Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00162/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Биндэр сумын 2 дугаар багт оршин суух, Найман овогт Батпүрэвийн Сайханжаргал РД:/СЖ62051101/-гийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сайханжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Сайханжаргал нь 1978 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30 өдрийг дуустал Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 2 дугаар бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан юм. Б.Сайханжаргал нь өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй мөн ажлаас орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн юм. Иймд Б.Сайханжаргалыг 1978 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30 өдрийг дуустал Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 2 дугаар бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 2, 3, 4, 5-11, 12-16, 17, 19, 24, 34, 35, 37, 41/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Сайханжаргал нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30 өдрийг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Б.Сайханжаргал нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Хүсэлт гаргагч Б.Сайханжаргал нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30 өдрийг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хэнтий аймгийн архивын тасгийн 149 дугаартай цалингийн тодорхойлолт /хх 2/, Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн даргын 1991 оны 07 сарын 27 өдрийн 65 дугаартай тушаал /хх 3/, Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх 4/,  хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 5-11/, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хх 12-16/, итгэл найдварын хуудас /хх 19/, Хэнтий аймгийн Биндэр сумын засаг даргын тодорхойлолт /хх 24/, Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1977 оноос 1992 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан гэрч Б.Равжаагийн мэдүүлэг /хх 34/, 1960 оны 01 дүгээр сарын 05 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 02 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд тракторчин, цэвэрлэгийн аж ахуйн эрхлэгч, тус нэгдлийн цайны газарт бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан гэрч С.Сувдаагийн мэдүүлэг /хх 35/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 37/, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 17 өдрийн 662 дугаартай шүүхийн шийдвэр /хх 41/ зэрэг болно.

 

Б.Сайханжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30 өдрийг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Найман овогт Батпүрэвийн Сайханжаргал РД:/СЖ62051101/ нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30 өдрийг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн          60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Сайханжаргалаас 40 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 20 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Б.Сайханжаргалд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.АРИУНАА