Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Н.Наранцай Гэрч ******* /цахимаар/, Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, Шүүгдэгч А.Г-г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт А-н Г-т холбогдох эрүүгийн 2033001030061 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сант сумын 0 дугаар баг, хөдөө оршин суух хаягтай, Тайж овогт А-н Г-г /РД:ИМ00000000/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Г-г нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчим ***** улсын дугаартай Хюундай Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн тариалангийн талбайгаас 0.160 тонн түрүүтэй будаа хулгайлж “*******” ХХК-нд 104.000 /нэг зуун дөрвөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.Г-г нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчим **** улсын дугаартай Хюундай Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ны тариалангийн талбайгаас 0.160 тонн түрүүтэй будаа хулгайлж “*******” ХХК-нд 104.000 /нэг зуун дөрвөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч ***** өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны орой ******* манайд орж ирээд “комбайн будаагаа хурааж байгаад гарангуут хог хаягдал аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2020 оны 09 дүгээр сарын 30-ний орой малаа хотлуулсан. Манай мал 3 километрийн цаана зуслан дээр байдаг байсан. Би өвөлжөөн дээрээ гэрээ барьчихсан. Намрын бэлтгэл ажлаа хийгээд тэнд ирчихсэн байсан. 2020 оны 09 дүгээр сарын 30-ний орой тэнгэр хангай муудаад бороо орох гээд байхаар нь малаа хотлуулчхаад ирсэн. Тэгээдкомбайнууд нь манайхаас доошоо нэг километр орчмын зайд байрладаг талбайгаас хойшоо өөр талбай руугаа орчихсон байсан. Тэгээд комбайн гарангуут хог хаягдал аваарай гэсэн учраас 09 дүгээр сарын 30-ний орой портероор ачсан. Манай өвсний хашааны ард талд “*******” компанийн манаачийн гэр 45-55 километрийн зайд ил газар байдаг. Манаачийн гэрийн хажууд ******* машин дотроо байрлаж польд орсон малыг хашиж хариуцдаг хүн байсан. 09 дүгээр сарын 30-ний орой тэнгэр муу байхаар нь цас, бороо орчих юм болов уу гэж бодоод оччихсон. Ачсан талбай манай өвөлжөө, *******ын байрладаг газраас 1 километр зайд байрладаг. Тэгээд ачиж ирсэн хог хаягдлаа орой нь буулгасан. Маргааш өглөө нь өвөлжөөг тойрсон шарилж, бухал, хадсан өвс байсан. Тэр өвсөө дээр нь буулгасан. 100 га талбайн 3 ширхэг балл үлдчихсэн байсан. Комбайн явахаар хахаад үлдэгдэл их гардаг. Комбайныг өөр поль руу оронгуут хог хаягдлыг аваарай гэхээр нь би тэрийг хаячихсан юм болов уу гэж бодоод авчихсан. Манай үхэр хураагаагүй байсан поль руу нэг удаа орсон. Тэгсэн манай эхнэрт танай 20 үхэр орсон байна. 2.500.000 төгрөгийн торгуулийн төлөөд үхрээ аваарай гэсэн байсан. Үхрээ гаргаж авахаар уулзсан чинь нэг бол шүдлэнгээс дээш үхэр өг. Тугалтай үнээ гэхээ больё гэж эхнэрт хэлсэн байсан. Би өдөр нь хадланд явчхаад ирсэн чинь манай эхнэр “үхэр хашигдчихлаа, польний манаач, ******* хоёр торгуулиа төлөөд ав” гэсэн гэдэг. Тэгээд би очиж уулзаад манайд шүдлэнгээс дээш үхэр байхгүй гэж хэлсэн. Энэ асуудлаас болж маргаснаас хог хаягдал ав гэж байхад зөвшөөрөлгүй будаа хулгайлж авлаа гэсэн. Би поль руу орсон малын торгуулийн мөнгө гээд шүдлэн үхэр өгсөн. Тэгсэн би чамайг хог хаягдал ав гэж байхад будаа авчихсан байгаа дээр чинь юм ярихгүйгээр байхаар байсан. Польд мал орсон төлбөрөө олигтойхон өгч чадахгүйгээс болж юм ярихгүй асуудал дээр ийм юм боллоо гэсэн. ******* намайг хог хаягдал ав гэж хэлчхээд тэрийгээ хулгайлсан гээд байсан..., ...Би авч болохгүй түрүүтэй солом авсан гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг, Гэрч *******ын өгсөн: “...******* компанийг төлөөлөөд тухайн компанийн өмчлөл, эзэмшлийн зүйлийг бусдад өгөх, бэлэглэх, зарах эрх надад байхгүй. 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр *******т будаанаас будаа аваарай гэж хэлсэн удаа байхгүй. Тариалангийн талбай дээрээс комбайн будаа хураагаад гарсны дараа солом зэргийг хурааж аваад малдаа өгч болдог шүү гэж хэлсэн. Хаягдал соломыг аваарай гэсэн. Талбайн бүх хураалт дууссаны дараа комбайнууд өөр талбай руу нүүгээд ордог байгаа. Тэгэхээр нь хаягдал соломыг нь аваарай гэсэн. Өөрөө авъя гэж гуйсан юм. Тэгэхээр нь тэгээрэй гэсэн.Түрүүтэй будаа ангилчихсан учраас будааг нь аваагүй байдаг. Солом нь будааг нь авчихсан. Хаягдал иш нь гэсэн үг. 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр компани тариа хураалтаа дуусаагүй, явагдаж байсан. Тариа хураалт 2020 оны 10 дугаар сарын 10-д гартал тариа хураалт явагдсан байх. Манай компани соломоо хаядаг. Комбайн маань эвдрээд техникийн саатал гараад завсар хийгдэж байх хооронд ийм асуудал болсон. Тариан талбай руу А.Г-йн үхэр орсон. Хэрэг гардаг өдөр, 3 дахь өдөр орсон. Комисс нь хүрч ирээд хохирол тодорхойлсон. *******ийг хохирол тодорхойлуулах уу, эсвэл наана зохицох уу гэж комиссын хүмүүс нь асуусан байгаа. Тэгэхэд А.Г-г хохирол тодорхойлуулахгүйгээр энүүгээрээ зохицчихъё. Хохиролд нь нэг шүдлэн үхэр өгье гэж өөрөө хэлсэн. А.Г-г хэлсэн. А.Г-г машинаа асаагаад талбай руу яваад өгсөн. Би наана нь манаачийнхаа гэрийн гадаа байж байсан. Тэгээд яваад өгсөн чинь тэндээс тариа ачаад гэрийнхээ гадаа буулгаад дээрээс нь өвсөөр дараад байж байсан. Тариа ачих гэж явах үед нь харанхуй болчихсон байсан. Тариан талбай руу явахдаа А.Г-г машиныхаа гэрлийг асааж явсан байх. Очоод тариа ачих үед нь гэрэл нь асаалттай байгаагүй. Би А.Г-йн өвөлжөөнийх нь ард талд машинтайгаа байж байсан чинь хашааныхаа гадна юм буулгаж байсан. Тэгэхээрнь би өөрөө машиныхаа гэрлийг тусгасан чинь түрүүтэй тариа буулгаж байсан. Талбай дээрээс ачиж байгааг нь очиж хараагүй. Тариа буулгаж байх үед эхнэр нь хамт байсан. Би Ганзоригтой Маргааш өглөө нь очоод уулзсан. Цагдаа дуудаад яах вэ?, чи надтай ярилцчих, үхэр мал чинь ороод байна гэсэн чинь чамтай ярих яриа байхгүй гэсэн. Тэгэхээр нь би компанийнхаа хүмүүст утасдаж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өглөө очиж *******той уулзахдаа “шүдлэнгээс арай илүү үхэр өгсөн бол энэ асуудлыг хэлэхгүй байх байсан юм, үүнээс илүү будаа, тариа өгөх байсан юм” гэсэн асуудлыг яриагүй. Ганзориг өөрөө хохирлын үнэлгээ гаргуулахгүй тохиролцоод шүдлэн үхэр өгье гэж комиссын хүмүүст хэлсэн. Тариан талбайд орсон малын торгуульд А.Г-г шүдлэн үхэр 2020 оны 10 дугаар сарын 01-нд юм уу 02-нд өгсөн байх. Би *******т хураалт дууссаны дараа тарианы хаягдал солом авч болно гэж хэлсэн. Тэрнээс тариа, будаа авч болно гэж би хэлээгүй. Сант суманд байрлах бригадын дарга, хариуцаж ахалдаг хүн нь Мөнхтөр гэдэг хүн байсан. Би А.Г-с нэрмэл архи авсан асуудал байхгүй. *******ийнхоос авлага, өглөг байхгүй. Эвдрэл гараад байрлаж байгаа вагончик руугаа түлхүүр багаждаа явж гагнуур хийсэн. А.Г-г өдөр нь согтуу байсан. Архи уухаараа их тавтиргүй учир маргааш өглөө эрт очиж уулзсан...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттөмөр өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 30-ний орой 22-23 цагийн орчимд “*******” ХХК-ийн “Хар гуя”-д тариа хурааж байсан Лхагваболд миний утас руу залгаад манай талбайн хажууд байдаг айлын хүн ангилсан тарианаас портероор ачиж ирээд хашаандаа оруулаад өвсөн доороо булчихлаа, энийг яах вэ гэж асуусан. Маргааш өглөө нь Сант сумын Засаг даргын тамгын газраас газрын даамал Батсайхан, байгаль орчны хяналтын улсын байцаагч Батдорж, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Бямбацэцэг нарыг болон цагдаа авч тухайн газарт очсон. Уг газарт очоод Ганзоригийн өвөлжөөнд хураалттай өвсийг ярж үзэхэд өвсөн доороос ангилчихсан тариа гарч ирсэн. Нэг портер дүүрэн хэмжээний тариа авчихсан байсан. Манай компанийн зүгээс үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 100.000 төгрөгийн хохирол учирсан...,...2020 оны 09 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчимд манай бригадын ажилчин Лхагваболд 93102744 дугаарын утаснаас миний 99166225 дугаарын утас руу залгаад манай балттай тарианаас нэг хүн портероор ачиж ирээд хураалттай өвсөн доогуураа хийчихлээ гэж хэлсэн. Маргааш өглөө нь цагдаа дуудаад, тамгын газраас Бямбацэцэг, Батсайхан, Батдорж нарын хамт очиход өвсөн доороос нь манай тариа гарч ирсэн. 1 портерийн ачаа дүүрэн балттай тариа авчихсан байсан...,...Би ******* ХХК-нд 2010 оноос хойш ажиллаж байна. Тэгээд дарга нар нь солигдоод тухайн ХХК-нд дансгүй ажиллаж байсан юм. ******* гэдэг хүн нь энэ жил манай ХХК-ийн Хушаатад ирж ажилласан юм. ******* нь тариа хураалтын үеэр тариан талбайд орсон мал болон тариагаа хардаг, хариуцдаг ажил хийдэг байсан юм. Тариан талбайд орсон малын эзэдтэй хохирол тооцоо хийдэг, тийм л ажил хийдэг байсан юм. Түүнээс биш яг бригад ахалдаг байгаагүй. Тариан талбайгаас улаан буудай болон хаягдал будаа зэргийг бусдад өгөх эрх мэдэлгүй. Ер нь бол тариа хураалт дууссаны дараа бол тэр хавийн малчид угаасаа хаягдал соломыг авдаг, малаа оруулж идүүлдэг юм. Лхагваболд хэлэхдээ тариа дууссаны дараа бололгүй яадаг юм бэ, угаасаа хаядаг юм чинь гэсэн утгаар хэлсэн гэсэн. Түүнийг тариа аваарай гэж хэлээгүй гэж байсан. Хохирол төлбөрөө өгнө гэж байгаа учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38, 47-48, 126-127 хуудас/, 2.Иргэний нэхэмжлэгч Ш.Энхтүвшин өгсөн: “...Би 7226 ДАХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2013 оны үед Улаанбаатар хотынзахаас 9 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд өөрсдөө хэрэглэж байгаад намайг нөхрийн ах болох *******т 2015 онд 7 сая төгрөгөөр зарсан юм. Одоогийн байдлаар 5 сая төгрөгөө авсан үлдэгдэл 2 сая төгрөг байгаа. Тэгээд өглөг авлагаа цэгцлээд мөн ах дүү хамаатан садан улс бөгөөд амьдралыг нь сайн мэдэх учраас шамдуулж мөнгө хөрөнгө нэхээгүй, тээврийн хэрэгслийн нэр эрхийг шилжүүлэх гэж яараагүй юм. Надад одоогоор нэхэмжлэх зүйл алга байна. А.Г-г яваандаа өөрийн боломж бололцоогоороо үлдэгдэл мөнгө төгрөгөө өгөх байх. Тухайн тээврийн хэрэгсэл нь одоо А.Г-йн өмч, өөрөө асуудлаа шийднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/, 3.Гэрч ******* өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг “Хар гуя” гэх газар “*******” ХХК-ийн тариалангийн талбайн тариаг хурааж байгаа юм. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн орчимд манай урд талд өвөлжөөн дээр байдаг Ганзориг гэх залуу эхнэрийн хамтаар 101 га талбай руу машинтайгаа явсан. Тэгээд араас нь харж байхад 101 га талбайд ангилаад үлдээсэн балл /мөрнөөс/ ачиж байсан. Манайх 101 гар талбай дээр 3 балл тариа комбайн эвдэрсний улмаас үлдээсэн. Тэгэхээр нь Ганзоригийг тариа ачиж авч ирээд өвсний хашаандаа буулгах байх гэж бодоод машиныхаа гэрлийг асаахад бэлэн болгоод хүлээж байсан чинь ачаад хүрээд ирсэн. Тухайн үедээ ирээд шууд буулгаад дээрээс нь шарилж зулгаагаад дарж нуугаад байсан. Тэгэхээр нь 10 дугаар сарын 01-ний өглөө 08 цагт ирж Ганзоригтой уулзаад “чи яагаад тариа ачив” гэж хэлэхэд “би тариа ачаагүй хог ачсан чамтай яриагүй” гэж хэлсэн. Тухайн үедээ Г-г өөрийнхөө унаад яваад байдаг хөх өнгийн портер маркийн 7226 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явсан. Манай талбайгаас Ганзориг 1 портер түрүүтэй будаа авсан. Уг авсан талбайг нь хэмжихэд 3 мөрнөөс 50 метр, 56 метр, 16 метрт тус тус авсан байсан. Уг 1 портер түрүүтэй будааг цайруулахад 1 тонн орчим будаа гарна гэж бодож байна. Ганзориг гэх хүний эхнэр нь урьд надаас хаягдал тариа авч болох уу гэж асуухаар нь тариа аваад дууссаны дараа түүж авч болно гэж хэлсэн болохоос тариа дуусаагүй байхад балл хамаад ав гэж хэлээгүй..., ...Би Ганзориг болон түүний эхнэрт тариа талбайгаас комбайн гарахаар хаягдал авч болно гэж хэлээгүй. Харин Ганзориг болон түүний эхнэр надаас тариа авч дууссаны дараа үлдэгдэл хаягдлыг авч болох уу гэж гуйсан. Тэгэхээр нь би тариа хурааж дууссаны дараа үлдэгдэл хаягдлыг авч болно гэж хэлсэн. Тэгэхээс тариа талбайгаас комбайн гарсны дараа хаягдал авч болно гэж хэлээгүй. Эдгээр нь тусдаа ойлголтууд байгаа юм. Ганзоригийг юу гэж ойлгосон талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 125 хуудас/, 4.Гэрч А.Батдоржийн өгсөн: “...Би тухайн өдөр Батсайхан, Бямбацэцэг нарын хамтаар “*******” ХХК-ийн тариалангийн талбайд мал орсон гэх дуудлагаар очсон. Тухайн үед очиход “*******” ХХК-ийн ажилтан Лхагваболдоос гомдол гаргасны дагуу цагдаагийн хамтаар үзэхэд Ганзориг нь “*******” ХХК-ийн тариалангийн талбайгаас түрүүтэй тариа ачиж авч ирэн өвөлжөөний ард байрлах өвсний хашаандаа өвснийхөө доод талд хийгээд өвсөөр хуччихсан байсан. Тариалангийн ургацын хэмжээг манай суманд хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн 08 сард тогтоодог. Энэ жилийн ургацын хэмжээг мөн тогтоосон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/, 5.Гэрч Ч.Долгормаа өгсөн: “...Би А.Г-йн эхнэр нь байгаа юм. Бид хоёр гэр бүл болоод 3 жил болж байна. Гэхдээ гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Манайх Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг “Хар гуя” гэх газар амьдраад 3 жил болж байна. 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр манай нөхөр А.Г-г гэртээ ганцаараа архи уусан байсан. Тухайн өдөр “*******” ХХК-ийн ажилтан Лхагваа 13 цагийн орчимд манай гэрийн гадна ирээд “үхэр чинь манай талбайд орчихсон байхаар нь хашчихсан шүү гэж хэлсэн. Тэгээд очоодүхрээ гаргаж авах гэхэд торгуулиа төлөөд ав гэж хэлж байсан. Тэгэхээр нь “энд олон айлын үхэр хашигдсан байна, эдгээр хүмүүстэй ярилцаж байгаад өгье” гэж хэлээд үхрээ гаргаад авсан. Тэгээд орой тугалаа хашчихаад 22 цагийн орчимд гэртээ ирээд 2 хүүхдээ унтуулаад байж байхад Ганзориг “тариан талбайгаас комбайн нь гарчихлаа, цас орох гэж байна хаягдал будаа ачаад аваад ирье” гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй өөрийн 7226 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд солом ачиж авч ирээд өвсний хашаандаа буулгасан...” гэх мэдүүлэг/хх[1]ийн 53 хуудас/, 6.Гэрч Д.Бямбацэцэг өгсөн: “...Манай суманд урьдчилсан ургац тогтоолтыг 08 дугаар сарын 21-ний өдөр хийсэн. “*******” ХХК-д ургац тогтоолтыг 2020 оны 08 дугаар сарын 21-нд хийсэн ба 1 га талбайн ургац нь 25 центнер гэж тогтоосон. Ургацыг тогтооход 1 метр квадрат талбайд ургасан тариан түрүүний тоог түрүүн дэх үрийн үржүүлж бодон гарсан тогтоог 10.000 метр квадратаар үржүүлж га-ийн ургацыг тогтоодог. Тариаг ангилан хадаж байгаа тохиолдолд тариаг ангилах жатка гэх техник ашиглан хаддаг ба тариагаа хатаасны дараа цайруулалт хийдэг юм. “*******” ХХК-ийн хувьд ангилан хадалт хийсэн. Тухайн үед хохиролд тогтооно гэсэн дуудлага “*******” ХХК-иас ирсний дагуу Батдорж, Батсайхан нарын хамт очсон. Очиход тариалангийн талбайд ангилсан будаанаас шөнийн цагаар зөвшөөрөлгүйгээр ачиж авсан байсан ба Ганзоригийн өвөлжөөнд очиход өвөлжөөнийхөө ард өвсний хашаандаа буулган өвсөөр дарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/, 7.Гэрч Н.Мөнхтөр өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Сант суманд “*******” ХХК-нд 3 жил газар тариалангийн чиглэлээр ажиллаж байна. Манайх Сант суманд 1300 га талбайд үйл ажиллагаа явуулдаг. Тухайн газар тариагаа хураахдаа тариагаа ангилж байж хурааж авсан. Тэгэхдээ тариа ангилах 5 метр жатка ашиглан ангилсан. 10 хонуулж байгаад комбайнаар хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/, 8.Гэрч Ц.Батсайхан өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сант сумын Хушаат 2 дугаар багийн “Хар ус” гэх газарт байрлах “*******” ХХК-ийн тариан талбайд мал орсон гэх дуудлагын дагуу байгаль орчны улсын хяналтын байцаагч А.Батдорж, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Д.Бямбацэцэг нарын хамтаар тухайн газарт очсон. Тэнд очиход Лхагваболдын гаргасан гомдлын дагуу А.Г-йн өвсний хашаанд үзэхэд өвсөн доор нь түрүүтэй будаа хийчихсэн байсан. Тухайн өвсөн дор байсан түрүүтэй улаан буудайг Шивэртийн адаг гэх А.Г-йн өвөлжөөний зүүн урд талд байрлах 82.7 га талбайгаас авсан гэж ярьж байсан. Уг нь анх тариан талбайд мал орсон үнэлгээ гаргана гэж очсон боловч тухайн түрүүтэй улаан буудайны талаарх асуудал яригдсаар байгаад бид нар буцсан. Тэнд байсан хүмүүсийн хооронд хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-59 хуудас/, 9.Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ж.Лхагважаргалын ирүүлсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг “Хар гуя” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн тариалангийн талбайд ангилсан байсан түрийтэй будаанаас /130м x 5м/ 650.0 м.кв талбайд хураасан байсан 0.160 тн түрүүтэй будаа алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 104000=00 /Нэг зуун дөрвөн мянга/ төгрөг байна. /Хавсралт №01/. Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон “Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааэрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн №071200029 тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх эд зүйлийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт/хх[1]ийн 21-23 хуудас/, 10.2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 хуудас/, 11.2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 хуудас/, 12.2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16 хуудас/, 13.2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19/, 14.2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 118-120 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон *******т холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх дээр дараах дүгнэлтийг гаргаж байна. А.Г-г нь 2020 оны 09 сарын 30-ний орой 21 цагийн орчимд 72-26 ДАХ улсын дугаартай Хюундай портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Сэлэнгэ аймгийн Сант сум Хушаат 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ний тариалангийн талбайгаас 0.160 тонн түрүүтэй будаа хулгайлж ******* ХХК-д 104.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлон тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч *******ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүх бүрэлдэхүүнд тавьж байна...” гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар 2020 оны 09 сарын 30-ний өдөр 0.160 тонн буудай хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон А.Г-йн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллаж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй вэ гэхээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан бол гээд энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг зааж өгсөн 06 сараас 5 жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ гэж заагаад хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байх юм болбол энэ гэмт хэргийг 2.1, 2.2, 2.3, 2.4 гэж заасан байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байж 2 дахь хүндрүүлэх нөхцөл байдал бий болно. Тайлбарт нь юу байдаг вэ гэхээр энэ зүйлийн 1 дэх хэсэгт үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Бага хэмжээний хохирол гэдэг нь юу вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хор уршгийн талаар заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доошхыг хэлнэ гэсэн байгаа. Тэгэхээр бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтээ бага хэмжээний хохирлоо заагаад өгчихсөн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг болсон байгаа. Хэрэг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үйлдэгдсэн. Тэгэхээр энэ 420.000 төгрөгт хамаарах юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл ангийн гэмт хэргийн 4 бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байж эрүүгийн хэрэг гэж ярина. Энэ хор уршиг буюу 420.000 төгрөгөөс доош байвал хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан хулгайлах гэснээр зүйлчлэхээр хууль зохицуулагдаж өгчээ. Тэгэхээр хамгийн гол нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь 104.000 төгрөг юм. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 руу яагаад оруулсан бэ гэдгийг ойлгохгүй байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хамгийн гол зүйл нь хор уршиг байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэх нь буруу юм. Иймд материаллаг гэмт хэргийн бүрэлдэхүүн буюу объектив тал нь байхгүй учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгох санал дүгнэлтийг оруулж байна...” гэв. Шүүх хуралдаан шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба: “...А.Г-йн өмгөөлөгчөөр оролцож байна. А.Г-г энэ хэрэгт холбогдонгуутаа, хэрэг шалгагдаад дуусаж байх шахуу өмгөөлөгч авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хор хэмжээ, хуулиар хамгаалагдсан ашигт бодит хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн байдаг. Тэгэхээр хэргийг хэрэгсэхгүй болгох, эсвэл буцааж шалгуулах гэсэн дүгнэлттэй байна ...” гэв. “*******” ХХК-ийн эзэмшлийн талбайд ургуулсан будаа нь компанийн ажилчдын арчилж ургуулсан хөдөлмөрийн үр шим бөгөөд тухайн компанийн ургацын талбайн харуул хамгаалалтын хяналт доор ургац хураалт явагдаж дуусаагүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн гэрч *******ын “...ургац хураалт 10 сарын 10 гээд дууссан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 21 цагийн орчим ******* ХХК-ийн тариалангийн талбайн будаа хураалт дуусаагүй байхад 72-26 ДАХ улсын дугаартай Хюундай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан ангилан хураасан будаанаас 0.160 тонн түрийтэй будаа ачиж өвөлжөөн дээр буулгаж өвсөөр далдалсан үйлдэл нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд зүйлийг нууц далд аргаар өөрийн өмчлөл, эзэмшилд оруулж зарж борлуулах эзэмшихийг ойлгоно. Хулгайн үйлдэл хийж байгаа гэм буруутай этгээд өөрт нь үл хамаарах, бусдын өмчлөлийн зүйлийг хууль зөрчиж нууц далд хэлбэрээр иргэн аж ахуй нэгж, төрийн байгууллагын эд хөрөнгөд халдах явдал юм. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар гэрч *******той ургацын талбайгаас комбайн нь гарахаар хаягдал будаа авахаар тохиролцсоны дагуу ******* ХХК[1]ны тариан талбайгаас будаа авсан. Энэ бол иргэд хоорондын маргаан гэж байгаа бол шүүгдэгчийн хоёр дахь өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйл ангийн гэмт хэргийн 4 бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байж эрүүгийн хэрэг гэж ярина. Энэ хор уршиг буюу 420.000 төгрөгөөс доош байвал хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан хулгайлах гэснээр зүйлчлэхээр хууль зохицуулагддаг. Иймд Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар зөрчлийн шинжтэй үйлдэл гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: 1.Тариан талбайд тариа хураалт хийж байсан комбайн нь эвдрэл болж талбайгаас гарсан болох нь *******ын мэдүүлгээр тогтоогдсон, 2.******* ХХК-ийн тариан талбайд шүүгдэгч ороод будаа авахдаа “3 мөр толгойтой ангилчихсан балл” буюу түрүүтэй будаа байсныг мэдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Хаягдал будаа биш гэдгийг хангалттай мэдэж байсан. 3. Гэрч *******ын мэдүүлгээс тариа хурааж дуусахаар хаягдал будаа авч болох талаар гэрч Долгормаа, шүүгдэгч нар асуухад тэгээрэй гэсэн яриа болсон байна. Гэрч ******* нь ******* ХХК-ийн өмнөөс хэн нэгэнтэй хэлцэл хийх эрх бүхий этгээд биш тул хэлцэл хийж тохиролцсон гэж дүгнэх боломжгүй юм. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хулгайлах гэмт хэрэг гэж шинжийг нь хуульчилсан. Шүүгдэгч тариан талбай руу явах замдаа машины гэрлээ асааж очоод гэрлээ унтрааж будаа ачиж байгаа үйлдэл ээ машины аккумлятор муу учир унтраасан гэж мэдүүлж байгаа ч аккумлятор муу гэдгээ мөрдөн байцаалтад мэдүүлээгүй, энэ талаар нотлогдсон баримт хэрэгт бэхжигдээгүй байна. Гэмт үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол /300.000 төгрөгөөс бага/ учирсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар шийтгэхээр байгаа боловч өөрийн үйлдлээ хөнгөвчилж тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хохирлын хэмжээ хамаарахгүйгээр хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болохыг ч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хуульчилжээ. /Энэ талаараа хууль тогтоогч тайлбар ч хийсэн байна./ Шүүгдэгч А.Г-йн үйлдлээс бага бус хэмжээний буюу 104.000 төгрөгийн хохирол учирсан байгаа ч тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Иймд шүүгдэгч *******ийг хулгайлах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэм буруутай гэж дүгнэлээ. Гэрч Д.Лхагва-болд шүүгдэгчийг эхнэртэйгээ хулгай хийсэн гэх мэдүүлэг нь шүүгдэгчийн “...намайг тариа авч ирсэн буулгасныг хүн мэдээгүй маргааш нь манай эхнэр л мэдсэн...” гэх мэдүүлэг болон гэрч Ч.Долгормаагийн “...тэгээд орой 22 цагийн орчим тугалаа хашчихаад гэртээ ирээд 2 хүүхдээ унтуулаад байж байхад А.Г-г тариан талбайгаас комбайн гарчихлаа хаягдал будаа ачаад ирье...” гээд явсан гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Гэрч Ч.Долгормаа 03-04 насны хоёр хүүхдээ орхиод харанхуй шөнө явах боломжгүй байдал тогтоогдсон тул гэрчийн мэдүүлгийг үнэлсэн болно. Иргэний нэхэмжлэлийн талаар: Шүүдэгч А.Г-г нь “*******” ХХК-нд 104.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг “Хар гуя” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн тариалангийн талбайд ангилсан байсан түрийтэй будаанаас /130м x 5м/ 650.0 м.кв талбайд хураасан байсан 0.160 тн түрүүтэй будаа алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 104000=00 /Нэг зуун дөрвөн мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 21-23 хуудас/-р тогтоогдож байна. Шүүгдэгч А.Г-г, “*******” ХХК-нд учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны “*******оос, “*******” ХХК-нд 104.000 /нэг зуун дөрвөн мянган/ төгрөгийг” шилжүүлсэн баримт /хх-ийн 135-р хуудас/ авагдсан байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагч: “...Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай...” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба:“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг прокуророос гаргаж байгаа боловч шүүгдэгчийн хувийн байдал, хохирол байхгүй зэрэг хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү гэдгийг шүүхэд санал болгохоор байна. Машин нь хүний нэр дээр байдаг. Одоохондоо өөрийнх нь нэр дээр очоогүй. Үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй учраас хүний өмч юм. Машины он нь 2001 он. Ерөнхийдөө эвдрэл нь фото зургаас харагддаг. Тиймээс 1.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Иймд 1.000.000 төгрөгийг хурааж машиныг нь үлдээж битүүмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хэлэх байна...” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа:“...А.Г-йн ар гэрийн амьдралын байдлыг харгалзаж үзнэ үү. А.Г-г 2017 онд төрсөн 4 настай, 2018 онд төрсөн 3 настай хүүхдүүдтэй. Шүүгдэгч нь өөрөө хэлж байсан. Эхнэр нь жирэмсэн. Элэгний хатуурал өвчтэй..., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээг хоёрны нэгээс багагүй оногдуулах гэж заасан байгаа. Энэ заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэв. Шүүгдэгч А.Г-йн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах шийтгэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг байна. Шүүгдэгч А.Г-г нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч *******т Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлоо төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Дээрх байдлуудыг дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 01/нэг/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан01/нэг/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72-26 ДАХ дугаартай тээврийн хэрэгсэл нь гэрч Ш.Энхтүвшингийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь хавтаст хэргийн 41 дүгээр хавтаст авагдсан гэрч Ш.Энхтүвшингийн мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ тээврийн хэрэгслийг “Капитал зууч” ХХК 1.000.000 төгрөгөөр /хх-28/ үнэлжээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 72-26 ДАХ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Энхтүвшинд буцаан олгох нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-с 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ. Энэ хэрэгт шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайж овогт А-н Г-г хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 01/нэг/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 01/нэг/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч А.Г-г нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-с 1.000.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 72-26 ДАХ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Э-д буцаан олгосугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА