Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00179/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанаар: Хас банкны Хэнтий салбарын хүсэлттэй, “хариуцагчаар оролцвол зохих этгээд З.Болормааг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Будхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Хас банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус банкны зээлдэгч Зандраагийн Болормаа нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн 1040015169 дугаар зээлийн гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1040015169 дугаар барьцааны гэрээг байгуулан 6 500 000 төгрөгийг жилийн 26.4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн, мөн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1040017755 дугаар зээлийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1040017755 дугаар барьцааны гэрээг байгуулан 10 000 000 төгрөгийг жилийн 26.4%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Зээлдэгч З.Болормаа нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй, иргэний үнэмлэхийн бүртгэлтэй хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, зээлийн төлбөрөөс санаатайгаар зайлсхийж байх тул зээлдэгч З.Болормааг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газар, гадаад улсад зорчсон эсэхийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал) 

Хүсэлт гаргагч ХАС банкны Хэнтий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Будхүү  нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч З.Болормаа нь ХАС банкны Хэнтий салбараас 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 6 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөгийн бичил бизнесийн зээл авсан. 2016 оны 12 дугаар сараас зээлийг төлөхөө больсон. “Хаш-тун” хувийн эмнэлэгт өрөө түрээслэн шүдний эмнэлэг ажиллуулж байсан. Хаягаар шалгаж үзэхэд бизнесээ хийхээ больж бизнесийн үйл ажиллагаа нь зогссон. Мөн амьдарч байсан хаягтаа байхгүй, хаана оршин амьдарч байгаа нь тодорхойгүй болсон тул З.Болормааг эрэн сурвалжилж өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 31 тал)

Шүүх хуралдаанд  хэрэгт авагдсан хүсэлт гаргагч байгууллага ХАС банкны Хэнтий салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, (хх-ийн 1 тал)             1040017755 тоот зээлийн гэрээ,(хх-ийн 3-7 тал) № 1040017755 тоот барьцааны гэрээ (хх-ийн 7-11 тал) № 1040012073-01 тоот баталгаат ипотекийн гэрээ (хх-ийн 12-14 тал) № 1040015169 тоот зээлийн гэрээ (хх-ийн 15-17 тал) иргэн З.Болормаагийн иргэний

үнэмлэхийн хуулбар (хх-ийн 18 тал) Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн засаг дарга Л.Саранцэцэгийн тодорхойлолт, (хх-ийн 19 тал) улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, (хх-ийн 20 тал) дансны хуулга (хх-ийн 21-22 тал) Хас банкийг шүүхэд төлөөлөх эрхийг олгох гүйцэтгэх захирлын тушаал, (хх-ийн 23-24 тал) нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэл, (хх-ийн 25-26 тал) хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Будхүүгийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, (хх-ийн 31 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч ХАС банкны Хэнтий салбар нь хариуцагчаар оролцвол зохих З.Болормааг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Иргэн З.Болормаа нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагч ХАС банкны Хэнтий салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, (хх-ийн 1 тал) № 1040017755 тоот зээлийн гэрээ,(хх-ийн 3-7 тал) № 1040017755 тоот барьцааны гэрээ (хх-ийн 7-11 тал) № 1040012073-01 тоот баталгаат ипотекийн гэрээ (хх-ийн 12-14 тал) № 1040015169 тоот зээлийн гэрээ (хх-ийн 15-17 тал) иргэн З.Болормаагийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 18 тал) Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн засаг дарга Л.Саранцэцэгийн тодорхойлолт, (хх-ийн 19 тал)  хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Будхүүгийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, (хх-ийн 31 тал)  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд З.Болормаа нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул ХАС банкны Хэнтий салбар нь хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд иргэн З.Болормааг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох, гадаад улсад зорчсон эсэхийг шалгах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өргөөгийн 1-6 тоотод оршин суух хаягтай, (РД:ЖЬ-72070760) дугаартай Боржигин овогт Зандраагийн Болормааг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох, гадаад улсад зорчсон эсэхийг нь шалгах ажиллагаа хийж шүүхэд ирүүлэхийг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Зандраагийн Болормаагийн (РД:ЖЬ-72070760) иргэний үнэмлэхийн хуулбарыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ