Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 510

 

     Х.С-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Хэрлэнчимэг,

хохирогч Ц.Д, Ч.А нарын өмгөөлөгч Т.Даваажав,            

шүүгдэгч Х.С-н өмгөөлөгч А.Нацагдорж,     

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 57 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Ч.А-н гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Х.С-д холбогдох 1706032290422 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Х-н С, 19... оны .. дугаар сарын ...-ний өдөр ........... аймагт төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүүхдийн эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ......... дүүргийн ..... дугаар хороо, ......... хотхоны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Х.С нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Д-н байрыг “Оросуудад зарж өгнө” гэж хууран, 7.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд иргэн Ч.А-д “Оросуудаас төслийн хөрөнгө оруулалт авч өгнө” гэж хууран, 4.607.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Х-н С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд тэнцүү хуваан, хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.А, Ц.Д нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Х.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

  Прокурор М.Хэрлэнчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичих үндэслэлтэй гэж үзлээ. Үүнд:

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Х.С-н үйлдсэн хэргийг тус тусад нь зүйлчилж, гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулах санал гаргасан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “шүүгдэгч Х.С-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна” гэж дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Х.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл болон эс үйлдэхүй бүрийг гэмт хэрэгт тооцохоор, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй нэг гэмт үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагчийн өөр өөр цаг хугацаанд, нэр бүхий иргэдийн өмчлөх эрхэд халдан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт үйлдэл тус бүр нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулж, тэдгээр хохирогч нарт тус тусад нь материаллаг хохирол учирсан байна. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна." гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно." гэж заасныг тус тус зөрчин Эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчмыг алдагдуулж, гэмт хэргийн ойлголт, шинж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй, гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлсон хуулийн нэр томьёог буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч Х.С-н үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч Ч.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцсон ба шүүх хэт нэг талыг барьж, Х.С яаж ч худал хэлж гүтгэх энэ байдалд ямар ч хууль үйлчилсэнгүй.

1. Х.С эдний төслийг манай Оросууд дэмжихгүй гэж анхнаасаа дургүй байсан гэж тайлбар хийсэн. Гэтэл “таны төсөл Оросууд дэмжсэн, та надад мөнгө төгрөг өгч хамтарч төслөө оруулж ирнэ” гэж удаа дараа машин ломбардад тавиулж, тэтгэврийн зээл авахуулж хохироосон. Нийт 4.607.000 төгрөгийг өгөх байтал Х.С 2.607.000 төгрөгийг төлөх ёсгүй гэж дүгнэсэн.

2. Х.С Оросоос хөрөнгө оруулалт ирж байгаа анхны хөрөнгө ороод ирсэн 500.000 юань ороод ирсэн энэ хүнтэй хамтрахгүй гэж хэлсэн. Оросоос юань орж ирэх үү.

3. Шүүгч гүтгэх доромжлох байдалд эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж танилцуулсан. Гэтэл Х.С “энэ Ч.А Дорноговь аймагт 150.000.000 төгрөгийг залилан хийчихээд Дорноговь аймгийн цагдаад шалгагдаж байсан, хүүхэд нь гаргаж авсан” гэж ор үндэслэлгүй гүтгэсэнд ямар ч дүгнэлт хийгээгүй тул энэ байдлыг шалгаж тогтоож, Х.С-д хариуцлага тооцож өгнө үү.

4. Х.С надаас ямар ч үед хэзээ ч мөнгө авсан баримт өгдөггүй байсан. Одоо яг шүүх хурал дээр 2.000.000 төгрөг авсан, өөр мөнгө аваагүй, харин сүүлд авсан 200.000 төгрөгийг мартсан байна, нийт 2.200.000 төгрөг авсан гэж ярьснаар 4.607.000 төгрөгөөс Х.С-н ярьснаар 2.000.000 төгрөгийг хасаж, 2.607.000 төгрөг төлөх үндэслэлтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Энэ мэтчилэн худал, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул миний хохирлыг бүрэн барагдуулж, Х.С-н гүтгэснийг эргэн харж, иргэн миний нэр төрийг сэргээж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Ц.Д, Ч.А нарын өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ Х.С-г хохирогч Ч.А-н 4.607.000 төгрөгийг залилсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ иргэний журмаар нэхэмжил гэж хохирлыг орхигдуулж шийдвэрлэсэн. Иймд орхигдуулсан 2.607.000 төгрөгийг Х.С-с гаргуулж Ч.А-д олгохоор шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Харин Ч.А-н давж заалдах гомдолд дурдсан нэр төр сэргээх асуудал энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Х.С-н өмгөөлөгч А.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Х.С нь хохирогч Ч.А-д 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн ба төлбөр төлсөн баримтад “хохирлыг бүрэн хүлээж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж бичсэн байдаг. Хавтаст хэрэгт 4.607.000 төгрөг өгсөн гэх нотлох баримт байдаггүй. Энэ үүднээс хохирлыг бүрэн төлсөн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.     

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Х.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Х.С нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Д-н байрыг “Оросуудад зарж өгнө” гэж хууран, 7.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд иргэн Ч.А-д “Оросуудаас төслийн хөрөнгө оруулалт авч өгнө” гэж хууран, 4.607.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Д /хх 1-н 126-127/, Ч.А /хх 1-н 130-131, 149-150/, гэрч А.Үүрцайх /хх 1-н 132-133/ нарын мэдүүлгүүд, “Сайн” автоломбардын барьцаат зээлийн тооцооны хуудас /хх 1-н 156/, Ч.А-н тэтгэврийн зээлийн өргөдөл, гэрээ /хх 1-н 158/, мөнгө хүлээн авсан баримт /хх 1-н 160/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Х.С-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос Х.С-н хоёр удаагийн үйлдэл тус бүрт нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг гэмт хэргээр зүйлчилж, тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулсан нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Прокурор М.Хэрлэнчимэгээс шүүгдэгч Х.С нь өөр өөр цаг хугацаанд нэр бүхий иргэдийг залилсан бөгөөд гэмт үйлдэл тус бүр тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Х.С-н үйлдэл тус бүрт ял оногдуулж, нэмж нэгтгүүлэхээр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулахаар” тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Х.С-н дээрх 2 удаагийн үйлдэл нь тус тусдаа эхлэл төгсгөлтэй үйлдэл боловч нэг төрлийн гэмт хэрэг буюу залилах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр Ц.Д, Ч.А нарт хохирол учруулж үйлдсэн тул нэг зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.  

Хохирогч Ч.А-с  “...гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг зөв тооцуулах...” талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Ч.А-н “...Х.С над руу залгаад “Оросууд ирэх гээд байна, яаралтай... тэтгэврийн зээл аваад явуул” гэхээр нь би тэтгэврийн зээл аваад 1.500.000 төгрөгийг Х.С-н хамтран амьдрагч Үүрцайх гэгчийн данс руу шилжүүлсэн... Х.С-тэй уулзахад “дахиад мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Үүнээс хойш Х.С намайг удаа дараа гэртээ дуудаж “Оросууд ирэх гээд юм бэлдэх хэрэгтэй байна” гээд 200.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөг авсан. Мөн миний машиныг ломбарднаас авч өгөхдөө “мөнгө хүрэхгүй байна, удахгүй мөнгө орж ирнэ” гээд 123.000 төгрөг авсан... Ийм байдлаар надад 3.603.000 төгрөгийн бодит хохирол учирсан. Нэмж өмгөөлөгчийн төлбөрийг оролцуулаад 4.607.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” /хх 1-н 131, 150/ гэсэн мэдүүлгээр Х.С-н залилах гэмт хэргийн улмаас хохирогч Ч.А-д 4.607.000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Харин хохирогч Ч.А-н гаргасан давж заалдах гомдлоос “...Х.С нь намайг залилан хийсэн гэж гүтгэсэн тул миний нэр төрийг сэргээж өгнө үү...” гэх хэсгийг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

     Иймд хохирогч Ч.А-н давж заалдах гомдлын заримыг хүлээн авч, прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 57 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.