| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00209/И |
| Дугаар | 262 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00209/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1-55-01 тоотод оршин суух, Боржигон овогт Батын Дэлгэрмаа РД:/СТ63091300/-гийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Дэлгэрмаа, нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Дэлгэрмаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 1984 оны 07 дугаар сарын 25 өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сангийн аж ахуйн хүний их эмчийн салбарт цэвэрлэгчээр ажиллаж байсан. Миний бие 50 настай тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жил маань хүрэхгүй гарч чадаагүй. Одоо 55 настай тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил маань хүрэхгүй байгаа учраас дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн юм. Иймд намайг 1984 оны 07 дугаар сарын 25 өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сангийн аж ахуйн хүний их эмчийн салбарт цэвэрлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5, 6, 7, 8, 9, 13, 16, 18, 19, 21-22/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Дэлгэрмаа нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сангийн аж ахуйн хүний их эмчийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 25 өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01 өдөр хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Б.Дэлгэрмаа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Хүсэлт гаргагч Б.Дэлгэрмаа нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сангийн аж ахуйн хүний их эмчийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 25 өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01 өдөр хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 5/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 02 дугаар сарын 21 өдрийн 04 дугаартай тушаал /хх 6/, Хэрлэн сумын ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн 1982 оны 09 дүгээр сарын 23 өдрийн тушаал /хх 7/, 1984 оны 7 дугаар сарын 25 өдрийн 16 дугаартай тушаал /хх 8/, Хэнтий аймгийн архивын тасгийн тодорхойлолт /хх 9/, 1979 оноос 1984 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын сангийн аж ахуйн үнээ фермийн саальчнаар, 1985 оноос 1995 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан гэрч Г.Эрдэнийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 16, 18/, 1963 оноос 1995 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд тракторын болон авто машины жолоочоор ажиллаж байсан гэрч Г.Доржийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 19, 21-22/ зэрэг болно.
Б.Дэлгэрмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сангийн аж ахуйн хүний их эмчийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 25 өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01 өдөр хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Батын Дэлгэрмаа РД:/СТ63091300/ нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сангийн аж ахуйн хүний их эмчийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 25 өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01 өдөр хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Дэлгэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Б.Дэлгэрмаад мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА