| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00175/И |
| Дугаар | 261 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00175/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг Бат-Адрага сумын 4 дүгээр баг Дуурлигийн 4-06 тоотод оршин суух, Сад овогт Базарсадын Энхтуяа РД:/СВ62061600/-ийн хүсэлттэй,
хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Энхтуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний төрсөн эцэг Жамцын Базарсад, эх Пүрэвийн Чимэдцэрэн нар нь намайг бага байхад гэр бүл өрх тусгаарлаж, миний ээж Дамдины Товуудоржтой гэр бүл болсон юм. Д.Товуудорж нь миний хойд эцэг юм. Би 1977 онд Техник мэргэжлийн сургуульд элсэн ороход нээж өгсөн хөдөлмөрийн дэвтэрт намайг миний хойд эцэг болох Д.Товуудоржоор овоглосон байсан. Миний бусад бичиг баримт маань төрсөн эцэг Жамцын Базарсадаар овоглогдсон байдаг юм. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй байгаа тул нийгмийн даатгалаас хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо шүүхээр тогтоолго гэсэн юм.
Иймд 1977 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийг минийх болохыг тогтоож өгнө үү” гэв
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4-6, 7, 14, 18, 20, 21, 23/ бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Энхтуяа нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгохоор Б.Энхтуяа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Хүсэлт гаргагчийн хувийн байдлыг тодорхойлсон, Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэгчид олгосон иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд эцгийн нэр Базарсад, нэр Энхтуяа, 1962 оны 06 сарын 16 өдөр төрсөн гэж бичигдсэн нь иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар /хх 3/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Ажилд томилогдсон, ажлаас өөрчлөгдсөн тухай мэдээлэл агуулсан хөдөлмөрийн дэвтэрт /хх 4-6/ овог Товуудорж гэж бичигдсэн нь дээрх иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эцгийн нэртэй тохирохгүй байна.
Хүсэлт гаргагч Б.Энхтуяа нь бага наснаасаа өөрийн эцэг Базарсадаар овоглож явсан ба хөдөлмөрийн дэвтэр авах үед хойд эцэг Товуудоржоор овоглосон, эх П.Чимэдцэрэн нь Товуудоржтой 1969 онд гэр бүл болсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч П.Чимэдцэрэн, Т.Энхжаргал нарын /хх 18, 21/ мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн хүсэлт гаргагч Базарсадын Энхтуяа нь гэрчээр мэдүүлэг өгсөн Товуудоржийн Энхжаргалын эгч мөн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 13 өдрийн 00/000458/1500 дугаартай төрөл садангийн тухай лавлагаагаар /хх 23/ тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Товуудоржийн Энхтуяад 1977 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Базарсадын Энхтуяа мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Товуудоржийн Энхтуяад 1977 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Базарсадын Энхтуяа РД:/СВ62061600/ мөн болохыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Б.Энхтуяад мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА