Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 276

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 156/2017/00180/

 

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

     Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхаан мах-импексийн хашаанд оршин суух, Хулан овогт Гомбосүрэнгийн Манжсүрэн, (РД: ЧВ-69122711),

     Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхаан мах-импексийн хашаанд оршин суух, Шарнууд овогт Бадрахын Чулуухай, (РД:СЭ-81091500) нарт холбогдох,

     ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, 

“зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1 641 50288 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Г.Манжсүрэн, Б.Чулуухай нар нь 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Хэрлэн сум дахь ХААН банкны тооцооны төвөөс 5 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 670 толгой мал, суурин компьютер, хоёр хаалгатай хөргөгч, 6 ханатай гэр зэрэг зүйлсийг барьцаалсан юм.

Г.Манжсүрэн, Б.Чулуухай нар нь 2017 оны 3 дугаар сарын   14-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 3 688 44947 төгрөг, зээлийн хүү 847 00771 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 39341 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн ЗГ/201542368132 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлдэгч Г.Манжсүрэн, Б.Чулуухай нараас үндсэн зээлийн төлбөр 1 311 55053 төгрөг, зээлийн хүү 290 39656 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39 55579 төгрөг, нийт   1 641 50288 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал) 

Хариуцагч Г.Манжсүрэн, Б.Чулуухай нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ХААН банкны Хэнтий салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Бид банкны зээлийн үлдэгдэл 1 641 50288 төгрөгийг төлж барагдуулна. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэцгээжээ. (хх-ийн 21 тал) 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь хариуцагч  Г.Манжсүрэн, Б.Чулуухай нараас “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1 641 50288 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Манжсүрэн, Б.Чулуухай нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч ХААН банкны Хэнтий салбарын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1 641 50288 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч  Г.Манжсүрэн, Б.Чулуухай нарт холбогдох, ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1 641 50288  төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  “ХААН” банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41 214 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 20 607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20 608 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад, хариуцагч Г.Манжсүрэн, Б.Чулуухай нараас 20 607 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “ХААН” банкинд олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

 

 

ШҮҮГЧ                                   Л.ЦЭРЭНДУЛАМ