Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 272

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2017/00168/И

 

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Өндөрхаан механикжуулалтын 3-1 тоотод оршин суух, Боржигон овогт Банзрагчийн Даваа /РД:СЮ55051904/-д холбогдох

           “зээл, зээлийн хүүгийн 4 606 336 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Э.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус банкны зээлдэгч иргэн Б.Даваа нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1040015374 дугаар зээлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1040015374 дугаар барьцааны гэрээг байгуулан 5 000 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан. Банк зээлдэгч Б.Даваатай хийсэн 1040015374 дугаар зээлийн эргэн төлөлтийн хувиарт өөрчлөлт оруулан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг үндсэн төлбөрөөс чөлөөлж 4 сар чөлөөлж, зээлийн эргэн төлөлтийг өөрчилсөнтэй холбоотой, үндсэн гэрээнд заасан дансны дугаарыг 1040017182 болгож өөрчилсөн зэрэг хөнгөлөлтийг банкны зүгээс үзүүлж байсан боловч зээлээ хугацаандаа төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд үндсэн зээлийн төлөлт 3 870 568 төгрөг, үндсэн хүү 613 098 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122 670 төгрөг, нийт 4 606 336 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн1х/

Хариуцагч Б.Даваа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хас банкны Хэнтий аймаг дахь салбарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч миний бие дараах тайлбарыг гаргаж байна.

Хас банкнаас 2015 оны 5 дугаар сарын 08-нд 1040015374 дугаартай зээлийн гэрээгээр 5.000.000 төгрөгийг 26.4%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хүнсний ногоо тарих зориулалтаар авсан нь үнэн. Зээлийн төлбөрийг хугацаанд нь эргэн төлөлгүй хэтрүүлсэн нь хүнсний ногоо тариалах улирлын чанартай холбоотой ба тариалах явцад эрсдэл гарсан, мөн миний хамтран зээлдэгч болох нөхөр маань нас барж, ар гэрийн гачигдал гарсан зэрэг байдалтай холбоотой. Хас банкны нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4.606.336 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин бусад холбогдон гарсан зардал тодорхойгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие ам бүл 1, өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй, сард 240000 төгрөг авдаг, тэтгэврийн мөнгөө ахуйн хэрэгцээ, эм тариандаа хэрэглэдэг. Өрхийн амьжиргаа залгуулах үүднээс хүнсний ногоо тариалдаг юм. Хүнсний ногоо тариалж намар ургацаа хурааж борлуулсны орлогоос дээрх зээлийн төлбөрийг             3 жилийн хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын дотор төлж барагдуулах саналтай байна. Хэрвээ дээрх хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1040015374 дугаар барьцааны гэрээнд заасан Хэрлэн суманд байрлах НДТ-221602682, Г-0094961 тоот гэрчилгээний дугаартай 50000 м.кв талбайтай эзэмшил газар, хүнсний ногооны зоорь, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1817000378 дугаартай 3500 м.кв талбайтай өмчлөлийн газраар хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Б.Даваад холбогдуулан зээл, зээлийн хүүгийн 4 606 336 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Даваа нь ХАС банкны Хэнтий аймаг дахь салбараас 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийн зээл авсан болох 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1040015374 тоот зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 3-17х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 34х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Даваа нь хүлээн зөвшөөрч 4 606 336 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.       

            Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Даваад холбогдох 4 606 336 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 88 651 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Даваагаас 44 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР