Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 509

 

Н.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Б-д холбогдох 201626031358 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-н Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ....... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......... дүүргийн 1 дүгээр хороо, ...... дугаар хороолол, ....байрны ...... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ........./;

Н.Б нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн мөнгийг шилжүүлэн авах үйлдлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Их тэнгэр”-ийн аманд байрлах төрийн тусгай хамгаалалттай газарт 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн Л.Э-аас Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрийн тоног төхөөрөмж сайжруулах автоматжуулсан ажлын тендерт оролцоход тусална гэж 30.000 ам доллар буюу 59.760.000 төгрөгийг, 2016 оны 2 дугаар сард машинаа барьцаанд тавьчихлаа, цагаан сараар мөнгөний хэрэг байна гэж 7.000.000 төгрөгийг тус тус авч, нийт 66.760.000 төгрөгийг,

2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 7-8 сар хүртлэх хугацаанд С.Г-т Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар олж өгнө гэж итгүүлэн, залилан 20.000.000 төгрөгийг авч бусдад нийт 86.760.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Б-г  бусдыг хуурч мэхлэн залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Н.Б-г  3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-н цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг тухайн өдрөөс нь эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-оос 56.760.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Э-д, 14.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Г-т тус тус олгож шийдвэрлэжээ.

      Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие хохирогч Л.Э, С.Г нарыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Уг үйлдэлдээ гэм буруугийн талаар маргах зүйлгүй, хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний бие ам бүл 5, өндөр настай эмээ, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эрүүл мэндийн хувьд сахарын өвчтэй. Миний хувийн байдал болон учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж, хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү...” гэв.

    Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Б нь Л.Э, С.Г нарыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн ба анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримталж, шүүгдэгч Н.Б-н эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хуульд заасан үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

      Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаж гарсан. Шүүхээс Н.Б-г  эрхэлсэн тодорхой ажилгүй, торгох ялыг биелүүлэх боломжгүй гэж үзэн хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлсөн гэх баримт нь хуулийн шаардлага хангахгүй, эргэлзээтэй баримт байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Н.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Б-г  бусдыг хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэрийн аманд дахь төрийн тусгай хамгаалалттай газарт 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Л.Э-с “Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрийн тоног төхөөрөмж сайжруулах автоматжуулсан ажлын тендерт оролцоход нь тусална” гэж хуурч 30.000 ам.долларыг буюу 59.760.000 төгрөгийг, 2016 оны 2 дугаар сард “машинаа барьцаанд тавьчихлаа, цагаан сараар мөнгөний хэрэг байна” гэж нийт 7.000.000 төгрөгийг тус тус авч, 66.760.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 7, 8 дугаар сар хүртэлх хугацаанд С.Г-т “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар олж өгнө” гэж итгүүлэн 20.000.000 төгрөгийг залилж, бусдад нийт 66.760.000 төгрөгийн буюу Эрүүгийн хуульд тодорхойлсноор “их хэмжээ”-ний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Энэ талаар Л.Э-н “манай компани Эрдэнэт үйлдвэрт технологийн чиглэлээр судалгаа аудитын ажил хийж байсан ба үүнтэй холбоотой ажил байсан болохоор Н.Б-д хэлж байсан. Тэгээд ажлыг чинь бүтээж өгч чадах юм байна гэж 30.000 ам.долларыг байраа барьцаалан зээл авч өгсөн. Дараа нь цувуулан 7.000.000 төгрөг өгсөн” тухайгаа дэлгэрэнгүй мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг /хх 1-н 17-19, 122-123/,

С.Г-н “урьд зүс мэдэх Н.Б надад 4 дүгээр цахилгаан станцын урд газар авч өгнө, газар авахад мөнгө хэрэгтэй гэж цувуулан 20.000.000 төгрөг авсан” тухайгаа мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг /хх 2-н 13-16/,

гэрч Э.Энхдалай /хх 1-н 22-23/, гэрч Э.Хадбаяр /хх 1-н 27-28/, Б.Баатарчулуун /хх 2-н 9/, Б.Батболд /хх 2-н 20/ нарын мэдүүлгүүд болон Н.Б-н “Г-т газар авч өгнө гэж хэлээд мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна“ / хх 2-н 28/, “Эрдэнэт үйлдвэрийн хүмүүстэй ярьсан болохоор болчих байх гэж тухайн үед бодсон юм. Ингээд би Э ахаас авсан мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан байгаа” /хх 1-н 42/ гэх яллагдагчийн мэдүүлэг,

“Дэлгэрэх боржин” ББСБ-ын кассын зарлагын баримт /хх 1-н 135/, хохирогч С.Г-с мөнгө авсан тухай тодорхойлолт /хх 1-н 245/, С.Г-н дансны хуулга /хх 1-н 247-250, 2-н 3-6/, М.Дөлгөөний Хаан банкин дахь дансны хуулга /хх 2-н 50-64/ зэрэг мөрдөн шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос Н.Б-н дээрх хоёр үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа нараас “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан тул хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраагаас хохирогч нарт хохирол төлсөн гэх хоёр баримтыг гаргаж өгсөн боловч уг баримтад “ямар хэмжээний мөнгийг өгсөн нь тодорхойгүй, хохирлын мөнгийг бүрэн авсан” эсэх нь эргэлзээтэйгээс гадна хохирогч нарын гэх гарын үсгийг нотариатчаар гэрчлүүлээгүй байна.

Мөн шүүгдэгч Н.Б-н үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан, түүний хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хорих ялыг өөрчлөх, хөнгөн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй. 

Иймд шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.