуулаад О, Н нарыг мөн аваад орой 16 цагийн үед сумаас гарч яваад Өрхтийн ар гэх газар явж байтал араас М ах машинтайгаа гүйцэж ирээд бид нар 1 шил хараа гэх нэртэй архи уугаад сууж байтал О гэх залуу үгийн зөрүүгүй зодолдъё гээд хашхираад алчихъя гээд намайг нүдээд эхэлсэн. Тэгэхээр би зугтаад одоо больё гээд машиндаа суусан чинь тэд нар араас машинд орж ирээд бид хэд манайд ирсэн. Тэгээд манай эхнэр Н, О нарыг гэрт нь хүргэж өгсөн. Намайг О гэдэг залуу гараараа хоёр нүд рүү 3 удаа хажууд сууж байгаад цохисон. Тэгээд би босоод зугтсан чинь алаад хаячихья гээд хөөж ирээд намайг цээж рүү 2 удаа өшиглөсөн.. Би М гэх хүнийг хоёр удаа хацар руу нь алгадсан, харин харин О гэх залууг нэг удаа хацар луу нь алгадсан. Би 500000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн баримт нь Мөрөнд манай дүү Цэнд-Аюушид байгаа. Одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21-р тал/,
Шүүгдэгч З.Оийн гэрчээр өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хөдөө Үүрт гэх газар хониндоо явж байтал Б ах М хаана байна ална гэсэн явж байсан. .. Манай нутгийн ах Дандар буюу Н бид хоёр дээр унаатай хонио хайгаад явж байна гээд ирсэн бид гурав юм ярьж сууж байхад Б ах нэг шил хараа гэдэг 0.75 тай тал шил архи машинаасаа гаргаж ирээд бид 3 хувааж уусан. Тэгж байж байтал Б ах дахиад нэг Сэрүүн гэдэг нэртэй пиво машинаасаа гаргаж ирээд бид 3 уусан архи пиво уугаад сууж байхад Б ах ах нь 2-3 сая төгрөгний өртэй, хүн өдөж явна. Дансанд мөнгө байхгүй гээд инээгээд байсан. ... Б ах Мыг ална гээд согтуурахаад байхаар нь бид хоёр Б ахыг гэрт нь хүргэж өгье гээд ярилцаад Б ахыг гэр рүү нь аваад явсан. ... Б ахын эхнэр сумын төвд ажилаа хөөцөлдөж байх зуур Н, Б ах бид 3 нэг том Сэрүүн гэж пиво хувааж уугаад байж байтал Ч эгч ажилаа дуусч ирээд бид хэд хөдөө Б ахын гэр рүү явж байх замд Улаан үзүүр гэх газар М ах машинтайгаа замд явж байсан. Тэгсэн чинь Б ах М явж байна зогс гээд байхаар энхэр нь машиныг нь унаж яваад зоссон машин зостол Б ах Мыг ална гээд машинаас үсэрч буугаад М ах ч машинаасаа буугаад тэр хоёр барьцалдаад эхэлсэн. ... Б ах М ахыг цохиод унахаар нь би машинаас бууж ирээд та хоёр одоо бол гээд салгах гэж дундуур нь орсон чинь Б ах танайхан угаасаа ийм хулгайч улсууд гээд хашгираад байхаар боль гээд би эхлээд татсан чинь намайг эрүү рүү мөргөөд авахаар нь би урдаас нь нүүр лүү нь цохисон юм. Тэгээд намайг зөрүүлээд толгой руу цохиод авахаар нь би цээж рүү нь өшиглөсөн. Н ах Ч эгч нар ирж бид хоёрыг салгаад орхисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,
Гэрч Ч.МЧийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр 2 сарлагийн бяруу хайхаар Үүрт гэх газар луу яваад буцаж ирэхдээ О, Н нартай хамт ирсэн би тухайн үед эмнэлэгийн ажилтай байсан болохоор сум руу явах гэж байсан тэгээд Нөхөр Б нутгийн залуу О, Н нартай хамт хүүдүүдээ аваад бүгд сумын төв рүү орж ирээд би эмнэлэг орж шинжилгээний хариугаа аваад дэлгүүр ороод хамт явсан хүмүүс пиво архи аваад буцаад хөдөө гэр лүүгээ явж байх замд Өрхтийн ар гэх газар явж байтал араас М гуай машинтайгаа гүйцэж ирээд хажууд замаас гараад зогссон. .. Манай нөхөр Мтай уулзана гээд машинаас буугаад М гуатай уулзаад сууж байхдаа тэр хоёр нэг нэгнийгээ хальт цохиод авах шиг болсон тэр үед О гэх залуу машинаас буугаад тэр хоёрын голд очоод сууж байгаад гэнэт орилоод хашгираад манай нөхрийг цохиод эхэлсэн. Тэр үед Н гэх залуу машинаас буугаад салгах гэсэн боловч О дийлдэхгүй Н гэх залууг нүүр лүү нь цохиод унагаасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/
Гэрч Б.Нын өгсөн: “...Тухайн өдөр манай хониноос хонь дутаад 2 дугаар баг гэрийнхээ тэр хавиар айлуудын хонь шүүгээд Үүрт гэх газар явж байсан чинь манай доод талд гол дээр О, Б нар юм ярьсан сууж намайг яваад очиход тал шил хараа гэдэг нэртэй 0.75 архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан. ..Б гэх залуу машин дотроосоо сэрүүн гэдэг нэртэй 2.5 литэртэй пиво гаргаж ирээд мөн бид гурав хувааж уугаад сууж байтал Б гэх залуу О бид хоёрыг бараг хулгайчууд гэх мэтээр өдөөд байсан мөн ах нь банкны зээлтэй хүн хүн өдмөөр байна гэж байсан...Хөдөө явах замд Өрхтийн ар гэх газар явж байтал урд нэг машин явж байсан чинь Бын эхнэр М явж байна гэж хэлсэн чинь Б гэх хүн би Мтай тооцоотой хүн, М намайг ална гэж ярьсан байна лээ гээд эхнэр нь машин бариад явж байхад машинаа зогсоолгоод машинаас үсэрч буух үед Мын машин бас зогсоод тэр хоёр машинаас буугаад барьцалдаад цохилцоод зодолдоод эхэлсэн. Тэр үед О гэх залуу машинаас бууж очоод тэр хоёрыг салгасан чинь Б Оийг цохиод авсан тэр үед би машинаас буугаад очиж явсан юм. Тэгтэл О Быг зөрүүлээд цохиод авсан чинь Б газар унасан. Тэгээд би очиж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р тал/
Гэрч Д.Мын өгсөн: “...Би тухайн өдөр Арбулаг сумын төв орж ирээд төвийн гэрээрээ ороод клонкоос бензин аваад Арбулаг сумын 2 дугаар багт байдаг хөдөө гэрлүүгээ Өрхтийн ар гэх газар явж байгаад бие засах гэж замаас гараад зогсоход Б гэх залуу бас машинтайгаа явж байгаад миний хажууд ирээд зогссон. ... Быг сайн явж байна уу гэж асуусан чинь Б чи муу хулгайч минь гээд миний нүүр лүү цохиод авсан тэгээд миний хамрын цус гоожоод би хамраа дараад хоошоо болсон тэр үед О Боо чи хөгшин хүн яагаад цохиж байгаа юм бэ? гээд Быг О заамдаад тэр хоёр дээлнийхээ энгэрийг урьцгаасан зогсож байсан намайг цусаа цэвэрлэж байх хооронд тэр хоёр цохилцсон юм уу мэдэхгүй би хараагүй тэгээд би цусаа цэвэрлэж ирээд салгахад 2, 3 сая төгрөг хэрэгтэй байна гээд Б хашгираад байх шиг байсан. Тэгээд би тэд нарыг орхиод машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 229 дугаартай: “Г.Бын биед баруун, зүүн зовхины эдэд няцралт, баруун, зүүн мөр, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Г.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх-ийн 8-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Оийн яллагдагчаар өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн хэлсэн. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч З.Оийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч З.Оийн үйлдэл идэвхтэй, хохирогч Г.Бын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч З.Оийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч З.О нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Өрхтийн ар гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Быг зодож, эрүүл мэндэд баруун, зүүн зовхины эдэд няцралт, баруун, зүүн мөр, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч З.Оийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч З.О, Г.Б нар нь “2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 74-р тал/, гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч З.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч З.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч З.Оөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Оийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч З.Оөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”- г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 59 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн Засаг даргын тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 роны 3 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч З.О нь ам бүл 7, ээж, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч З.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч З.Оийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч З.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч З.О нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Зын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Оийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Оөд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Оөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч З.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН