Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Г

Хариуцагч: Ц.Ч

Гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.*******тай 2004 онд танилцаж 2007 онд гэр бүл болж албан ёсны баталгаа хийлгэж хамтран амьдарсан. Бидний дундаас 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр охин Ч.******* төрсөн. Би Ц.*******тай суухаас өмнө охин Г.*******тэй амьдарч байсан. Бид хамт амьдарч байх хугацаанд Ц.******* нь архи их хэмжээгээр ууж, өөр хүнтэй гэр бүл болсон учир бид 2009 оноос одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Иймд би хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгон, хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Нэмж ярих зүйл гэвэл бид хоёр 2002 оноос зэвсэгт хүчний 119 дүгээр ангид хамт ажиллаж байгаад 2004 онд танилцаж 2007 онд албан ёсоор гэр бүл болсон. Ц.*******тай танилцахаас өмнө би охин *******тэй хамт амьдарч байсан. 2007 онд Ц.******* Удирдлагын академид суралцах шалтгаанаар Улаанбаатар хотод байх болж, би тэндээ 119-р ангидаа ажиллаад үлдсэн. Ц.******* нь Улаанбаатар хотод байх хугацаандаа архи байнга уух болж сургуулиасаа хөөгдөх хүртэл арга хэмжээ авхуулж 2008 онд сургуулиасаа гарсан. Сургуулиасаа гарсны дараа Өмнөговь аймагт ажиллахаар томилогдож ирсэн. Би 2008 оноос хойш Зэвсэгт хүчний 186-р ангид ирж ажилласан. Энэ хугацаанд ******* Ц.*******ын ээж аавын асрамжид байсан. 2007 онд *******г 1 нас хүрэнгүүт нь хадам ээж аавдаа харуулаад өөрөө ажилд орсон юм. Тэгээд 2009 онд ирж *******г авч яваад тэрнээс хойш хоёр охинтойгоо Орхон аймагт амьдарч байна. Ц.*******аас гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн асрамжийн талаар шийдүүлэхгүй. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Миний бие Цэрэндагва овогтой ******* 2004 онд С.*******тай гэр бүл болсон. 2006 онд охин ******* төрсөн. Гэрлэлт салгуулахад татгалзах зүйл байхгүй. Өөрийн охин болох *******г өөрийн асрамжинд авах хүсэлтэй  гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох С.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.*******, Ч.******* нарын эрүүл бойжиж буй тодорхойлолт, 0214794 дугаартай Г.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар, 0208702 дугаартай Ч.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 014/008498 дугаартай Ц.*******, С.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Орхон аймгийн ******* сумын ******* багийн С.*******гийн ам бүлийн тодорхойлот, Г.*******, Ч.Анухан нарын сурч байгаа сургуулийн тодорхойлолт, Ц.*******ын хариу тайлбар, Г.*******, Ч.Анухан нарын санал зэргийг шинжлэн судлав.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* нь Ц.*******аас гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Ц.*******аас гэрлэлт цуцлуулж, 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Г.*******, 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Ч.******* нарт тэтгэлэг тогтоолгохыг хүсчээ.

Хариуцагч Ц.******* нь “Гэрлэлт салгуулахад татгалзах зүйл байхгүй. Өөрийн охин болох *******г өөрийн асрамжид авах хүсэлтэй” гэсэн тайлбарыг гаргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд С.*******, Ц.******* нар нь 2005 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага бүртгэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр охин Ч.******* төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Ц.******* нь С.*******тай хамтран амьдарах хугацаандаа архи хэтрүүлэн хэрэглэж байсан болох нь нэхэмжлэгч С.Гиймагийн “Бид хамт амьдарч байх хугацаанд Ц.******* нь архи их хэмжээгээр ууж, сургуулиасаа хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулж байсан” гэсэн тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч нь энэ тайлбарыг няцаадаггүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж...хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийн цуцлана гэж заасан байх тул С.*******, Ц.******* нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Ц.******* нь 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Ч.*******г өөрийн асрамжид авна гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлдээ хүүхдийн асрамжийн талаар дурдаагүй, хариуцагч Ц.******* нь Ч.*******г өөрийн асрамжид авна гэж сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хүүхдийн санал, нас, ахуйн нөхцөл бололцоо, өсч дассан орчин зэргийг харгалзан 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Ч.*******г төрүүлсэн эх С.*******гийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Харин охин Г.*******ийн хувьд түүний төрсний гэрчилгээний хуулбарт хүүхдийн эцэг /эх/-ийн нэр ******* гэх ба нэхэмжлэгч С.******* нь шүүх хуралдаанд “Ц.*******тай танилцахаас өмнө би охин *******тэй хамт амьдарч байсан. Төрсөн аав нас барчихсан гэж би сонссон” гэсэн тайлбар гаргадаг ба Г.*******ийн төрсөн эцэг нь Ц.******* болох нь захиргааны журмаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн охин Г.*******эд тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй. 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр охин Ч.*******гийн эцэг Ц.******* болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Ч.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 56418 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ц.*******аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.   

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар С.*******, Ц.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Ч.*******г эх С.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******аас охин Ч.*******г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
  6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж 56418 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  7. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д, 28209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод тус тус оруулахаар шийдвэрлэсүгэй.
  8. Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаарлагаас охин С.Өлзийдэлгэрт Ц.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ