Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 23

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “БсА” ХХК-ийн гомдолтой,

Хариуцагч: В.Ө-д холбогдох,

 “2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0063709 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: В.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Боорчи нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“БсА” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “...В.Ө 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0063709 дугаар шийтгэлийн хуудсаар “БсА” ХХК-ийг хуулъ ёсны шаардсан мэдээллийг өгөөгүй” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн ба шийтгэлийн хуудас үйлдэхдээ Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын голд зөвшөөрөлгүй буусан онгоцны асуудлыг шалгаад холбогдогч нь “БсА” ХХК болох нь байгаль хамгаалагчдын тэмдэглэл, дансны хуулга гэх баримтаар нотлогдож байна хэмээн дүгнэсэн атлаа “хууль ёсны шаардсан мэдээллийг өгөөгүй” зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь илт үндэслэлгүй, огт ойлгомжгүй шийдвэр болсон гэж үзэж гомдолтой байна...

...В.Ө-н 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0063709 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагч “БсА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...В.Ө байцаагчийн өгсөн хариу тайлбар, “БсА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А-н гомдолд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор прокурорт гомдол гаргаж болохыг алдаа хэмээн дурджээ. Энэхүү бичиглэл нь тус компани хууль ёсны өмгөөлөгч байхгүй гэсэн тул шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулж, эрх зөрчигдсөн өдрөөсөө эхлэн өөрсдийн эрх ашгийг хамгаалах эрхтэй болохыг сануулж бичсэн болно гэсэн нь “өмгөөлөгч байхгүй” гэсэн шалтгаанаар шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй. Мөн “2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нисгэгчээр Р.Р, холбоочноор Б нар Хонгорын голд буулт хийж, буултын хураамж хэмээн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ..... захиргааны дансанд ямар ч гэрээ үйлдээгүйгээр 735.000 төгрөгийг “Н” ХХК нь шилжүүлсэн зэрэг хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй гэрээлээгүй ажлуудыг гүйцэтгэн зөрчлүүдийг удаа дараа үйлдсээр ирсэн нь баримт мэдээлэл зургаар батлагдаж байна” гэжээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 45 тоот хариу мэдэгдэх хуудсанд “...В.Ө нь “БсА” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хонгорын голын аялал жуулчлалын бүсэд агаарын хөлгөөр зөвшөөрөлгүй буусан зөрчилд буюу 11 сар 20 хоногийн дараа танай компанид холбогдуулж зөрчлийн хэрэг нээж шалгаагүй байна” гэсэн тул Улсын байцаагчийн дурдсан зөрчилд зөрчлийн хэрэг нээгээгүй болох нь уг албан бичгээр нотлогдож байна. Дээр дурдсан зөрчлүүд нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа нь илэрхий байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А “Н” ХХК-ийн Э-тэй утсаар холбогдож асуухад “нислэгийн захиалга өгсөн компани нь “Н” ХХК байсан. “БсА” ХХК-иас манай компанид нислэгийн зөвшөөрөл олгохгүй байна гэхэд нь би Б.Б утсаар ярьж амаар зөвшөөрөл авч дансанд мөнгө шилжүүлж буусан” гэж мэдэгдсэн.

Мөн тайлбарт “зөрчлийн хэрэгт оролцогчоос мэдүүлэг тайлбар авахыг хүсэхэд А.Б нислэгийн амралттай, Р эзгүй надаас өөр тайлбар гаргах хүнгүй” гэжээ. Хууль, журамд заасны дагуу А.Б нислэгтэй байсан учир дараа өдөр нь амарч, Р.Р энэ хугацаанд эзгүй байсан нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй гэж үзэж байна. Энэ нь хилээр орсон гарсан тэмдэглэлээр нотлогдоно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зааж өгсөн ба энэ зарчим нь улсын байцаагчийн үйл ажиллагаа болон гаргасан шийдвэрт нийцэхгүй, шийтгэл оногдуулах үндэслэл нь үйл ажиллагааны зорилгод нь нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, шийдвэр нь үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэжээ.     

Хариуцагч В.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зөрчлийн 1928000117 дугаартай хэрэгт оролцогч “Б” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар 500 нэгжийн шийтгэлийг, 2019 оны 08 сарын 26-ны өдөр 0063709 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж, 2019 оны 09 сарын 06-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг даалгасан. Холбогдогч “БсА” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай Хамгаалалттай Нутгийн Удирдлагын Газар болон Говь гурвансайхан байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Сэврэй сумын Хонгорын гол, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Булган сумын Булагтайн талд онгоц түр буудаллах талбайг тэмдэгжүүлэн, “Бүртгэлтэй аэродром, нислэгийн зурвас талбайн мэдээлэлд оруулж, улмаар буултын талбайд онгоц буулгах А.Т, В.Н нарыг томилж, цалинжуулан ажиллуулж /Б.Б, н.Б нарын өөрсдийнх нь ярианаас 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нисгэгчээр Р.Р, холбоочноор Б нар Хонгорын голд буулт хийсэн.

Ингэхдээ буултын хураамж хэмээн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Говь гурвансайхан байгалийн цогцолбор газрын Хамгаалалтын захиргааны дансанд ямар ч гэрээ үйлдээгүйгээр 735.000 төгрөгийг “Н” ХХК шилжүүлсэн зэрэг хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй гэрээлээгүй ажлуудыг гүйцэтгэн, зөрчлүүдийг удаа дараа үйлдсээр ирсэн нь баримт мэдээлэл, зургаар батлагдаж байгаа. Гэвч би дээрх хөөн хэлэлцэх хугацаа дууссан зөрчлүүд биш харин Зөрчлийн 1928000117 дугаартай хэрэгт оролцогчоор мэдүүлэг авахыг хүсэхэд үл тоон 2019 оны 08 дугаар сарын 13-16-ны хооронд, мөн оны 08 дугаар сарын 23-27-ны хооронд нийт 2 удаа Улаанбаатар хотноо томилолтоор очин уулзаж зөрчлийн хэрэгт оролцогчоор мэдүүлэг тайлбар авахыг хүсэхэд А.Баярбадрах нислэгийн амралттай байна.

Р.Р эзгүй надаас өөр танд тайлбар гаргаж өгөх хүн байхгүй. Дараагийн 7 хоногийн 3 дахь өдөр бид байна. Наана нь очих боломжгүй хэмээн татгалзсан. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бичиг хэргийн ажилтан, орчуулагч Э утсаар ярьж, очиж уулзах хэрэгтэйг танилцуулахад мөн өдрийн 16 цаг 24 минутад хариу өгөөгүй гэсэн мессеж ирүүлсэн. Арга буюу 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр очиж шийтгэл ногдуулан, хувийг гардуулан өгөх гэхэд А.Б гарын үсэг зурахаас татгалзсан. Гүйцэтгэх захирал Р.Р байхгүй гээд шийтгэлд гарын үсэг зураагүй. Харин би ямар шалтгаанаар гарын үсэг зурахгүй байгаа талаар тайлбар бич гэж улсын байцаагчийн шаардлага тавьж, бараг бичих өгүүлбэрийг зааж өгч байж А.Б-р бичүүлсэн.

Мөн “БсА” ХХК нь манай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 76 тоот албан бичигт хариуг ирүүлээгүй, харин дахин 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 87 тоотоор хууль ёсны төлөөлөгч томилуулах тухай албан бичгийн хариуг И-мэйлээр ирүүлсэн нь үнэн. Гэхдээ А.Б нь байгууллагаа төлөөлж, өөрийгөө хууль ёсны төлөөлөгчөөр томилон, өөрийн баталгаажуулсан тоот бичиж гарын үсэг зурж ирүүлэхдээ 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн гүйцэтгэх захирал Р.Р-н А.Б төлөөх эрх олгосон тухай тушаалыг хавсаргаагүй, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын Нислэгийн Аюулгүй Ажиллагаа Хяналт Зохицуулалтын Албаны дарга С.М нь манай байгууллагаас хүргүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 94 тоот албан бичигт хариуг ирүүлэхдээ “Иргэний нисэхийн дүрмийн 139 дүгээр зүйлийн 139.7 дахь хэсгийн заалтын дагуу ерөнхий зориулалтын нислэгийн зурвас, талбайн хувьд агаарын тээвэрлэгчээс солбицол, өргөдлийн талаарх мэдээллийг хүлээн авч, зөвхөн бүртгэлд оруулж, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг тавьдаг бөгөөд буулт хийх гэрчилгээ, түр зөвшөөрөл олгодоггүй” гэж баталгаажуулан ирүүлсэн.

Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагч миний хувьд Прокурорын даалгавар болон зөрчлийн хэрэг бүртгэлийн хуулийн хугацаанд Монгол Улсын Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь /мэдээллийн албан ёсны эх сурвалжийг мэдэх/ заалтыг үндэслэн оролцогчоос мэдүүлэг авч зарим зүйлийг тодруулахыг хүсэхэд улсын байцаагчийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн. Прокуророос “БсА” ХХК-ийн гаргасан 2 зөрчлийн онгоц буулгасантай холбоотой зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа  өнгөрсөн гэсэн болохоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Онгоцны буултын зөвшөөрлийг хаанаас авсан гэдгийг торуулахаар мэдээлэл авах гэсэн чадаагүй, “Г” ХХК-нд холбогдуулж зөрчлийн хэрэг нээж шалгах явцад энэ зөрчлийг илрүүлсэн, “БсА” ХХК-д холбогдуулан хэрэг нээсэн тогтоол гаргаагүй, прокуророос хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэсэн тул албан даалгавар өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад “БсА” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн ... хяналтын улсын байцаагч /цаашид эрх бүхий албан тушаалтан гэх/ В.Ө нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Г” ХХК-ийг зөрчил үйлдсэн гэж дүгнэн 1928000117 дугаартай зөрчлийн хэрэг нээж, улмаар 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0063708 дугаар Шийтгэлийн хуудсаар уг компанид нисгэгч ажилтай Г.Б Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, уг торгуулийн төлбөрийг “Г” ХХК-иас төлж барагдуулжээ. Энэ үйл баримттай талууд маргаагүй.

Харин дээрх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгах явцад буюу 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр /“ БсА” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Р 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Говь гурвансайхан байгалийн цогцолборт газрын Хонгорын голын аялал жуулчлалын бүсэд зөвшөөрөлгүй агаарын хөлгөөр буулт хийсэн” гэх/ зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг шалгаж байх үед эрх бүхий албан тушаалтны “хууль ёсны шаардсан мэдээллийг өгөөгүй” зөрчлийг мөн үйлдсэн нь байгаль хамгаалагчдын тэмдэглэл, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон гэж дүгнэн маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0063709 дугаартай Шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “БсА” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эрх бүхий албан тушаалтны мөн өдрийн 02 дугаар албан даалгавар хүргүүлжээ.

Гомдол гаргагчаас “...эрх бүхий албан тушаалтны 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 87 тоот албан бичгийн хариуг өгсөн, үүнээс өөр мэдээлэл өгөхийг биднээс шаардаагүй бөгөөд төрийн аль албан хаагчаас хэнд, хэзээ, хэрхэн тавьсан ямар шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж буй нь тодорхойгүй, нотлогдоогүй зөрчилд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, хуулийн холбогдох хэм хэмжээг илтэд зөрчсөн...” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагчаас “...Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын голд зөвшөөрөлгүй буусан онгоцны буултын зөвшөөрлийг хаанаас авсан гэдгийг тодруулахаар, 1928000117 дугаартай зөрчлийн хэрэгт оролцогчоос мэдүүлэг авч зарим зүйлийг тодруулахаар шаардсан боловч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн...” гэж маргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах, харъяаллын дагуу шилжүүлэх болон зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээс бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах журамтай ба мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэх бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.6, 2.7, 2.8, 2.9-д заасны дагуу ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдэх, мэдүүлэг өгөх, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд гомдол гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, зөрчлийн хэрэгтэй танилцах болон хуульд заасан бусад эрхийг холбогдогч эдэлнэ.

1928000117 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “БсА”” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн тогтоол үйлдээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулийн этгээдийн “хууль ёсны төлөөлөгч”-ийг зөв тодорхойлон томилж, тогтоол үйлдээгүй, тус компанийн гүйцэтгэх захирал Р.Р холбогдогчийн эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, зөрчлийн хэрэгтэй танилцах боломж олгоогүй зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, мөн хэсгийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан бөгөөд “БсА”” ХХК-ийн 000182553 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Гүйцэтгэх захирлаар R овогтой R vesa гэж бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 1/1057 тоот албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанд “БсА”” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэрийг R R vesa гэж бичигдсэн байх бөгөөд дээрх дугаартай зөрчлийн хэрэгт уг гэрчилгээ, эсхүл гүйцэтгэх удирдлагыг тодорхойлох бусад баримт бичиг, эрх олгосон итгэмжлэл зэргийг хавсаргаагүй байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр тус компанийн ажилтан А.Б түүнээс ирүүлсэн албан бичгийн дагуу тогтоосон тогтоол үйлдсэн” гэх тайлбараар тогтоогдож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ...”, 4.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 1 дэх хэсэгт зааснаар бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 5-д “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2019 оны 8 дуугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлд “...”Г” ХХК-ийн ...жижиг оврын онгоцоор буулт хийсэн гэх зөрлийн 1928000117 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэх явцад “БсА”” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Р нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хонгорын голын аялал жуулчлалын бүсэд зөвшөөрөлгүй агаарын хөлгөөр буулт хийж, МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн...” гэж дурьдсан атлаа уг зөрчлийг шалган тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүй хуульд заасан журмын дагуу цуглуулаагүй нотлох баримтыг үндэслэн маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “БсА”” ХХК “хууль ёсны шаардсан мэдээллийг өгөөгүй” гэж Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 5-д “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, мөн хэсгийн 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус заасанд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хонгорын голын аялал жуулчлалын бүсэд зөвшөөрөлгүй агаарын хөлгөөр буулт хийсэн/-д, шийтгэлийн хуудас /хууль ёсны шаардсан мэдээллийг өгөөгүй/-нд дурдьсан зөрчлүүдийн аль нь хэнд холбогдох, аль холбогдогчид хамаарах ямар үйлдэл, эс үйлдэхүйг шалган тогтоож, шийтгэл оногдуулсан, хэнд холбогдох ямар үйлдэл, эс үйлдэхүйг тогтоогдохгүй хэмээн хэрхэн шийдвэрлэсэн зэрэг нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар нэг мөр шийдвэрлэгдээгүй байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно”, 1.9 дүгээр зүйлийн 1.2-т “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, мөн хэсгийн 1.2-т “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 3-т “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно”, 5-д “Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно”, 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэж тус тус зааснаас үзвэл зөрчлийг хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрт хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолохоор, зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй,  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар зохицуулжээ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...байгаль хамгаалагч онгоц буулаа гэж утсаар мэдэгдсэн учир зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлийг би 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн, прокуророос хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэсэн тул албан даалгавар өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байгаа..” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан уг тэмдэглэл зэргээс үзэхэд “2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хонгорын голын аялал жуулчлалын бүсэд зөвшөөрөлгүй агаарын хөлгөөр буулт хийсэн” гэх зөрчлийг 1 жил 1 сар 26 хоногийн дараа эрх бүхий албан тушаалтан илрүүлсэн байх бөгөөд зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх чиг үүрэг буюу түүнд хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд уг зөрчлийг гүйцэд шалгаж шийдвэрлэгдээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргах болсон гомдол гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь баримтаар нотлогдоогүй, уг шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, хууль бус болох нь тогтоогдож байх тул Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0063709 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Зөрчлийн хэрэгт эрх бүхий албан тушаалтнаас цуглуулсан баримтууд хуулийн шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл нотлох баримт эх хувиараа эсвэл байгууллагын хуулбар үнэн тэмдэгтэй байх, нотариатаар батлуулсан байх зэрэг шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагт хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Б.Х нарт мэдэгдсэн боловч ирээгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн, тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх саналыг хариуцагчаас гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 113 дугаар зүйлийн 113.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.27, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “БсА”” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн .... Байгаль орчны хяналтын улсын байцаагч В.Ө 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0063709 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж гомдол гаргагч “БсА”” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ОТГОНЦЭЦЭГ