Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Н.Наранцай, Улсын яллагч Г.Дэлгэрсайхан , Шүүгдэгч Ч.М-т, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт  Ч-н М-д холбогдох 2133000000022 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 06-р сарын 02-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, сан техникч, засварчин мэргэжилтэй, Гавшгай-Ус компанид засварчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 01-10 тоотод оршин суух хаягтай, Боржигин овогт Ч-н М-т /РД:МФ70000000/ Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч Ч.М-т нь 2021 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын ордны гадна Х.Батаатай маргалдаж, зодон эрүүл мэндэд нь толгойн зулай хэсэгт няцарсан шарх, баруун доод зовхинд цус хуралт, баруун чамархай, хацарт улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.М-т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын ордны гадна Х.Батаатай маргалдаж, зодон эрүүл мэндэд нь толгойн зулай хэсэгт няцарсан шарх, баруун доод зовхинд цус хуралт, баруун чамархай, хацарт улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч Х.Батаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байсан. Би үдээс хойш 14 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг 22 дугаар байрны 1 дүгээр орцны 10 тоотод Нямбуу гэх нутгийн ахын гэрт орсон. Тэгэхэд Нямбуу ах, Эко ах бас нэг танихгүй 3 хүн нэг шил архи тойруулаад уугаад сууж байсан. Тэгээд архи нь дуусаж байгаа болохоор архи авах гээд би нэг хүнтэй нь хамт гарч “Оргил” хүнсний дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн “Хараа” архи аваад буцаж Нямбуу ахын гэрт нөгөө архиа хувааж уугаад сууж байтал Нямбуу ах М-т гэх залуутай маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би хэдүүлээ айлд маргалдаад яах вэ эндээс гаръя гээд Нямбуу ахын гэрээс гарсан чинь бүгд миний араас дагаад гарсан. Тэгээд Соёлын ордны арын авто машины грашын хойно очоод тэнд бас 1 шил архи уусан. Тэгээд бид нар нэлээн согтоод эхэлсэн. Тэгтэл Мөнхбат Нямбуу ахлуу дайраад зодолдох гээд байхаар нь би “чи наад хөгшин хүнтэй зодолдож байхаар надтай сайхан зодолдчих” гэж би Мөнхбатад хэлсэн чинь “чи муу яасан овоо гар вэ” гээд надтай зодолдохоор болсон. Харин би бие биедээ хонзон санахгүй сайхан үзчихье гээд гадуур хувцсаа тайлж байтал нэг нь наад залуу чинь гартаа чулуу барьчихсан байна шүү дээ гээд орилох шиг болсон. Харин би эргээд хартал Мөнхбат миний дух руу нэг удаа, бас зүүн чамархай хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тэгтэл миний толгой дүнхүүрээд явчихсан. Тэгээд Мөнхбатыг барьж аваад газарт унагаад дээр нь гараад мордоод суусан. Тэгсэн Мөнхбат надаас зуураад миний хүзүүг багалзуурдаж хувцаснаас чангаагаад байсан. Харин би шууд Мөнхбатыг цохих гэсэн чинь толгойноос минь цус гараад Мөнхбатын дээрээс дусаад эхэлсэн. Тэгэхлээр нь би Мөнхбатыг цохилгүй босоод цусаа дараад цаашаа очоод суусан. Тэгтэл хамт байсан хүмүүс яваад өгсөн. Харин Мөнхбат бид хоёр тэнд үлдсэн. Тэгээд М-т над дээр ирээд “ахыгаа уучлаарай ах нь цагдаа дээр асуудалтай байгаа ахад нь мөнгө байна хоёулаа архи ууя” гэхээр нь би “за тэгье” гэж хэлээд бид хоёр хамт “Оргил” хүнсний дэлгүүрийн гадаа очиж Мөнхбат дэлгүүр лүү орж архи авч гарч ирсэн. Гарч ирэхдээ 0.33 литрийн “Хараа” архи бас жижиг цэвэр ус аваад гарч ирэхээр нь бид хоёр хамт машины гражийн ард очоод усаар нь толгойгоо цэвэрлэсэн чинь цус тогтохгүй байсан. Тэгээд байж байтал манай дунд охин ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, 2.Гэр Г.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би өглөө ажлаасаа бууж байтал Сайхан сумын нэгдүгээр баг 22 дугаар байрнаас дуудлага ирээд тус дуудлагын дагуу би Ч.М-ттай хамт тухайн айлд очоод засвар үйлчилгээг нь хийж дуусгаад явах гэж байхад тухайн айлын эзэн Ганбаа гэх залуу бид хоёрт нэг шил архи гаргаж өгөөд бид гурав хамтдаа Хараа нэртэй 0.75 литрийн шилтэй архинаас нэгийг уусан юм.Тэгээд тухайн архиа ууж дуусаад би Ч.М-тын хамт тэр айлаас гараад явсан юм. Бид хоёр тэр айлаас гараад салцгаасан юм. Тухайн үед би согтоод яаж гэртээ орсоноо ч санахгүй байгаа юм. Манай гэр 21 дүгээр байрны 42 дугаар тоот болохоор тэр айлаас ойрхон л доо. Би нэг сэрсэн чинь гэртээ унтаж байсан юм. Тэр өдрийн маргааш нь ажил дээр Мөнхбаттай таарсан чинь Ч.М-т надад "өчигдөр хөгшин нь нөгөө айлдаа утсаа мартчихаад ахиад яваад орсон чинь зөндөө хүмүүс ирчихсэн байсан тэгсэн нэг залуу нь надтай муудалцаад гараад үзчихье гээд байхаар нь би гараад нөгөө залууг нь цохьчихсон юм шиг байна" гэж хэлж байсан юм. Тэр айлын эзэн Ганбаа гээд нэг ах байдаг юм би зүгээр зүс таних төдий л таньдаг юм. Анх тэр айлд дуудлагаар очих үед гэрийн эзэн Даваа гэх ах гэртээ ганцаараа байсан юм. Тэгээд бид хоёрыг юмаа засаад дууссан чинь дүүдээ нэг юм авч өгнө гээд архи гаргаж өгсөн юм. Тэгээд бас архиа ууж дуусаад явах гэж байхад бид хоёрт тус бүр 10 мянган төгрөг өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, 3.Гэрч Г.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн 22 дугаар байрны 13 тоотод ганцаараа амьдардаг. 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай гэрийн нойл бөглөрөөд ус суваг руу дуудлага өгсөн чинь ус сувгаас хоёр хүн ирж манай нойлыг янзалсан юм. Тэгээд манай нойлыг янзлаад өгчихөөр нь би тухайн хоёр залууд тус бүр 10 мянган төгрөг өгөөд нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архийг гурвуулаа хувааж ууцгаасан юм. Тэр хоёр залуу тэгээд манайхаас гараад явсаны дараа удалгүй Батаа Эко хоёр манайд орж ирсэн юм. Тэгээд Эко Батаа бид гурав манайд архи уугаад сууж байсан чинь гаднаас хэсэг хугацааны дараа манай нойлыг янзалсан залуу /Ч.М-т/ орж ирээд надаас утсаа асуугаад байхаар нь Би "чиний утас чинь манайд байхп/й" гээд хэлсэн чинь Мөнхбат "Би танайд орхисон гээд" бага зэрэг өндөр дуугаар хэлсэн чинь манайд байсан Батаа гэхзалуу Ч.М-ттай маргалдаад тэгээд тэр хоёр гарч зодолдоно гээд манай гэрээс гарцгаасан юм. Тэгээд эргэж орж ирээгүй. Харин Эко бид хоёр гэрт үлдсэн юм. Би Ч.М-тыг нэг их сайн танихгүй зүгээр л зүс мэдэх төдий таньдаг юм. Тухайн үед манай нойлыг янзалж өгөхөөр нь л нэг шил архи хувааж уусан юм. Харин Х.Батаагийн гэр нь манай гэртээ ойролцоо байдаг надтай нэг нутгийн хүүхэд байгаа юм. Экогийн хувьд би жинхэнэ нэрийг нь мэдэхгүй хүмүүс Эко л гээд байдаг зүгээр л бас танилууд байгаа юм. Манай гэрт Х.Батаа бид гурав л байсан юм өөр хүн байгаагүй юм. Тухайн үед Эко бид хоёр манай гэрт байсан юм. Харин Ч.М-т, Х.Батаа нар манай гэрээс хамтдаа гараад явсан юм тэр хоёрыг зодолдох үед Эко бид хоёр хажууд нь байгаагүй юм. Ер нь зодолдсон ч гэж мэдээгүй сүүлд л М-с өөрөөс нь сонссон юм. Тэр үед ер нь бүгдээрээ л архи ууцгаасан байсан хэн нь хэр их согтуу байсан талаар би мэдэхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/, 4. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн №178 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Х.Батаагийн биед толгойн зулайн хэсэгт няцарсан шархтай, баруун доод зовхинд цус хуралт, баруун чамархай, хацарт улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээч эмчийн дүгнэлт / хх-ийн 15-16-р хуудас/, 5. 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн согтуурал хэмжсэн тодорхойлолт /2.13% гарсан / /хх-ийн хэргийн 6-р хуудас/, 6. 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 8-10-р хуудас /, 7. Хөтөл Эрүүл мэндийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 17-ны болон 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн яаралтай тусламжийн хуудаснууд /хх-ийн 17-18-р хуудас/, 8.Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11-р хуудас/, 9.Шүүгдэгч Ч.М-тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Би 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ганбаатар 00-н бохир бөглөрчихлөө гаргаад өгөөч гэхээр нь ажлын залуу болох Батсайхантай хамт очсон. Тэгээд очоод бохирыг нь гаргалцаж өгсөн. Тэгсэн архи авч өгсөн. Тухайн архийг уугаад согтсон. Тэгээд тухайн айлаас гараад сандлын хажууд тасарчихсан унтаж байсан. Тэгсэн хүн намайг дуудаж сэрээсэн. Тэгэхээр нь босоод халаасандаа утсаа үзсэн. Гэтэл утас байхгүй болохоор нь нөгөө айлдаа очиж утсаа үзэхээр явсан. Намайг очиход хүмүүс нэмэгдээд архи уугаад сууж байсан. Би орж утсаа асуусан. Миний утас наана чинь үлдсэн байна уу? гээд гэрийн эзнээс асуусан. Тэгсэн утсаа үлдээсэн байна гээд олж авсан. Намайг наашаа суу, архи уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Нөгөө хэд нь намайг гар, гар гээд хөөгөөд байсан. Гар, гар гээд байхаар нь бид хоёр хоорондоо маргалдсан. Х.Батаа гэх залуу тэднийд байсан. Тэгсэн Х.Батаа гэх залуу босож ирээд “манай ахтай яагаад хэрэлдээд, маргалдаад, зодолдох гээд байгаа юм, чи хөгшин хүнтэй зодолдож байхаар надтай зодолд” гэж хэлсэн. Тэгээд хоёулаа айлд зодолдоод яах вэ?, гадаа гарч зодолдъё гэсэн. Гадаа гарч зодолдсон. Тухайн үед нэлээн согтуу байсан. Би чулуу атгаж байгаад толгой хэсэг рүү нь цохисон. Тэгээд тэр залуу нэг шил архи аваад ир гэсэн. Бид хоёр гадаа нэг шил архи уусан. Тэгээд тасарсан байсан. Нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн байсан. Эмчилгээний зардал, хохиролд 500.000төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.М-т нь Х.Батаагийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдсан эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл юм. Прокуророос Ч.М-тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Ч.М-тыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.М-т нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болно. Эрүүгийн хариуцлагын талаар : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.М-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно. Шүүгдэгч Ч.М-т нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн 0.75 литрийн Хараа архины шил 1 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архины архины шил 1 ширхэг, 5 см диаметртэй жижиг чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгах нь зүйтэй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Ч-н М-г хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 / зургаан зуун тавин мянга / төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.М-т торгуулийн ялын 600,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг Ч.М-тад мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн 0.75 литрийн Хараа архины шил 1 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архины архины шил 1 ширхэг, 5 см диаметртэй жижиг чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА