Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 270

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2017/00201/И

 

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тэмүүжингийн гудамжинд оршин суух, Боржигон овогт Долгорын Чимгээ /РД:АО64070902/-д холбогдох

           “13 634 900 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                     

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолоор улс орон даяар хэрэгжиж байгаа Сум хөгжүүлэх сангийн зээлээс Долгорын Чимгээ болон батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгч Намсрайжадын Нэргүй нар нь 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 15 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 0.25 хувийн хүүтэй 22 тоот гэрээгээр харилцан тохиролцож олгосон. Тухайн зээлийг зээлийн гэрээний хавсралтанд зааснаар сар бүл төлж 2016 оны 03 дугаар сарын 30-нд 15 000 000 төгрөгийн зээл, 693 225 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй, 12 900 000 төгрөгийн зээл, 387 000 төгрөгийн хүүг хугацаа хэтрүүлээд байна. Иймд иргэн Д.Чимгээгээс 13 634 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн1х/

Хариуцагч Д.Чимгээ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангаас 35 000 000 төгрөгийн өртөгтэй хөнгөн блок үйлдвэрлэх цехийн үйл ажиллагааг явуулахаар зээл хүссэн боловч 15 000 000 төгрөг батлагдсан нь тухайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулалт нь дутаж зогссон тул зээлээ төлж чадахгүй хэтрэлтэд ороод байгаа нь үнэн. Уг зээлээ бага багаар төлж барагдуулж байгаа. Үлдэгдэл 13 634 900 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 14х/

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Д.Чимгээд холбогдуулан 13 634 900 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Чимгээ нь Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийн зээл авсан болох 216 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 тоот зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 4-8х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 14х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Чимгээ нь хүлээн зөвшөөрч 13 634 900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.       

            Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Чимгээд холбогдох 13 634 900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх санг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                        Ж.БОЛДБААТАР