Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/368

 

 

 

 

 2021        05          28                                    2021/ШЦТ/368

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: С.Болорзул;

шүүгдэгч-хохирогч: Ц.А (өөрийгөө өмгөөлж);

шүүгдэгч-хохирогч: О.Э (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Э, Ц.А нарт холбогдох хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эмэг эх, эх, 2 дүүгийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.А;

 

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт  , улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.Э.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ц.А нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Летоя” нэртэй пабад үйлчлүүлж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан, маргалдаж хохирогч О.Э-г зодож биед нь баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч О.Э нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Летоя” нэртэй пабад үйлчлүүлж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч Ц.Аийг зодож биед нь баруун чамархай хуйх, баруун чихний дэлбэн, дагз, зүүн чамархайн хуйх, хүзүү, баруун зүүн дал, цээж, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, бүсэлхий, нуруу, дух, зүүн суга, хүзүү, баруун шанаанд зулгаралт, баруун чихний дэлбэн, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч О.Э мэдүүлэхдээ: “...Гэм буруугийн хувьд маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Ц.А мэдүүлэхдээ: “...              Архи ууж сууж байгаад хоорондоо маргасан. Би “муухай харлаа” гэдэг шалтгаанаар эхэлж маргаан гаргасан. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Э /хх-ийн 52-53/, хохирогч Ц.А /хх-ийн 56-57/ нарын мэдүүлэг, О.Эын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1703 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/, Ц.Аийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1740 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/, О.Эын эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 46-50/, О.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 13-19/, Ц.Аийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 23-34/, Ц.Аийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 65-66/, О.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/, Ц.А, О.Э нарын хүсэлт /хх-ийн 81-82/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Летоя” нэртэй үйлчилгээний газарт Ц.А нь О.Эыг “муухай хараад байна” гэх шалтгаанаар үг сөрөн өдөж, улмаар хоорондоо тэмцэлдэн зодолдож, бие биенийгээ харилцан хөнгөн гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч О.Эын /хх-ийн 52-53/: “...пабын тамхины өрөөнд ороод тамхилж байхад нэг залуу аймар хараад байсан. ...Тэгтэл тэр залуу “яасан танилцмаар байна уу” гээд дээрэлхсэн өнгө аястай дахин асуусан. Би “үгүй” гэж хэлээд тамхины өрөөнөөс гараад явсан. Найзуудын хамт ширээндээ уугаад сууж байтал тэр залуу нэг эрэгтэй найзын хамт манай ширээн дээр ирээд ...миний хүзүүгээр тэврээд “зүгээр сайхан эр хүмүүс шиг юм яръя, тамхи татъя” гэж хэлсэн. Би дагаад тамхины өрөө рүү ороод тэр залуутай тамхилсан. Тэр залуу намайг нэг удаа толгойгоороо мөргөсөн. Харин би зөрүүлээд цохиж унагаасан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

О.Эын биед “...баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1703 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 38-39/,

 

Ц.Аийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 65-66/: “...тамхины өрөө орох үед нэг залуу муухай хараад байсан. ...би тэр залууд “чи надтай танилцмаар байгаа юм уу” гэж асуухад “үгүй” гэж хэлсэн. ...бас тэр залууд “иймээ, тиймээ асуудал байгаа юм уу, тийм бол хэлээрэй” гэж хэлээд мөргөсөн. Харин тэр залуу зөрүүлээд нүүр рүү нэг удаа цохиж унагаагаад дээрээс дэвссэн” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ц.Аийн /хх-ийн 56-57/: “...тамхины өрөөн дотор тамхи татаж байхад нэг залуу муухай хараад байсан. Тамхины өрөөнөөс гараад ширээн дээрээ сууж байгаад нөгөө муухай хараад байсан залуу руу очсон. Би тэр залууг “хоёулаа уулзаадахъя” гэж хэлээд дагуулаад тамхины өрөө рүү орсон. Тэндээ жаахан маргалдаад тэр залууг нэг мөргөчихсөн. ...намайг нударга зангидаж цохиж унагаагаад дээрээс хэд хэдэн удаа дэвссэн. Миний хүзүү дээр өвдөглөөд суучихсан. Энэ үед пабын ажилчид орж ирээд бид нарыг болиулсан...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Аийн биед “баруун чамархайн хуйх, баруун чихний дэлбэн, дагз, зүүн чамархайн хуйх, хүзүү, баруун зүүн дал, цээж, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, бүсэлхий нуруу, дух, зүүн суга, хүзүү, баруун шанаанд зулгаралт, баруун чихний дэлбэн, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1740 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 42-43/,

 

О.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 71-72/: “...тамхины өрөөнд дагаад орсон чинь тэр залуу намайг шууд мөргөсөн. Тэр үед манай найз охин болиулах гэж дундуур орсон чинь манай найз охиныг түлхэхээр нь уур хүрээд цохисон. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

     Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар өөр хоорондоо зодолдсон болохыг өөрсдөө зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, харилцан зодолдсоны улмаас хэн аль нь гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан О.Э, Ц.А нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт О.Э, Ц.А нар нь “...нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч О.Э, Ц.А нарыг бие биедээ төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч О.Э, Ц.А нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, Ц.А нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

            шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, О.Э нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ц.А, О.Э нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бие биедээ төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, О.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ