Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/372

 

 

 

2021        05          28                                       2021/ШЦТ/372

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Д.Мөнхтогоо;

шүүгдэгч: Х.Х, түүний өмгөөлөгч Ц.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Х-д холбогдох хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Оюу-Толгой” ХХК-д механикч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Х.Х.  

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Х.Х нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эдэлвэйс” зочид буудлын 2 давхарт байрлах өрөөнд иргэн Б.Мягмархүүтэй ярилцаж байхдаа болгоомжгүйгээр нуруу руу нь түлхэх явцад Б.Мягмархүү зурагтын тавиурын доод хэсгийг нүүр хэсгээрээ мөргөж улмаар нүдний шил нь хагарч шилний хэлтэрхий зүүн нүдийг нь гэмтээн “зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, эвэрлэг бүрхүүлийн урагдал, шилэнцэр болон солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, болор цайлт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий” хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мягмархүү /хх-ийн 7, 8/, гэрч М.Алтанцоож /хх-ийн 10, 11/, гэрч М.Цэдэн-Иш /хх-ийн 15/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3113 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-19/, Х.Хы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29/, Х.Хы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-37, 62/, хохирлын мөнгө авсан гэх баримт /хх-ийн 38-40, 52/, хохирлын баримтууд /хх-ийн 48-51/, Х.Хы дансны хуулга /хх-ийн 61/, Б.Мягмархүү хүсэлт /хх-ийн 47/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эдэлвэйс” зочид буудлын 2 давхарт байрлах өрөөнд Х.Х нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Б.Мягмархүүгийн биеийн нуруу хэсэг рүү түлхсэний улмаас тэрээр урагшаа бүдрэн гишгэж  хананд тогтоосон тавилгыг мөргөн унаж нүдэндээ гэмтэл авч хүнд гэмтсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Б.Мягмархүүгийн /хх-ийн 7-8/: “... 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд ажлын ах Х.Хтай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Эдэлвэйс” нэртэй зочид буудалд орж архи, хүний 3-4 пиво уусан. Х.Х ах тоглоод миний нуур руу гараараа цохиход урагшаа бүдрээд урд байсан ханын тавиурыг нүүрний зүүн хэсгээр мөргөж унасан. Би харааны шил зүүдэг учраас тухайн үед нүдний шил хагараад зовхи хэсгийг зүссэн. Гайгүй байх гэж бодсон. Тухайн үед бид хоёр дунд зэргийн согтолттой байсан. Х.Х бид хоёрын дунд маргалдаж, зодолдсон зүйл огт болоогүй. Тэгээд 17 цагийн орчимд буудлаас гараад Х.Хаар гэр рүүгээ хүргүүлсэн. Цус нь тогтохгүй болохоор ах Тэрбиш ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч яваад оёдол тавиулсан. ...Би Нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлтэл “яаралтай хагалгаанд оруулна” гэж хэлээд хагалгаанд оруулсан. Одоо 4 дүгээр сарын 29-ний өдөр Герман Улс руу явж хагалгаанд орохоор болсон. Х.Х 20.000 евро буюу 70.000.000 гаран төгрөг өгсөн. Х.Х гадагшаа явах эмнэлгийн төлбөр, бүх зүйлийг төлсөн тул санал гомдол байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

     Б.Мягмархүүгийн биед “зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, эвэрлэг бүрхүүлийн урагдал, шилэнцэр болон солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, болор цайлт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3113 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 17-19/,

 

              гэрч М.Алтанцоожийн /хх-ийн 10/: “...Б.Мягмархүү 19 цагийн орчим гэртээ орж ирсэн. Зүүн нүдний дээд зовхи, доод зовхины доохон хэсэгт зүсэгдэж цус гоожсон байдалтай орж ирсэн. Б.Мягмархүүгийн төрсөн ах Б.Тэрбишийг дуудаж 21 цаг өнгөрөөгөөд Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Б.Мягмархүүгийн нүдэнд 9 оёдол тавиулсан. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө Интермед эмнэлэгт үзүүлтэл “Нэгдүгээр эмнэлэгт үзүүл, яаралтай хагалгаанд орох болсон байна” гэсэн. Тэгээд Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд “хагалгаанд оруулна, хэвтүүлэх шаардлагатай байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр, 

 

     Х.Хы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 29/: “...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Мягмархүүтэй утсаар яриад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эдэлвэйс” нэртэй зочид буудлын 2 давхарт нэг өрөөнд орсон. Б.Мягмархүү бид хоёр нэг шил “Эден” нэртэй архи хувааж уугаад ажил төрөл ярьж байгаад санамсаргүй байдлаар нуруу хэсэг рүү нь гараараа түлхэхэд зурагтын доод талд байрлалтай хананд тогтоож байрлуулсан тавиурыг Б.Мягмархүү нүүр хэсгээрээ мөргөсөн. Над руу эргэж хартал нүдний шил нь хагарсан, нүдний доод хэсгээс нь цус гарч байхаар цэвэрлэж тогтоон гэрт нь хүргэж өгсөн. Бид хоёр нэг газарт ажилладаг, хуурай ах дүү нар юм. Б.Мягмархүү бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

     Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар хамтдаа эв найртай уулзаж архи уусан, шүүгдэгч уусан архиндаа согтуурхаж хохирогчийн нуруу руу түлхсэний улмаас хохирогч бүдэрч гишгэн хананд тогтоосон тавилгыг нүүрээрээ мөргөж унасан, үүний улмаас  хохирогч нүдэндээ гэмтэл авсан болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн зүүн нүд нь гэмтсэн байдалтай гэртээ ирснийг гэрч зааж мэдүүлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү хохирогчийг гэмтээнэ гэдгийг урьдаас мэдсээр атлаа хүсэж  үйлдээгүй, энэ үр дагаварт зориуд хүргээгүй буюу өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүнийг хүнд гэмтээсэн Х.Хы гэм буруугийн болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Мягмархүүгийн “...Х.Хаас эмчилгээний зардал болох 77.000.000 төгрөг гаргуулан авсан бөгөөд санал гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хэдийгээр хохирогч Б.Мягмархүүгийн эмчилгээний зардал төлөгдсөн боловч хохирогчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд зардлыг шүүгдэгч Х.Хаас нэхэмжлэх эрхтэйгээр тогтоолд заахаар тогтов.  

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Х.Хыг “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх

хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Мягмархүү нь цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ