| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2021/0058/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/58 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/58
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Э-ийн Б-т холбогдох эрүүгийн 2117000000068 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Э-ийн Б /РД: /, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 2 дугаар байрны ............ тоотод оршин суух, хувиараа тээвэрлэлт эрхэлдэг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Улаантолгой гэх газар Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар баруун гараараа түүний нүүрэн тус газар нэг удаа цохих газар унагах зэргээр зодож, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цох, хамрын нуруу, баруун нүдний гадна буланг хамарсан, баруун хацарт зулгаралт, баруун үүдэн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын баруун дотор хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Улаантолгой гэх газар Б.Б-тай маргалдаж, улмаар баруун гараараа түүний нүүрэн тус газар нэг удаа цохиж баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цох, хамрын нуруу, баруун нүдний гадна буланг хамарсан, баруун хацарт зулгаралт, баруун үүдэн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын баруун дотор хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөдөө гэрээ нүүлгээд явж байхад аав, ээж араас ирж байгаад худгийн хажууд Б-тай муудаад байсан. Би очоод Б-тай муудаж байгаад нэг удаа цохисон. Б-ын биед би гэмтэл учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 500 000 төгрөг төлж барагдуулсан. Миний буруу, дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.
1.2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 18-19 цагийн орчимд Э гэх хүний худагт 100-аад тооны хонь услуулах гээд би өөрийн дүү болох Ц-ийг хүүхэдтэй нь хамт явуултал Э эхнэртэйгээ хамт загнаад хөөгөөд явуулсан байсан. Би юу болов гээд яваад очтол Э гэх хүн ирээд намайг нутаг усаар нь доромжлоод цагаач, гуйлгачин гэх зэргээр маш муухайгаар доромжилж, бид хоёрын дунд маргаан болсон. Э-ийн 2 эрэгтэй хүүхэд хүрээд ирсэн. Тэр үед нь би машиных нь урд зогсоод энэ асуудлаа шийд гэж хэлэхэд Э-ийн хүү Б нь хайчаар дүрчихье, дайраад алчихъя гэсэн. Мөн Б нь машинаасаа бууж ирээд миний нүүр лүү цохиход би газарт унасан. Миний 2 нүд улайж хавдаж хөхөрсөн, хамар нүдний гол хэсэг зулгарсан, 1 шүд суларч хөдөлсөн, хамар хавдсан байсан. Зовуурь гэвэл нүд рүү чинэрч өвдөөд байгаа. Намайг хэл амаар доромжилсон болон миний эрүүл мэндэд хохирол учруулсанд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 6-7, 9, 11 хуудас/
1.3. Гэрч Н.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд манай нөхөр Э бид хоёр Б гэх хүнтэй уулзаж малаа битгий манай худгаас услаад бай, ус хүрэхгүй шавхагдаад хэцүү байна гэхэд Б услахад яадаг юм, та нар өмчлөөд авсан юм уу, хувьдаа худаг авдаг ямар баян пиздаанууд вэ гэхэд нь манайх өөрсдийн хөрөнгөөрөө гаргуулсан гэж хэлтэл согтуу агсам тавиад манай нөхрийн мотоциклийн жолоон дээр дараад түлхүүр аваад өгөхгүй, би шоронд байсан хүн, та нарыг ална гэх зэргээр доромжилж, би гараа оролцуулахгүй зодно гээд манай нөхрийн толгойн хэсэгт мөргөөд мотоциклтой нь унагаасан. Тэгээд байж байтал Б, Б нар ирсэн. Б бууж ирээд аавтай нь зууралдаад байхыг хараад яасан их настай хүмүүсийг дээрэлхдэг юм гээд цохисон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/
1.4. Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Цагаан өнгийн Портер машинтай хоёр хүүхэдтэй, хоёр том ах дөрвөн хүн ирсэн. Хэлтэй зүгээр ах нь машинаасаа бууж ирээд хүмүүс ажилтай байхад муу пиздаа яах гээд байгаа юм гээд муудалцаж байгаад хайч гаргаж ирээд энэ муу пиздааг алаад хаячихъя гэсэн бас аавын нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Манай аав Б жаахан архи уусан байсан. Гэхдээ эрүүл, ухаанаа алдаагүй байсан. Тэр хүмүүс архи уугаагүй байсан. Манай аав Б тэр худгийн эзэн ахын биед халдаж цохиж, зодоогүй, мотоциклийнх нь түлхүүрийг авсан. Манай аав Б-ын хоёр нүднийх нь голд хоёр шалбарсан байсан. Маргааш өглөө нь нүд нь хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/
1.5. Гэрч Г.Эг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн хүн намайг мотоциклоос татаж унагаад би чамайг гараараа зодохгүй гээд гараас зуураад миний зүүн шанаа руу толгойныхоо ар хэсгээр 2 удаа мөргөсөн. Би чамайг ална би халхын том шоронд байсан, чамайг алсан ч яахав гээд байсан. Би явах гэтэл урдуур мотоциклоороо хааж зогсоод мотоциклийн түлхүүр аваад өгөхгүй байсан. Тэр үед манай хүү Б, Б хоёр ирээд Б нь Б-тай маргалдаад баруун гараараа толгойн дух хэсэгт нэг удаа цохиход унаад өгсөн. Босч ирэх үедээ дух хэсэгт нь шалбарсан байсан. Б согтуу байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/
1.6. Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай нутгийн Э ах нүүж байна гэхээр нь би 20 цагийн орчимд туслахаар худаг дээр нь очиход Б нь Б-ийн машиных нь цонхон дээр байж байсан. Б-ын дух хэсэгт шалбарч хамрыг нь дагаад цус урссан байхаар нь та наад нүүр амаа яасан юм бэ гэхэд би мотоциклоосоо унасан гэсэн. Тэгээд Б гэр барих гээд байна явъя гэхэд Б нь чаддаг юм бол дайраад гар гээд явуулахгүй байсан. Б нь нилээн согтолттой байсан учраас би мотоциклтой нь гэрт нь хүргэж өгсөн. Батбилэг бол архи уугаагүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/
1.7. Шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182 дугаар дүгнэлтэд: Б.Б-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цох, хамрын нуруу, баруун нүдний гадна буланг хамарсан, баруун хацарт зулгаралт, баруун үүдэн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын баруун дотор хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь үзлэг хийгдсэн өдрөөс 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүдээс баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цох, хамрын нуруу, баруун нүдний гадна буланг хамарсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, баруун үүдэн дээд 2 дугаар шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тонтонги бууруулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун үүдэн дээд 2 дугаар шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тонтонги бууруулна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 35-36 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Анирлахуй шүдний эмнэлэгт оношлуулж үзүүлэхэд 750 000 төгрөгийн үнэтэй болно гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Би Б-ээс 500 000 төгрөгийг авахаар тохиролцсон ба 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлж хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9, 11 хуудас/
2.2. Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь их дуу цөөтэй, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, бага зэргийн гэнэтийн ууртай хүн. Хүнтэй муудалцсан зодолдсон гэх зүйл өмнө нь гаргаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/
2.3. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь өвөө, эмээ дээрээ өсч хүмүүжсэн их дуулгавартай, тусархуу, сайхан зан араншинтай, дуу цөөтэй, ямар нэгэн илүү зан байхгүй, хүн чанартай сайн хүүхэд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
2.4. Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь үг дуу цөөтэй, сагсуу хөөрүү зангүй, төлөв зантай хүн. Хүмүүстэй хэл амаа ололцдог хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, даруухан зантай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/
2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 81 хуудас/
2.6. Тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /х.х-ийн 75, 79, 80, 92 хуудас/ зэрэг болно.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2117000000068 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 500 000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсныг дурдлаа.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2117000000068 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА