| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00235/И |
| Дугаар | 269 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 269
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00235/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багт оршин суух, Хачид овогт Гомбын Нарантуяа /РД:СР63071902/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багт оршин суух, Хамнигад овогт Шурагийн Эрдэнээ /РД:СФ72071013/-д холбогдох
“900 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.Нарантуяа би Ш.Эрдэнээтэй Өмнөдэлгэр сумын Төрийн банкнаас 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 195 дугаар гэрээтэй 2 000 000 төгрөгийн малчны зээл авсан. Ш.Эрдэнээ нь гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан бөгөөд надаас 900 000 төгрөг зээлдэж, зээлийн төлөлт болох үед өгнө гэж тохиролцоод уг зээлийн мөнгөнөөс авсан. Зээлийн төлөлтийн хугацаа болсон боловч зээлсэн мөнгөө өгөөгүй учир би өөрөө 2 000 000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлж барагдуулсан. Ш.Эрдэнээгээс банкны зээл төлөх хугацаа болчихлоо зээлсэн 900 000 төгрөгөө төлөх талаар удаа дараа шаардсан боловч би төлж чадахгүй, мөнгөгүй байна гээд одоо болтол зээлсэн мөнгөө төлөөгүй байна. Иймд Ш.Эрдэнээгээс 900 000 төгрөийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн1х/
Хариуцагч Ш.Эрдэнээ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Г.Нарантуяагаас малчны зээл хийлгэн 900 000 төгрөгийг авсан нь үнэн. Авсан мөнгөө төлж барагдуулаагүй өдийг хүрлээ. Иймд иргэн Г.Нарантуяагийн хохирлыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 15х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Нарантуяа нь хариуцагч Ш.Эрдэнээд холбогдуулан 900 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ш.Эрдэнээ нь Төрийн банкны Өмнөдэлгэр сумын салбараас 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийн зээл авсан болох 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 195 тоот зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 4-6х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 15х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Нарантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Эрдэнээ нь хүлээн зөвшөөрч 900 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Г.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Эрдэнээд холбогдох 900 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26 150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Эрдэнээгээс 13075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР