Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 268

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00216/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт гэдэг газарт оршин суух, Боржигон овогт Мөнхбатын Рагчаа /РД: НС88043062/-ын хүсэлттэй,

“хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Рагчаа, нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Рагчаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 2013 онд Д.Батдэлгэртэй танилцаж, 2013 оны 03 сард Хэнтий аймгийн Баян-Адрага суманд Батдэлгэртэй хамтран амьдарч эхлэсэн. 2013 оны 06 сарын 10-ны өдөр Батдэлгэрийн аав нь Төв аймагт манай гэрт очиж бэр гуйж Батдэлгэр бид хоёр албан ёсоор хамтран амьдрах болсон. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд 2014 оны 11 сарын 19-ний өдөр хүү Б.Цэдэв-Очир, 2016 оны 03 сарын 10-ны өдөр хүү Р.Очирбат нарыг төрүүлсэн. Том хүүгээ эцэг Батдэлгэрээр овоглосон бөгөөд бага хүүгээ ааваар нь овоглох гэсэн боловч гэрлэлтийн баталгаагүй гээд ааваар нь овоглоогүй надаар овоглосон. Бага хүү Р.Очирбат нь төрсний дараа харваж хоёр нүд нь хараагүй болсон.

Манай нөхөр Батдэлгэр нь 2017 оны 01 сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд авто тээврийн осолд орж, нас барсан.

2013 оны 03 сараас талийгаач Д.Батдэлгэртэй хамтран амьдарч байсан тул бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 5, 6, 7, 17, 18, 20, 21/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Рагчаа нь тус шүүхэд Дамдинсүрэнгийн Батдэлгэртэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

 

D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\268-Ш-И.docx

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор М.Рагчаа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

 

Хүсэлт гаргагч М.Рагчаа нь Дамдинсүрэнгийн Батдэлгэртэй 2013 оны 03 сараас хойш нас барах /2017 оны 01 сарын 16 өдөр/ хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Дамдинсүрэнгийн Батдэлгэрийн №0000200002 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх 5/, хүү Б.Цэдэв-Очирын №46 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх 7/, гэрч талийгаач Д.Батдэлгэрийн нагац ах Н.Гомбосүрэн, түүний эхнэр Ч.Осгонжаргал нарын  мэдүүлэг /хх 17, 18/, төрөл садангийн тухай лавлагаа /хх 20, 21/  зэрэг болно.

 

Нотлох баримтаар тогтоогдож байх тул М.Рагчаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дамдинсүрэнгийн Батдэлгэртэй хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Мөнхбатын Рагчааг Боржигон овогт Дамдинсүрэнгийн Батдэлгэртэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагч М.Рагчаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг М.Рагчаад мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.АРИУНАА