Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 4-р баг Дундсайханы 6-18 тоотод оршин суух, Тугчин овогт Далайн Нацагсүрэн /РД: КЛ86090806/ 

 

Хариуцагч:  Өмнөговь аймаг Даланзадгад сум 7-р баг Оюутын 1-45 оршин суух, Туслагч овогт Сүхбаатарын Жавхлантөгс /РД: ВЮ89102213/

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нацагсүрэн, хариуцагч С.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Нацагсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Далай овогтой Нацагсүрэн миний бие Сүхбаатар овогтой Жавхлантөгстэй 2009 оны 05-р сарын 31-ний өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2009 оны 06-р сарын 18-ны өдөр хүү Ж.Онохуйг төрүүлсэн. Одоо миний хүү ээжтэйгээ хамт эрүүл саруул сурч төлөвшин амьдарч байна. Нөхөр С.Жавхлантөгс нь хамт амьдрах хугацаандаа гэр орон, эхнэр хүүхдээ гэх сэтгэлгүй үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх талаар боддоггүй тогтвор сууршилтай эрхэлсэн ажилгүй байдаг байлаа. Ажил хийгээд мөнгөтэй болбол гэр бүлдээ зарцуулж үзээгүй архи уугаад цаашаа л явдаг байсан. Харин С.Жавхлантөгсийн аав ээж хоёр нь хаяа туслах үедээ тусалж дэмждэг байснаас С.Жавхлэнтөгс нь өөрийн үүргээ ухамсарлан амьдралын сайн сайхны төлөө огт зүтгэдэггүй архи уух агсан согтуу тавьж гэр орны эд зүйлсийг эвдэлж хэмхлэн танхайрдаг байсан. Түүгээр ч барахгүй гэрт байгаа үнэд хүрэх зүйлсийг зарж борлуулан архи уудаг байсан. Жишээ нь: компьютер, зургийн аппарат, мөнгөн аяга, хуримын бөгж, зурагт гэх мэт үнэд хүрч болох зүйл бүхэн нөхрийн гараар орж архи болсон. Мөн архи уусан үедээ гэртээ ирээд агсам согтуу тавьж хүүхэд айлгаж намайг зоддог байсан. Би эхний үедээ хүүгээ бодоод зоддог талаар нь би өөрийнхөө аав ээж ах дүү нараас нууж явдаг байсан. Хүрмэн суманд амьдарч байгаад 2013 оны 07 дугаар сард аймгийн төврүү орж ирсэн. Ирснээсээ хойш мөн л архи ууж гадуур тэнээд амьдралаа бодохгүй байсан тул хүүхдийн хажууд хэрүүл уруул хийж хүүхдэд муу үлгэр дууриал үзүүлж, болсон болоогүй амьдарч байснаас хоёр тийшээ болцгооё гэж ярилцаад С.Жавхлантөгс нь мөн оны 09 дүгээр сард Улаанбаатар хот явсан. Хамт амьдарч байхдаа цалингийн зээл хийж машин авсан бас бус хэрэглээний зүйлд зарцуулахаар зээл хийгээд хамтран эзэмшигч нь болно төлнө гэсэн ч төлөлцөөгүй. Өмнө нь нэг удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь олдохгүй, ирэхгүй байсан болохоор миний өгсөн материал буцаагдсан. Одоо С.Жавхлантөгс нь Өмнөговь аймагт ажлаар ирсэн байгаа гэж утсаар ярьсан. Энд нэг ирсэн дээр нь гэрлэлтээ хурдан салгуулж хүүхдийн тэтгэмж тогтоолгомоор байна. Би залуу хүн цаашдаа өөрийнхөө амьдарлыг бодмоор байгаа тул гэр бүл үр хүүхдээ бодохгүй байгаа хүнийг цаашид хүлээх шаардлагагүй гэж бодоод гэрлэлтээ салгаж хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна.  Хүсэлтийг минь хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Бидний гэрлэлтийг цуцлан хүү Ж.Мягмаржавд (Хүүгийнхээ нэрийг сольж Мягмаржав болгосон) тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Нацагсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:       гэв.

 

Хариуцагч С.Жавхлантөгс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Жавхлантөгс миний бие Д.Нацагсүрэнгийн гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2013 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Иймд буцаж нийлэх боломжгүй гэж миний бие үзэж байна гэжээ.

Хариуцагч С.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:       гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Д.Нацагсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 0147759 дугаартай С.Жавхлантөгс, Д.Нацагсүрэн нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Ж.Мягмаржавын төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, хүү С.Жавхлантөгсийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, С.Жавхлантөгсийн хүсэлт, хариу тайлбар, Ж.Мягмаржавын санал зэргийг шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Нацагсүрэн нь С.Жавхлантөгсөөс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Хариуцагч С.Жавхлантөгс нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөөрч маргахгүй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Нацагсүрэн, С.Жавхлантөгс нар нь 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага бүртгэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүү Ж.Мягмаржав төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахаа харилцан хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч С.Жавхлантөгсийн “Д.Нацагсүрэнгийн гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2013 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Иймд буцаж нийлэх боломжгүй гэж миний бие үзэж байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахаа харилцан зөвшөөрсөн гэж үзэж тэдний гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй. 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүү Ж.Мягмаржавын эцэг С.Жавхлантөгс болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Ж.Мягмаржавын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Нацагсүрэн нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч С.Жавхлантөгсөөс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Нацагсүрэн, С.Жавхлантөгс нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Жавхлантөгсөөс хүү Ж.Мягмаржавыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Жавхлантөгсөөс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
  5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нацагсүрэн нь улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нацагсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Жавхлантөгсөөс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нацагсүрэнд, 28209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод тус тус оруулахаар шийдвэрлэсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ