Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Шүүгдэгч Г.Л-н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барс овогт *******д холбогдох эрүүгийн 2033001050004 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 0-р хороо 0 тоотод оршин суух, Барс овогт Г-н Л-н /РД:МЗ00000000/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Л-н нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тус ХХК-нд аман хэлцлээр ажиллаж байсан *******д аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөлгүй, ажлын тусгай хувцас /комбинзон/ олголгүй ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Оройн бууц” гэх газарт “Жон дэрий 1042” маркийн комбайны явах брайдер төмөрт хувцас нь орооцолдож, улмаар гавал тархины битүү гэмтэл болох суурь яс баруун зүүн их далавч суурийн хөндий, баруун зүүн арын хүнхрээг хамарсан цагираг хэлбэрийн хугарал, тархины эдийн няцрал, эвдрэл, хурц цус алдалтын улмаас нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. ТОДОРХОЙЛОХ нь: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Л-н нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт,хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус компанид түр хугацаагаар ажиллаж байсан ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Оройн бууц” гэх газарт “Жон дэрий 1042” маркийн комбайны явах брайдер төмөрт хувцас нь орооцолдсоны улмаас гавал тархины битүү гэмтэл болох суурь яс баруун зүүн их далавч суурийн хөндий, баруун зүүн арын хүнхрээг хамарсан цагираг хэлбэрийн хугарал, тархины эдийн няцрал, эвдрэл, хурц цус алдалтын улмаас нас барсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Г.Л-н өгсөн: “...Би энэ компанид 2019 онд ажилд орсон. 2020 оны намрын тариа хураалтын ажилд урд нь цуг ажиллаж байсан. Талийгаач Эрдэнээ ахтайгаа хоорондоо ярьж тохиролцон ажиллуулахаар болсон. Тухайн хэрэг болдог өдөр 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр хураалтын ажил ерөнхийдөө дуусаад өглөө ажил дээр цуглартал бороо ороод цаг агаар муудсан. Бид хоорондоо ярилцаад одоо дуусаж байгаа юм чинь буучихъя гээд воганчигоо техниктэйгээ холбосон. Хоёр комбайнчин маань хоёулаа комбайнаа асаагаад хөдлөх гээд байж байтал энэ асуудал болсон.Талийгаач маань яагаад тракторынхаа тагийг онгойлгох гээд очсоныг бид бүгдээрээ мэдэхгүй байгаа. Техник асаалттай бид нар хөдлөх гээд байж байтал тийшээ өөрөө очсон байсан. Тухайн өглөө салхи шуургатай бид нар буухаар болсон байсан. Өдөр болгон зааварчилгааны хуудас өгдөг байсан. Тухайн өдөр буух гэж байгаа ногооныхоо талбай руу орохгүй гэдэг утгаараа өгөөгүй амаараа бол хэлсэн. Осол болсон даруйд эмч дуудсан. Эмч ирээд үзэхэд өнгөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Мөн Сайхан сумын комисстой хамтраад хандан Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газар луу дүгнэлт гаргуулдаг гэхээр нь гаргуулсан байгаа. Талийгаачийн гэр бүл хүүхдүүдийг бүгдийг нь таньдаг болохоор байнгын харилцаатай байдаг. Компанийн зүгээс ар гэрийнхэнд нь оршуулгын зардал болон нөхөн олговор олгосон байгаа. Энэ осол гарахад миний хувьд маш их харамсаж байгаа. Цаашид ийм осол гаргахгүйн тулд аюулгүйн ажиллагааг ханган ажиллуулж, нэг ажилтнаа сар болон өдөр тутамд сургалтад хамруулсан байж байгаа. Дахин ийм осол аваар гаргахгүй тал дээр анхаарч ажиллана. Болсон явдалд маш их харамсаж байгаа. Би өөрийнхөө бурууг ойлгож байна...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн: “...Би Улаанбаатар хотод амьдардаг юм. Манай аав, ээж хоёр Сэлэнгэ Мандал суманд амьдардаг байгаа юм. Гэтэл ээж маань 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өглөөний 10 цаг өнгөрч байх үед гар утсаар надтай холбогдоод аав чинь тракторынхаа юманд болохоо байчихсан байна хүүхдүүд минь сэтгэлээ барина шүү гээд уйлаадзалгасан. Талийгаачийн хувьд ямар нэг компанид албан ёсоор ажиллаж байгаагүй, хуучин хамт ажиллаж байсан хэсэг хүмүүс нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажил хийхээр явсныг нь мэдээд араас нь өөрөө сайн дураараа явсан юм. Тухайн газар тариалангийн компанитай албан ёсоор хийсэн гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд тухайн байгууллага нь ямар үйл ажиллагаа явуулдаг ямар байгууллага гэдгийг мэдэхгүй байна. Тийм учраас тухайн байгууллагад ямар нэг гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Ажил явдлын үеэр оршуулгын зардлын тухайн үед хамт ажиллаж байсан найз нөхдүүд нь гаргасан. Эдгээр хүмүүс нь албан ёсоор ажил эрхэлдэггүй бөгөөд сайн дураараа санаа нийлж нэгдсэн хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 170-173 хуудас/, 2.Гэрч *******гийн өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг “Оройн бууц” гэх нэртэй газарт байрлаж байгаа “*******” ХХК-ийн хээрийн бригад дээр очсон юм. Тэгээд ажиллах гэсэн чинь бороо ороод эхэлсэн болохоор ажиллахаа больсон. Тэгээд тухайн бороо 2-3 хоног орно гэсэн мэдээтэй байсан болохоор манай бригадын дарга Г.Л-н техникүүдээ төв рүү оруулах шийдвэр гаргасан. Ингээд би Зил-130 машинд ажилчдын амардаг вагончигийг холбож өгчхөөд вагончиг дотор байсан цайны халуун савыг унаад хагарчих байх гэж бодоод аваад Маяти машины кабинд хийгээд байж байтал гэнэт машины цаахан талд түс тас хийсэн чимээ гарахаар нь гүйгээд очсон чинь ******* комбайны зүүн талын явахын брайдерт хувцас нь орооцолдоод өлгөгдчихсөн байсан. Тэгсэн Болдоо ах комбайн руу орж комбайныг нь унтраагаад бид нар хамт талийгаачийг газарт буулгаад Номгоны эмнэлэгт дуудлага өгсөн. Талийгаач ******* нь хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан асуудал огт байхгүй. Бид нар огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Талийгаачийг газарт буулгахаар очиход зүүн талын ташаа орчим хувцсаараа явахын брайдерт орооцолдсон байсан. Тэгээд толгой нь доош унжаад хамар амнаас нь цус гараад байсан. Тэгээд комбайныг унтааж байгаад *******, Г.Л-н, Н.Мөнхдалай бид дөрөв талийгаачийг газар буулгасан. Тэр үед талийгаач ямар ч хариу үйлдэл байхгүй байсан. Осол болох үед би Маяти машин дотор халуун савтай цай хийж байсан. Бригадын дарга Г.Л-н өөрийнхөө Бонго машиныхаа тэнд байсан. Болдоо ах Мөнхдалай хоёр Зил-130 машинд ажилчдын вагончиг холбож байсан. Харин талийгаач өөрийнхөө комбайны хажууд зогсож байсан. Бид нар хөдлөх гээд комбайн техникүүдээ бүгдийг нь асаасан байсан. Бид хэрэг болсон газраас ердөө 10 орчим метр зайтай байсан байх. Бид нарыг ажилд гарах үед Р.Төмөртогтох гээд манай агрономич залуу бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг байсан. Харин сүүлийн 2-3 хоног огт аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй. Учир нь Төмөртогтох нь өөрөө бага хэмжээний тариа тарьсан гэсэн. Тэгээд тэрийгээ хураах гээд явчихсан байсан болохоор ажилдаа ирээгүй. Биднийг бригадын дарга Г.Л-н хариуцаж байсан. Биднийг техник төв рүү оруул гэж бригадын дарга Лхагвасүрэн хэлсэн. Бид нарт ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Талийгаач комбайны жолооч хийдэг байсан. Осол гаргасан “Жон дэрий” гэх ногоон комбайныг өөрөө жолооддог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/, 3.Гэрч *******гийн өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд өөрийнхөө жолооддог 70-69 СБА гэсэн улсын дугаартай Зил-130 загварын ачааны машинтай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн “Оройн бууц” гэх нэртэй газар байрлаж байсан. “*******” ХХК[1]ийн хээрийн бригад дээр ирсэн. Намайг очиход бригадын дарга Г.Л-н, комбайнчин *******, туслах *******, талийгаач ******* нар байсан. Тэгээд бригадын зүүн талын 220 га талбайд үлдсэн байсан тариаг хураах гэжбайтал тэнгэр муудаад бороо орж эхэлсэн. Тэгээд бороо орж эхэлсэн учраас бригадын дарга техникүүдээ аваад төв рүүгээ оръё гэж хэлсэн. Г.Л-н хэлсний дагуу би өөрийнхөө Зил-130 машинаа хөдөлгөөд ажилчдын амардаг вагончигийг машиндаа холбоод шатыг нь вагончигийн доор уяад сууж байсан. Харин хоёр Жон Дэрий комбайн асчихсан явахад бэлэн байсан. Талийгаач өөрийнхөө комбайны хажууд байсан. Харин нөгөө комбайнчин Мөнхдалай надтай хамт вагончигийн шатыг уялцаад байж байсан. Тэгсэн чинь гэнэт төмөр түс тас хийх шиг чимээ гарахаар нь хартал ******* комбайныхаа зүүн талд байдаг “явахын брайдер” буюу дээр мотороосоо ремэн дамжлагаар эргэлт авдаг төмөр дамарт орчихсон зүүн хөл нь ремэнийхээ завсараар орчихсон, толгой нь доошоо харсан байдалтай байхаар нь би шууд комбайны кабинд орж комбайныг нь унтраасан. Тэгээд буцаж талийгаач дээр очиж буулгах гэтэл зүүн талын ташаа орчмоор хувцас нь явахын брайдерын 3 ширхэг боолтонд орооцолдчихсон салахгүй байсан. Тэгэхээр нь ремэнээс нь татаж брайдерыг нь буцааж эргүүлж байгаад орооцолдоог нь гаргаж газарт буулгасан. Тэгээд шууд Номгоны эмнэлэгт дуудлага өгсөн. Эмч 10 орчим минутын дараа ирж талийгаач *******гийн биеийг үзээд нас барчихсан байна. Та нар цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Осол гарах үед бригадын дарга Г.Л-н комбайны хойд талд өөрийнхөө Бонго 3 маркийн машин дотор с ууж байсан. Харин би *******тай хамт комбайны зүүн талд байсан ажилчдын амралтын байр болох воганчигийг машинд холбоод шатыг нь воганчигний доод талд тавиур дээр нь уяагаар хүлж байсан. Харин Бат[1]Өлзий воганчиг дотор байсан цайны халуун савыг барьчихсан комбайны хойно байсан Маяти машинд хийгээд зогсож байсан. Харин талийгаач ******* нь комбайныхаа зүүн талын хаалт төмрийг нь өргөчихсөн юм хийж байгаа бололтой зогсож байсан. Комбайн нь ямар ч байсан зүгээр асчихсан байсан. Яг юу хийж байсныг нь би мэдэхгүй байна. Манай “*******” ХХК-ийн агрономич Ц.Төмөртогтох гэх хүн байдаг. Тэр хүн бид нарт хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулаад байдаг байсан. Харин өчигдөр өнөөдөр хоёр Ц.Төмөртогтох өөрөө ажилдаа ирээгүй учраас бид нарт ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй. Бригадын дарга Г.Л-н өнөөдөр цаг агаар муу байгаа учир ажиллахгүй харин техникүүдээ төв бригад руу аваач гэсэн үүрэг өгсөн. Тухайн үед бидэнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Талийгаачийн хамраас нь их хэмжээний цус гарч байсан. Тэгээд газар буулгаад дээш харуулан хэвтүүлэхэд ямар нэгэн зүйл ярихгүй амьсгаа байхгүй байсан. Алаг хар хөх өнгийн ажлын хувцастай байсан. Тухайн хувцсыг ирэхдээ өмсчихсөн ирж байсан. Ажлаас тавьж өгөөгүй. Бид нар хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/, 4.Гэрч *******гийн өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн үед манай компанийн ажилчид хээрийн бригад дээрээ цугласан юм. Тэгээд комбайнаа асаагаад тосолгоо үйлчилгээгээ хийчхээд ажилдаа гарах гээд байж байтал бороо ороод ургацаа хураах боломжгүй болсон юм. Тэгээд хэдэн өдрийн дараа ирж хураахаар болоод ажилчид төв рүү буцах гээд бэлтгэлээ базаагаад байж байтал гэнэт комбайны ойролцоо төмөр тас няс хийх чимээ гараад явчихаар нь бид нар сандралдаад комбайн руу гүйгээд очтол ******* комбайны зүүн талын явах эд ангийн брайдерт орооцолдчихсон хэвтэж байсан. Тэгээд бид нар *******г комбайны брайдераас салгаж аваад эмнэлэг рүү залгаад түргэн тусламж дуудсан юм. Удаагүй Номгон тосгоны түргэний машин ирээд эмч нар нь үзээд нас барчихсан байна гэсэн. Талийгаачийг нас барах үед бид нар өглөө бригад дээр би, Лхагвасүрэн, Болдоо, Бат-Өлзий, 4-үүлээ очсон юм. Харин талийгаач ******* өмнөх шөнө нь бригадаа манаж хоносон юм. Бид нарыг очиход талийгаач босчихсон комбайныхаа хажууд зогсчихсон юм хийж байхаар нькомбайнаа янзалж байгаа юм байна гэж ойлгосон. Бид нарыг бригадын дарга Г.Л-н гэх хүн хариуцаж ажиллуулж байсан юм. Бид нар өглөө бүр ажилдаа гарахдаа аюулгүй ажиллагаа зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурдаг юм. Харин өнөөдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаагүй. Учир нь манай аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг өглөө бүр агрономич Р.Төмөртогтох ажилчдаар гарын үсэг зуруулдаг юм. Харин өнөөдөр Төмөртогтох ажилдаа ирээгүй. Талийгаач нас барах үедээ бид нараас ойролцоогоор 10 орчим метр зайд л байсан. Би талийгаачийг нас барах үед вагончигныхоо шатыг угсраад байж байсан. Харин Бат-Өлзий халуун сав аваад комбайны ард байсан Маяти маркийн тээврийн хэрэгсэл рүү явж байх шиг харагдсан. Харин Болдоо гуч машин бариад Лхагваа Вагончигийг гуч машинд холбож өгөөд байж байсан. Бид нар архи дарс огт уугаагүй, хэрүүл маргаан огт хийгээгүй. Тухайн үйл явдал нь удаагүй гэнэт төмөр тас хийгээд дуугараад явчихаар нь харсан чинь талийгаач комбайны явахын брайдер төмөрт ороолдчихсон хэвтэж байсан. Тэгсэн Болдоо гүйж очоод комбайныг унтраагаад бид нар талийгаачийг орооцолдсон төмөрнөөс нь салгасан юм. Талийгаачийг салгах үед хамар амнаас нь цус гарчихсан, гадуур хувцас нь комбайны төмөртэй орооцолдчихсон байсан. Бид нар дээш харуулаад хэвтүүлэхэд талийгаач дуугарахгүй, ухаангүй хэвтэж байсан. Бид нар талийгаачийг дуудаж үзэхэд огт хариу үйлдэл хийгээгүй юм. Комбайны брайдер төмөр гэдэг нь зүүн талд нь байрладаг явах эд ангийг холбосон төмөр байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/, 5.Гэрч Э.Бат-Эрдэнийн өгсөн: “...Би талийгаачийн хамгийн бага хүү нь байгаа юм. Миний дээр хоёр эгч байгаа. Би Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа юм. Тэгээд би гар утсаа хулгайд алдчихаад гар утасгүй байгаа болохоор 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 11 цаг өнгөрч байхад хүний утсаар ээж Одгэрэл рүү мэнд мэдэх гэж залгасан юм. Тэгсэн миний хүү сэтгэл санаагаа тайван байлгаарай аав чинь ажил дээрээ ямар нэгэн юм болсон юм шиг байна гэж надад хэлсэн. Тэрийг сонсоод би шууд Улаанбаатар хотоос Зүүнхараа орохоор машинтай явсан. Тэгээд Зүүнхараад орой 17 цагийн орчимд ирээд гэрт орсон чинь зул асаачихсан байсан. Тэгээд ер нь нас барсан юм байна гэж мэдсэн. Болсон асуудлын талаар нарийн сайн мэдэхгүй байгаа. Манай аав тракторчин комбайнчин гэсэн мэргэжилтэй. Манай аав намайг бага байхад Дорнод аймагт Халх голд ажиллаж байгаад 1995 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирж байсан. Тэгээд Мандал сумын Улаанбаатар төмөр замын дэр мод боловсруулах үйлдвэрт тракторчин хийж байгаад сүүлийн хэдэн жил хөлний хугарал гэмтэл авч ажил эрхлэх боломжгүй болж группт гарсан байсан. Гэхдээ найз нөхөдтэйгөө хамт намрын тариа хураалт гээд энд тэнд ажил хийдэг байсан. Талийгаач “*******” ХХК-нд ямар нэгэн албан ёсны гэрээт ажилтан биш гэхдээ тухайн компанийн тариа бригад хариуцсан дарга Г.Л-н гэх ах манай аавтай найзууд болохоор хавар намрын тариалалтын үеэр гуйж ажиллуулдаг байсан. Миний мэдэхийн сүүлийн 5-6 жил ингэж ажиллаж байгаа. 2020 оны 09 дүгээр сарын эхээр би ээжтэйгээ утсаар ярьсан чинь Г.Л-н ах аавыг бригад дээрээ ажиллуулна гээд аваад явсан гэж хэлж байсан. Талийгаач ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Харин хөл нь хугархай болохоор тэрнээсээ болоод үе үе эмчилгээ хийлгэдэг байсан. Талийгаач архи согтууруулах ундааг хааяа нэг уудаг байсан. Харин ажил төрөлтэй үедээ бол уугаад байдаггүй.Талийгаач ер нь их дуугүй хүн байсан. Хүн амьтантай маргалдаад, муудалцаад байдаггүй. Бараг гэр орондоо ч байсан нээх зүйл яриад байдаггүй даруухан хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60- 61 хуудас/, 6.Гэрч Р.Төмөртогтохын өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр биСэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг “Баяндаваа” гэх газарт өөрийнхөө хувийн тариалангийн талбай дээр ангилан хийж байсан. Тэгсэн үдээс хойш 16 цагийн орчимд Г.Л-н над руу залгаад бригад дээр осол болоод ******* комбайн руу ороод нас барчихлаа бид нар цагдаа дээр ирчихсэн мэдүүлэг өгч байна. Бригад эзгүй байгаа та ирээд түр байж байгаач гэж хэлсэн. Би бүүр нарийн сайн мэдэхгүй байна. “*******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутагт байрлаж байгаа бригадын салбарыг хариуцсан дарга нь Г.Л-н гэж хүн байдаг. Ерөнхийдөө би ажил дээр байгаа үед ажилчдад зааварчилгаа өгдөг харин намайг байхгүй үед Лхагвасүрэн хариуцаад зааварчилгаа өгдөг байсан. Харин осол болсон өдөр би албан ёсоор Лхагвасүрэнд мэдэгдэж зааварчилгааг өгсөн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 хуудас/, 7.Гэрч А.Галтбаярын өгсөн: “...“*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Така Хаши гэж хүнтэй найзууд уг компанид албан ёсны ямар нэгэн холбоо байхгүй. Би “*******” ХХК-нд одоо болон урьд өмнө нь ажиллаж байгаагүй учраас ямар нэгэн тушаал шийдвэр байхгүй. “*******” ХХК нь 100 хувь Япон улсын иргэн болох Така Хаши гэж хүний эзэмшил энэ хүн нь одоогоор Япон улсад байгаа, газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Така Хаши одоогоор Ковид-19 өвчний улмаас Монгол Улсад ирж чадахгүй байгаа учир аман байдлаар тохиролцож мөнгө төгрөг шилжүүлэх асуудлыг би хариуцаж байгаа. Сэлэнгэ аймаг Сайхан сумын Номгон багт байх компанийн үйл ажиллагааг Г.Л-н хариуцаж байгаа. Така Хаши Монголд ирж албан ёсны тушаал гаргаж ажилд томилох боломжгүй байгаа өмнөх хариуцаж байсан захирал Д.Өлзийнасан гэж хүн ажлаасаа гарч өөр ажил хийж байгаа учир одоо албан ёсны хариуцсан захирал томилогдоогүй байгаа. Би Г.Л-нг танина газар тариалангийн үйл ажиллагааг хариуцаж байгаа хүн байнгын холбоотой байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 191 хуудас/, 8.Гэрч Д.Өлзийнасангийн өгсөн: “...Би тухайн компанид 2014 оны 09 сараас 2018 оны 12 сар дуустал гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэгээд манай хөрөнгө оруулагч талын хүн япон хүн байдаг ба уг хүнтэй ярилцаж байгаад “одоо би энэ ажлыг цааш үргэлжлүүлэн хийх боломжгүй байна” гэж хэлээд 2018 онын 12 сард уг ажлыг хийхээ больсон. Уг япон хөрөнгө оруулагч маань байнгын Монгол Улсад байдаггүй ба хааяа нэг ирдэг байсан. Би тухайн үед ажиллахаа болихдоо өөрийнхөө ажлыг Лхагвасүрэн гэх хүнд 2019 оны 04 сард гэж бодомж байна нөгөө япон хөрөнгө оруулагч бид гурав газар тариалангийнхаа газар дээр очиж би уг ажлыг Лхагвасүрэнд хүлээлгэн өгч байсан ба тухайн цагаас хойш уг компанитай болон уг хөрөнгө оруулагчтай ямар нэгэн байдлаар холбоо бариагүй өнөөдрийг болтол. Би тухайн үед ямар нэгэн гэрээ хийгээгүй ээ манай хөрөнгө оруулагч япон хамт очоод хийж байгаа ажлаа тайлбарлаад жагсаалтын дагуу техникээ хүлээлгээд өгчих гэж хэлээд би очиж хүлээлгэж өгч байсан. Би гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учир тухайн үед ажлаас чөлөөлөх ямар нэгэн албан бичиг үлдээгээгүй ээ учир нь өөрөө захирал байсан учир. Одоо ч тэр хүний эзэмшилд байгаа байх гэж бодож байна. Уг компани газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Лхагвасүрэн гэх хүнийг япон хөрөнгө оруулагч тухайн өдөр ажил хүлээлцэх гэж хамт ирсэн ба тэр үед танилцаж байсан өмнө нь ганц нэг удаа сонсож байсан япон хөрөнгө оруулагчаас. Би ажиллаж байхдаа өдөр тутмын ажлыг өөрөө хариуцдаг байсан намайг гарснаас хойш өдөр тутмын ажлыг Лхагвасүрэн болон япон хөрөнгө оруулагч хоёрын хэн хариуцаж яаж ажиллаж байгааг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 192-192 хуудас/, 9.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1.Гавалтархины битүү гэмтэл. Суурь яс баруун зүүн их далавч суурийн хөндий, баруун зүүн арын хүнхрээг хамарсан цагираг хэлбэрийн хугарал, тархины эдийн няцрал, эвдрэл. Хурц цус алдалт. 2.Зүүн мөр, хэвлий, зүүн ташаа, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн шагайнд зулгаралт, зүүн өвдөг, баруун шилбэнд шарх. 3.Дотор эрхтний хурц цус багадалт. ДҮГНЭЛТ: 1.Талийгаач *******гийн биед суурь яс баруун зүүн их далавч суурийн хөндий, баруун зүүн арын хүнхрээг хамарсан цагираг хэлбэрийн хугарал, тархины эдийн няцрал, эвдрэл, зүүн өвдөг, баруун шилбэнд шарх, зүүн мөр, хэвлий, зүүн ташаа, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн шилбэ, зүүн шагайнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, үрэлт, чирэгдэлтийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаач ******* нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан байна. 4.Талийгаач *******гийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин үгүй байна. 5.Талийгаач ******* нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. 6.Талийгаачийн нас барсан хугацааг нарийн тогтоох боломжгүй. 7.Талийгаач ******* нь гавал тархины битүү гэмтэл: суурь яс баруун зүүн их далавч суурийн хөндий, баруун зүүн арын хүнхрээг хамарсан цагираг хэлбэрийн хугарал, тархины эдийн няцрал, эвдрэл, хурц цус алдалт улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 21-31 хуудас/, 10.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №18-06- 018/36 дугаартай “...1.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг “Оройн бууц” гэх нэртэй газарт байрлах “*******” ХХК-ийн тариан талбай дээр буюу үйлдвэрийн талбай дээр уг осол болсон байна. 2.******* нь “*******” ХХК-тай амаар тохирч ажил үүрэг гүйцэтгэж байсан мөн Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд “...Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно” гэж зааснаас үзэхэд хохирогч “*******” ХХК-нд комбайны жолоочоор ажиллаж байсан байна. 3.2020 оны 09 дүгээр сарын 30-нд “*******” ХХК-ийн зүгээс *******д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааг бичгэн хэлбэрээр өгөөгүй байна. 4.Хариулт 3-т тодорхой хариулсан болно. 5.Иргэн *******д “*******” ХХК-иас ажлын тусгай /комбинзон/ хувцас олгоогүй байна. 6.1 “*******” ХХК нь *******д аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөлгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNC 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө. “мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй, ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг 6.2. “*******” ХХК нь *******д ажлын тусгай хувцас /комбинзон/ олголгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэсэн заалтыг 6.3.******* нь комбайнаа унтраалгүй брайдерын хаалтыг нээж үзлэг хийсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6. “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадварэзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 7.Хавтаст хэрэгт авагдсан материалууд ашиглаж байгаа техник , тоног төхөөрөмж нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартыг хангасан эсэхэд хариулах боломжгүй байна. 8.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч хариуцна” гэж заасан байна. “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Д.Өлзийнасанг гүйцэтгэх захирлаар 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэснээс өөр бүртгэл байхгүй байна. “*******” ХХК нь хариулт 6.1, 6.2, осолдогч ******* 6.3 дахь заалтыг зөрчсөнөөс уг осол болсон гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 хуудас/, 11.2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-12 хуудас/, 12.2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 хуудас/, 13.2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20 хуудас/ 14.2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 35-38 хуудас/ 15.2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын бүртгэгчийн “Боржигон овогт Даваадэмбэрэлийн Эрдэнээ 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үйлдвэрийн ослоор нас барсан” гэх нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 186 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Л-н “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хууль дүрмийн дагуу мөрдөн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлэлцлийг хүлээсэн хэм хэмжээний үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны стандартыг зөрчин мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас “*******” ХХК-нд ажиллаж байсан *******д аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, ажлын тусгай хувцас хэрэглэлээр хангаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас Г.Эрдэнээ 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сумын “Оройн бууц” гэх газарт тухайн компани тариалангийн талбай дээр Жон Дэрий маркийн машины явах эдийн брайдерт хувцас нь орооцолдож улмаар нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Шүүгдэгч Г.Л-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох саналтай байна. Иргэний нэхэмжлэлийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй талаар тайлбар гаргаж өгсөн. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн. Оршуулгын зардал болон гэм хорын хохирол 60.000.000 төгрөг төлсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөж дууссан...” гэв.Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Л-нд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Уг үйлдвэрийн осол нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Номгон тосгоны “Оройн бууц” гэдэг газарт газар тариалангийн талбайд болсон байгаа. Энэхүү осол болсон шалтгаан бол ослыг судлан бүртгэсэн актад дурдсанаар осолдогч хөдөлгүүр унтраахгүйгээр брайдерт ойртсоноос голын эргэдэг талд орооцолдсоны улмаас амь нас хохирсон үйлдвэрийн осол гарсан байгаа. Г.Л-н хувьд нэгэнт тариан талбай дээр байгаа хүмүүсийг хариуцаж ажиллаж байсан гэдэг утгаар ял сонсгож байцаасан байцаалтад энэ хэрэгт тодорхой хэмжээний буруутай юмаа гэж үзэж асуудалд хандсан. Тэгэхээр энэ хүний өөрийнх нь ухамсрын асуудал явж байна. Би албан ёсоор томилогдоогүй Хөдөлмөрийн аюулгүй байдлын 27, 28 дугаар зүйлийн компани эрхийг эдэлж үүргийг хүлээгээгүй учир энэ зүйл надад огт хамааралгүй юм аа гэж хандаад явах боломж байсан. Тэгтэл шүүгдэгч маань миний буруу үйлдвэрийн осол гарсан байгаа юм чинь үүнийг судлан бүртгэх ёстой гээд мөн сэтгэл санааны хохирлыг барагдуулах нь зөв гэж үзэн хандсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүртэл мэдүүлэгтээ хэлсэн байгаа...” гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтдээ “Бидний амьдралд, аавд маань тус дэм болж явсан Г.Л-н гэдэг хүнд ар гэрийнхэн, хохирогч бид ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх хохирол байхгүй болохыг дахин мэдэгдэж байна. Олон жил жаргал зовлонгоо хуваалцан хамт хувиараа хөдөлмөр эрхэлж, найзалж нөхөрлөж явсан сайн дурын бригадын хамт олон, тэр тусмаа Г.Л-н ах хүн чанар гарган ажил явдлын үеэр ар гэрийнхэн бидэнд сэтгэл санаа хөрөнгө мөнгөний дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Тухайлбал ажил явдлын үеэр нийт 8.500.000 төгрөгийн мөнгөн туслалцаа үзүүлсэн, ээжийг маань Улаанбаатар хотод орон байртай болоход нь 60.000.000 төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Хохирогч бид нар ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх хохирол байхгүй” гэжээ. Шүүгдэгч Г.Л-н нь *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг аман хэлцлээр тохиролцож хийж байсан болох нь мөрдөн байцаалтад гэрч Д.Өлзийнасангийн өгсөн “...Би тухайн компанид 2014 оны 09 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэгээд манай хөрөнгө оруулагч талын хүн Япон хүн байдаг ба уг хүнтэй ярилцаж байгаад “одоо би энэ ажлыг цааш үргэлжлүүлэн хийх боломжгүй байна” гэж хэлээд 2018 онын 12 сард уг ажлыг хийхээ больсон. Уг япон хөрөнгө оруулагч маань байнгын Монгол Улсад байдаггүй ба хааяа нэг ирдэг байсан. Би тухайн үед ажиллахаа болихдоо өөрийнхөө ажлыг Лхагвасүрэн гэх хүнд 2019 оны 04 сард гэж бодож байна нөгөө япон хөрөнгө оруулагч бид гурав газар тариалангийнхаа газар дээр очиж би уг ажлыг Лхагвасүрэнд хүлээлгэн өгч байсан ба тухайн цагаас хойш уг компанитай болон уг хөрөнгө оруулагчтай ямар нэгэн байдлаар холбоо бариагүй өнөөдрийг болтол...” гэх мэдүүлэг, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн мэдээлэл /хх-129/ зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Л-н нь 2019 оны 04 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл хавар тариа тарих, намар ургац хураан авах цалин хөлс олгох гээд компанийн бүхий л ажиллагааг хариуцан ажиллаж байсан байна. Хохирогч *******, шүүгдэгч Г.Л-н хоёр амаар тохиролцож 10 хоногийн хугацаатай Жон дэрий 1042 комбайныг жолоодож тариа хураалтад оролцохоор тохиролцсон нь шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Тухайн компанид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцаж зааварчилдагхүн байхгүй бөгөөд шүүгдэгч Г.Л-н, гэрч Р.Төмөртогтох нар хариуцан зааварчилгаа өгдөг байсан нь гэрч Р.Төмөртогтохын “...Ерөнхийдөө би ажил дээр байгаа үед ажилчдад зааварчилгаа өгдөг харин намайг байхгүй үед Г.Л-н хариуцаад зааварчилгаа өгдөг байсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Гэмт хэрэг гардаг өдөр Р.Төмөртогтох өөр газар байсан болохыг гэрч нар мэдүүлдэг бөгөөд бороо орж комбайнаа ажилд гаргаагүй учир зааварчилгаа өгөөгүй гэж шүүгдэгч мэдүүлж байгаа ч комбайн ажилд гарч асаалттай байсан бөгөөд талийгаачийн өмсөж байсан хувцас комбайны брайдерт орооцолдож нас барсан байна. Талийгаачийн нас барсан шалтгаан нь “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааг бичгэн хэлбэрээр өгөөгүй байна. 4.Хариулт 3-т тодорхой хариулсан болно. 5.Иргэн *******д “*******” ХХК[1]иас ажлын тусгай /комбинзон/ хувцас олгоогүй байна. 6.1 “*******” ХХК нь *******д аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөлгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNC 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө. “мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй, ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг 6.2. “*******” ХХК нь *******д ажлын тусгай хувцас /комбинзон/ олголгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөнөөс болсон гэх Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №18-06-018/36 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Нөгөө талаас тус дүгнэлтэд 6.3.******* нь комбайнаа унтраалгүй брайдерын хаалтыг нээж үзлэг хийсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6. “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хохирогч *******гийн хайхрамжгүй үйлдэл нь гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Талийгаач ******* нь гавал тархины битүү гэмтэл, суурь яс баруун зүүн их далавч суурийн хөндий, баруун зүүн арын хүнхрээг хамарсан цагираг хэлбэрийн хугарал, тархины эдийн няцрал, эвдрэл, хурц цус алдалтын улмаас нас барсан байна. Дээрх байдлыг дүгнээд шүүгдэгч Г.Л-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь “...Г.Л-н хүн чанар гарган ажил явдлын үеэр ар гэрийнхэн бидэнд сэтгэл санаа, хөрөнгө мөнгөний дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Тухайлбал ажил явдлын үеэр нийт 8.500.000 төгрөгийн мөнгөн туслалцаа үзүүлсэн, ээжийг маань Улаанбаатар хотод орон байртай болоход нь 60.000.000 төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Хохирогч бид нар ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх хохирол байхгүй...” гэсэн тул шүүгдэгч Г.Л-н бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Л-н үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Шүүгдэгчээс гаргуулах төлбөр байхгүй болно...” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2,3 удаа мэдүүлэг өгч, хүсэлтээ гаргасан. Талийгаачийн оршуулгын зардал, сэтгэл санааны хохиролд 60.000.000 төгрөг өгсөн байгаа. Хохирогч талаас энэ хүнийг буруутай гэж үзэхгүй байна гэсэн хүсэлтээ удаа дараа гаргасныг ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзнэ үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй болон тухайн хэргийн гарсан шалтгааныг үндэслэн хохирогчийн буруутай үйлдлээс болсныг харгалзан үзнэ үү. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн, хорих ялыг тэнсэж өгөөч гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна...” гэв. Шүүгдэгч Г.Л-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах шийтгэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг байна. Шүүгдэгч Г.Л-н нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-216/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлоо төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Дээрх байдлуудыг дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-нг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Л-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.Л-н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд иргэний бичиг баримт шилжин ирээгүй, хохирогчид оршуулгын зардал 8.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 60.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Барс овогт Г-н Л-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-нг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Л-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Г.Л-н нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд иргэний бичиг баримт шилжин ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид оршуулгын зардалд 8.500.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 60.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч *******гийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн гадуур хувцас нэг ширхэг, ногоон өнгийн цамц нэг ширхэг, цэнхэр өнгийн өмд нэг ширхэг, саравчтай малгай нэг ширхэг, Комбайны брайдер төмрийн шфилк боолтоос бэхжүүлж авсан хувцасны сэмэрсэн утас, хэргийн үзлэгээр бэхжүүлж авсан ногоон өнгийн иштэй бахь нэг ширхэг, хар өнгийн бариултай өнгийн төмөр ажлын хэсэгтэй дорцов нэг ширхгийг устгасугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Л-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА