Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00167/И

          Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Тариаланчдын 40б-1 тоотод оршин суух, Хиад боржигон овогт Наваанпэрэнлэйн Пүрэвдорж /РД:СЭ57092714/-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнх 10-21 тоотод оршин суух, Ойрад овогт Мижиддоржийн Эрдэнээ /РД:СЕ72022212/-д

            5 324 135 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

            Хариуцагч М.Эрдэнээд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 98730101 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранчимэг нь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч М.Эрдэнээг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Н.Пүрэвдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            М.Эрдэнээтэй 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч шатахууны үнийг одоо хүртэл төлөөгүй. Гэрээнд заасан хугацаа хэтэрсэн дүнгээс хоног тутам 1 хувийн алданги тооцож авна гэсэн заалтын зөрчиж байна. Хариуцагч М.Эрдэнээгээс 5 324 135 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            М.Эрдэнээтэй 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч шатахууны үнийг одоо хүртэл төлөөгүй. Нийлүүлсэн бензин шатахууны тооцооноос нэг удаа 453 000 төгрөг төлсөн. Энэ дүнг нэхэмжлэлээс хасаж тооцсон байгаа. Гэрээнд заасан хугацаа хэтэрсэн дүнгээс хоног тутам 1 хувийн алданги тооцож авна гэсэн заалтын дагуу алдангид 1 161 588 төгрөг нэхэмжилж байна. 290 600 төгрөгийн алдангиас татгалзаж байгаа.

           Хариуцагч М.Эрдэнээгээс 5 033 533 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2 талыг харгалзан үзэж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ныг хүртэл 1 сарын хүүг тооцсон. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэл хүү тооцоогүй гэв.

            Хариуцагч М.Эрдэнээ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

            Миний бие Н.Пүрэвдоржийн нэхэмжилж буй 5 324 135 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би одоог хүртэл гачигдлын улмаас болж төлж чадаагүй. Иймд би өөрийн авсан түлшний гарын үсэг зурж авсан хүснэгтийн дагуу гарч буй мөнгийг төлнө. Би хүснэгтэд гарын үсэг зурсан үнийн дүнгээр, 3 500 000 төгрөгийг төлж барагдуулна. Үүнийгээ 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                           

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Н.Пүрэвдорж нь М.Эрдэнээд холбогдуулан түүнд гэрээний дагуу  нийлүүлсэн шатах, тослох материалын төлбөр болон алдангид 5 324 135 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Пүрэвдорж нь Чин тал ХХК-ийн захирлын хувиар хариуцагч Баян улаан өндөр ХХК-ийн захирал М.Эрдэнээтэй Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг 2016.02.16-ны өдөр байгуулж уг гэрээгээр худалдагч тал шаардлагатай шатах тослох материалаар худалдан авагч талыг хоногийн 24 цагийн аль ч үед хангаж, худалдан авагч тал төлбөр тооцоог сар бүрийн 30-наас дараа сарын 05-ны дотор төлж барагдуулж байхаар, төлбөрийг хугацаа хэтрүүлбэл хоног тутум 1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 011 дугаартай худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 3х/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Дээрх гэрээний дагуу 2016.05.20-ны өдрийг хүртэл Чин тал ХХК нь  Баян улаан өндөр ХХК-ийн захирал М.Эрдэнээд бензин шатахуун нийлүүлж байсан боловч хариуцагч М. Эрдэнээ нь авч хэрэглэсэн 3 871 950 төгрөгийн бензин шатахууны төлбөрийг,нэхэмжлэгч талд өнөөдрийг хүртэл төлөөгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 290 600 төгрөгөөс татгалзаж гэрээний 1.4-т зааснаар...хугацаа хэтэрсэн үнийн дүнгээс хоног тутам 1 хувийн алданги тооцно гэсний дагуу алдангид 1 161 588 төгрөг нэхэмжилж байна.

Ийнхүү нэхэмжлэгч Н. Пүрэвдорж нь хариуцагч М. Эрдэнээгээс гэрээгээр тохирсон бараа бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөр болон алдангид нийтдээ 5 324 135 төгрөгийг нэхэмжилж байх ба энэхүү нэхэмжлэлийг шүүх хангах нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө...бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

             1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Пүрэвдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М.Эрдэнээгээс             5 033 535 /таван сая гучин гурван мянга таван зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.          

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Пүрэвдоржоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 100 136 төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч М.Эрдэнээгээс улсын тэмдэгтийн хураамжинд 100 136 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР