Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1368

 

Д.Саранчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00861 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Саранчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хас банк, Б.Ганбат нарт холбогдох

 

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 5 202 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Саранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Саранчимэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норовжанцан нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Д.Саранчимэгийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 63-94 УБН улсын дугаартай автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөрт шилжих шөнийн 3 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Халдвартын баруун талын уулзварт гэрлэн дохиогоор хөдөлгөөнд оролцож байх үед нь Хасбанкны өмчлөлийн Тоёота Ист маркийн 31-08 ТӨА улсын дугаартай машиныг тухайн үед жолоодож явсан жолооч Б.Ганбат мөргөж автомашинд их хэмжээний хохирол учирсан. Б.Ганбатын буруутай үйлдлийн талаар замын цагдаагийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн Тээврийн Прокурорын газраас уг ослын улмаас хүний биед гэмтлийн зэрэг болон эд хөрөнгийн хохирлын хэмжээ хуульд заасан хэмжээнд хүрээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Д.Саранчимэг нь өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байгаа бөгөөд “Гэгээ эстимэйт” компанийн үнэлгээгээр 5 037 000 төгрөг тогтоосон. Энэ талаар автомашиныг жолоодож явсан Б.Ганбатад хэлсэн боловч учруулсан хохирлоо одоо болтол төлөөгүй. Тухайн үед тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Хас банк байсан учир  хамтран хариуцагчаар татсан гэжээ.

 

Хариуцагч Б.Ганбатын шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон Халдвартын уулзварт гарсан зам тээврийн осолд би буруугүй. Би хойноос урагш чиглэлд ногоон гэрлээр уулзварт нэвтрэн 34 км явж байхад баруун талаас маш их хурдтай Приус автомашин мөргөж, би машинтайгаа эсрэг урсгал руу хойшоогоо 14 метр шидэгдсэн. 34 м зам туулсан нь уулзвар гарцын 80 хувийг туулсан гэсэн үг. Би энгийн иргэний хувьд төрийн албан хаагчдыг ослын хэргийг үнэн зөв шийднэ гэж итгэсний улмаас өдий болтол хүлээсэн. Тээврийн прокурорт өөрийгөө буруугүй гэдгээ хэлж бичгээр өргөдөл гаргаж байсан. Ослын талаар шинжээчийн дүгнэлт бүдүүвч зурагтай зөрчилдөж байна. Яагаад гэвэл 34 м зам туулсан хөдөлгөөний төгсгөл буюу үйлдэл хийгээд дуусаж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд огт тусгаагүй байна. Приус машин уулзвар гарцад нэвтрэхдээ хурдтай орж ирснээс болж хажуу талаасаа мөргүүлж зогссон. Хэдэн км цагийн хурдтай уулзвар гарцад нэвтрэх талаар дүрмийн заалтыг зөрчсөн. Тухайн үед байцаагч тайлбарыг хэлээгүй, 19 200 төгрөгөөр торгосон нь асуудлыг шийдвэрлэж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан. Түүнээс буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Би өөрийгөө хохирогч гэж бодож байна. Тиймээс иргэн н.Гансүхийн оршин суугаа хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Хас банкны шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: В.Алтаннавч нь Хас банкны Төв Аймаг дахь Зуунмод салбараас 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1300012487 тоот зээлийн гэрээгээр 9 400 000 төгрөгийн автомашины лизингийн зээл авч Тоёота маркийн 31-08 ТӨА улсын дугаартай автомашин худалдан авсан. Зээлдэгч В.Алтаннавч зээлээ 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүрэн төлж дууссан бөгөөд тээврийн хэрэгслийн өмчлөлийг харилцагчийн нэр дээр шилжүүлсэн тул Д.Саранчимэгийн нэхэмжлэлтэй Б.Ганбат, Хас банк нарт холбогдох хэргийн хариуцагчаас Хас банкыг хасч өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ганбатаас 3 726 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Саранчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 476 000 төгрөг болон Хас банкинд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ганбатаас улсын тэмдэгтийн хураамжид 74 566 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Д.Саранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 30-нд 31-08 ТӨА улсын дугаартай Тоёота Ист маркийн машиныг жолоодож яваад Халдвартын уулзварт зам тээврийн осолд өртсөн. Би хойноос урагш чиглэлд зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор уулзварт нэвтрэн 34 м зам туулж явахад баруун талаас маш их хурдтай Тоёота Приус маркийн 63-94 УБН дугаартай машиныг жолоодож явсан н.Гансүх хажуу талаас хүчтэй мөргөж би машинтайгаа эсрэг урсгалд орж, хойш харталаа 14 м шидэгдэж зогссон. 34 м зам туулсан нь уулзвар гарцын 80 хувь туулсан гэдгийг бүдүүвч зураг дээр тодорхой гаргасан байгаа. Тухайн үеийн зам тээврийн ослын дүгнэлтийг 2 жолоочийн өгсөн мэдүүлгийг үндэслэн гаргасан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа тус уулзварт байрлах Аквар баарны гадна байрлах камерын бичлэг мөн хэргийн газрын бүдүүвч зургийг үндэслэн гаргасан гэсэн байна. Ослын талаар шинжээчийн дүгнэлт нь бүдүүвч зурагтай зөрчилдөж байна. Яагаад гэвэл манай машин уулзварт 34 м туулсан байхад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д заасан дүрэм заалтыг Тоёота Приус маркийн машины жолооч зөрчсөн. Энэ нь бүдүүвч зураг дээр тусгасан байгаа.

Шинжээчийн дүгнэлтэд Акбар баарны гаднах камерын бичлэгийг үндэслэн шийдвэр гаргасан гэсэн. Тус бичлэг дээр манай машин нь хориглосон дохиогоор уулзварт нэвтэрсэн талаар харагдахгүй байна. Харин камерын бичлэг дээр 63-94 УБН Тоёота Приус маркийн машин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.2 дах заалтыг зөрчиж байна. Энэ нь "жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн дүрмийг зөрчсөн нь тус камерын бичлэг дээр харагдаж байгаа. Мөн бичлэг дээр 3, 4-р эгнээнд зогсож байсан 2 тээврийн хэрэгсэл манай машины хөдөлгөөнд саад учруулахгүй зам тавьж өгч байгаа нь харагдана. Иймд анхан шатны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Саранчимэг нь хариуцагч Хас банк, Б.Ганбат нарт холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 5 202 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Ганбат нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 02 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Халдвартын эмнэлгийн баруун талын уулзвар замд Тоёота Ист маркийн 31-08 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Э.Гансүхийн жолоодож явсан Д.Саранчимэгийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 63-94 УБН улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гарган бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Хариуцагч уг зам тээврийн осолд би буруугүй гэж маргадаг боловч хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримт болох 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 855 дугаартай шинжээчийн дүгнэлт болон 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 818 дугаартай Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн “хариуцагч Б.Ганбат нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 5.1-д заасан "Хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно" гэсэн заалтыг зөрчсөн, Тоёота Приус 20 маркийн 63-94 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Гансүх нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлт зэргээр түүний тайлбар няцаагдаж байна.

 

“Гэрэгэ Эстимэйт” ХХК нь зам тээврийн ослын улмаас эвдэрсэн тээврийн хэрэгслийг буюу үнэлгээний зүйлийг бодитойгоор үзэж, эвдрэл гэмтлийг тогтоосны үндсэн дээр 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Тоёота Приус 20 маркийн 63-94 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 037 000 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлт гаргажээ./хх.19-21/

 

Дээрх үнэлгээг үндэслэн нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 5 037 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч үнэлгээнд шууд бус хохирол буюу гэмтсэн эд анги солих, задлах, гагнах зардал 610 000 төгрөг, будаг хийх зардал 701 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 165 000 төгрөг, нийт 1 476 000 төгрөгийн зардал нь баримтаар нотлогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 726 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.  

 

            Хариуцагч Б.Ганбат давж заалдах гомдолдоо “Шинжээчийн дүгнэлт Акбар баарны гаднах камерын бичлэгийг үндэслэн гаргасан. Тус бичлэг дээр манай машин нь хориглосон дохиогоор уулзварт нэвтэрсэн талаар харагдахгүй байна. ... Иймд анхан шатны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх боловч дээрх шинжээчийн дүгнэлтийн талаар гомдол гаргаагүй, энэ талаар хуулийн шаардлага хангасан баримт хэрэгт авагдаагүй, түүний гомдол үндэслэлгүй  болно.  

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00861 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 566 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                                        Б.НАРМАНДАХ