Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/386

 

 

    2021       06          04                                     2021/ШЦТ/386

 

 

    

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа;

улсын яллагч: Ц.Төгөлдөр (томилолтоор);

хохирогч: А.Мөнхсүрэн, түүний өмгөөлөгч А.Очбадрал;

шүүгдэгч: Ч.М, түүний өмгөөлөгч Н.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-т холбогдох хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физик, электроникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Ч.М

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ч.М нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.Мөнхсүрэнгээс “Шарга морьтод байрлах 0065938, 000417879 дугаар бүхий гэрчилгээтэй зэргэлдээ байрлалтай 2 газрыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 16.000.000 төгрөгийг “ХААН” банкны   дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 06 дугаар сард А.Мөнхсүрэнтэй гэрээ байгуулж мөнгө авсан нь үнэн. Гэтэл бичиг баримтын нэг нь болоогүй буюу нэг захирамж гараагүй байсан. Тэгээд зэргэлдээ газрын гэрчилгээг гаргуулахаар хүсэлтийг газрын албанд өгсөн боловч газрын албаны дарга амралтаа авч таарсан. Амарч орж ирээд шийдэж өгнө гэсэн. Нэг газрын захирамжийг гаргуулахаар хүсэлтээ өгсөн боловч өөр газрын гэрчилгээний захирамж гарсан. Энэ байдлаа А.Мөнхсүрэнд хэлээд “зохицуулж өгнө” гэдгээ хэлсэн. Би 09 дүгээр сард найзтайгаа хамт явж байгаад эрүүгээ гэмтээгээд Нэгдүгээр эмнэлэгт хэвтсэн. Ингээд 10 дугаар сард материалаа өгсөн. Нийслэлийн газрын албаны дарга солигдсон. Хуучин дарга нь бүх тамгаа аваад өгөхгүй байснаас болж бүх дүүрэг дээр газар эзэмшүүлэх ажиллагаа хойшилсон. Энэ байдлаа А.Мөнхсүрэнд хэлж ойлгуулж байсан. 2019 онд ч мөн энэ байдал үргэлжлээд бид нарын бичиг баримт цэгцлэх ажил удааширсан. Ковид давхцаад ажил зогсонги байдалд орсон. Би А.Мөнхсүрэнг хохирооё гэсэн бодол байхгүй. Хохирогчийн газрын асуудлыг зохицуулж бүтээе гэж бодсон боловч надаас шалтгаалахгүй хүчин зүйлсээс болж ийм байдалд хүрсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Мөнхсүрэн мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай төрсөн эгч А.Мөнхтуяагийн ажлын хүн Батням нь “манай 2 найз газар зарна” гэсний дагуу Ч.М, түүний эхнэр Пүрэвсан нартай уулзсан. Ингээд Шарга морьтын зусланд 2 айлын, зэргэлдээ, модон доторх газрыг үзүүлж “манай газар, гэрчилгээ асуудалгүй, шууд нэр дээр чинь шилжүүлнэ” гэж Ч.М хэлсэн. Газар таалагдаад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөө гэрээ байгуулахаар болж 16.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2 гэрчилгээ, кадастрын зураг үзүүлсэн тул итгэсэн. Тэгээд нотариат орж эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тухайн өдрөө татвараа төлөөд бичиг баримтаа бүрдүүлж өгөхөөр болсон. Ч.М “нотариатаар орсон баримтуудаа аваад газрын албанд өгнө, татварыг багасгана” гэсэн. Наадам давхцаад 7 дугаар сарын сүүлээр газрын албанд очиж өөрийн нэр дээр шилжсэн эсэхийг лавлахад ямар ч баримт байгаагүй. Ч.Мтай ярихад “зэргэлдээ газрын нэг нь гэрчилгээ гараагүй, би энэ асуудлаа хөөцөлдөж байгаа” гэж хэлсэн. Тэгээд “гэрчилгээ гарахаар нөхөж өгнө” гэж бодсон. Тэгтэл үзүүлсэн гэрчилгээ нь өөр газрынх байсан. Тэр бичиг баримтаа ч шилжүүлэх асуудлыг газрын албанд өгөөгүй байсан. Тэгээд “газар өгнө” гэж худлаа яриад байсан. Санал болгосон газар нь ойн бүс тул ямар ч шилжих боломжгүй байсан. Хохирлын мөнгөнөөс 3.540.000 төгрөгийн цахилгаан бараа авсан. Өөр ямар нэгэн байдлаар хохирол төлж барагдуулаагүй. ...Ч.М “ах нь чамаас 16.000.000 төгрөгийг зээлсэн болъё, 3.540.000 төгрөгийн барааг хүүд нь өгсөн гэж бодъё” гэж тохиролцсон. Би 16.000.000 төгрөгөө бүтнээр нь авах хүсэлтэй байна. Учир нь 3.540.000 төгрөгийг хүүд нь өгье гэж хэлж байсан. Энэ хүн намайг эд хөрөнгөөр хохироогоод зогсохгүй сэтгэл санаа болон цаг хугацаагаар маш их хохироосон тул маш их гомдолтой байна. Энэ хүнд өгсөн 16.000.000 төгрөгийн хагасыг хүнээс хүүтэй зээлж авсан байсан. Ч.Маас газраа авъя гээд хөөцөлдөөд явж байхад энэ хүн өөрийн нэр дээр байсан 1 газрыг зарсан байсан. Миний хохирлыг барагдуулъя гэж бодсон бол газар зарсан мөнгөө надад өгөх боломжтой байсан. Миний хохирлыг төлж барагдуулах сонирхолгүй байсан. Мөн Ч.М болон түүний эхнэр Р.Пүрэвсан нар миний өгсөн мөнгийг худалдан авсан орон сууцныхаа урьдчилгаанд өгсөн байгаа учраас маш их гомдолтой байна...“ гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Мөнхсүрэн /хх-ийн 26-28, 29-31/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбарууд /хх-ийн 32-35/, зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 36-37/, А.Мөнхсүрэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38/, гэрч Н.Мөнхтуяа /хх-ийн 44-45/, гэрч А.Мөнхтуяа /хх-ийн 46-47/ нарын мэдүүлэг, Ч.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50/, Ч.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 51, 56-60/, Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн тоот, хавсралт /хх-ийн 67-104/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.М нь газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, төрийн өмчийн газрыг өөрийн болон эхнэрийнхээ эзэмшилд байдаг мэтээр бодит байдлыг нууж, “Шарга морьтын зусланд байрлах зэрэгцээ байрлалтай хоёр айлын газар зарна” хэмээн иргэн А.Мөнхсүрэнд итгүүлэн үнэмшүүлж, уг худалдах гэж буй газар нь 0065938, 000417879 дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээ”-тэй мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдүүлэн А.Мөнхсүрэнгийн 16.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэн авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч А.Мөнхсүрэнгийн /хх-ийн 29-31/: “...эгч А.Мөнхтуяа болон Ч.М, түүний эхнэр Р.Пүрэвсангийн хамт машинаар яваад Зуунмод зусланд 2 газар, цаашаа яваад Шарга морьтын эцсийн буудлаас наад талд зам дагуу 2 айлын газар үзсэн. Би модон дунд 2 айлын газар авах сонирхолтой байсан тул Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шарга Морьтын зусланд модны захад байх 2 айлын хоосон газар сонирхоод буцсан. 2 хоногийн дараа 2 айлын газраа авахаар болж Ч.Мтай Сүхбаатар дүүргийн газрын албаны гадаа уулзаад газрын албаны ажилтан нь “тухайн 2 газрын кадастрын зураг” гээд үзүүлсэн учир итгээд 0065938 дугаар бүхий Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 700 мкв газрыг Р.Пүрэвсантай, 000417879 дугаар бүхий Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 мкв газрыг Ч.Мтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж   “ХААН” банкны данс руу 16.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Үүний дараа татвар төлөх 1.000.000 төгрөг болсон. Ч.М нь “хямдхан татвар хийж өгнө” гэж худлаа хэлээд 000417879, 0065938 дугаар бүхий 2 газрын гэрчилгээг эх хувиар, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг авсан. Сүхбаатар дүүргийн газрын албаар ороод материалыг чинь өгөөд шилжүүлнэ гэсэн. ...2018 оны наадмын баярын дараа Сүхбаатар дүүргийн газрын албан дээр очоод дээрх 2 газрын эрх шилжүүлэх гэрээний материал өгсөн талаар асуухад “миний нэр дээр материал хүлээж аваагүй байна” гэдэг хариу өгсөн. ...Ч.Мтай холбогдоод “яагаад газрын албанд бичиг баримт материал өгөөгүй байгаа” талаар асуухад “чамд зарсан модон дунд байх газрын нэг газрын гэрчилгээ нь зэргэлдээ газрын гэрчилгээ биш, модон дунд зэргэлдээ газрыг өөрийнхөө нэр дээр авах гээд Сүхбаатар дүүргийн газрын албанд хүсэлтээ өгсөн байгаа” гэсэн. ... Ч.М нь анхнаасаа зэргэлдээ 2 айлын газар гэж 16.000.000 төгрөгөөр 2 өөр газар зарж намайг хуурч залилсан...” гэх мэдүүлгээр,  

 

гэрч А.Мөнхтуяагийн /хх-ийн 46-47/: “...2018 оны 06 дугаар сард манай дүү А.Мөнхсүрэн зуслангийн газар сонирхож байсан тул ажлын Батнямд энэ талаар хэлэхэд “манай найзуудад зуслангийн газрууд байгаа” гээд Ч.М болон Пүрэвсантай холбож өгсөн. Би 2020 оны 06 дугаар сарын дундуур Ч.М, түүний эхнэр Пүрэвсан болон дүү А.Мөнхсүрэнгийн хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Зуунмод зусланд 2 айлын газар үзээд дараа нь Шарга морьтын зусланд модон дунд байрлах 2 айлын зэргэлдээ газар үзээд 16.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод хэд хоногийн дараа манай дүү нотариат ороод газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж 16.000.000 төгрөгөө дансаар шилжүүлж өгсөн. Ч.М нь 2 айлын зэргэлдээ газар гэж зарсан газрууд нь 2 өөр байршилд байсан. Энэ талаар дүүгийн хамт мэдээд Ч.Мтай удаа дараа уулзах гэсэн боловч гар утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Мөнхтуяагийн /хх-ийн 44-45/: “...Уг 2 газар нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга Морьтын зусланд байх бөгөөд Ч.М, Пүрэвсан нарын нэр дээр бүртгэлтэй байна. Тухайн 2 иргэний бүртгэлтэй газар нь 2 өөр байршилд байна. Өөрөөр хэлбэл зэргэлдээ биш гэсэн үг. Тухайн иргэд газрын эрх шилжүүлэхээр хүсэлт өгөөгүй байна. Мэдээллийн сангаас харахад Пүрэвсангийн нэр дээрх газар ойн сан бүхий газарт хамааралгүй байна. Харин иргэн Ч.Мын газар ойн сан бүхий газарт байрлаж байна. Ойн сан бүхий газар байгаль орчны дүгнэлтгүй бол нэр шилжихгүй...” гэх мэдүүлгээр,  

 

Ч.Мын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 50/: “...Би Шарга морьтод байдаг газраа “өөрсдөө амьдрахгүй юм чинь зарчихъя” гэж эхнэрийнхээ найзад ярьж байсан. Тэгтэл эхнэрийн маань найз нь А.Мөнхсүрэн гэх ажлын газрын найзаа “зэргэлдээ 2 айлын газар сонирхож байгаа” гээд уулзуулсан. Шарга морьтод байх зэргэлдээ 2 газрыг авахаар болоод хэд хоногийн дараа ...газар шилжүүлэх гэрээг хийтэл нэг газар нь манай эгч Мөнхсаруулын нэр дээр байсан. Байгаль орчны дүгнэлт гаргаж өгдөг хүн ажлаасаа гарсан байсан тул нэр шилжүүлэх ажил бүтэлгүйтсэн. Би А.Мөнхсүрэнгээс авсан мөнгөө байрны урьдчилгаанд өгсөн. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбарууд /хх-ийн 32-35/, зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 36-37/, А.Мөнхсүрэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38/ зэрэг  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Ч.Мын үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд хохирогчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар  хохирогчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ч.М нь А.Мөнхсүрэнгийн эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүгдэгч Ч.М шүүхэд мэдүүлэхдээ “хэрэв хөндлөнгийн бэрхшээл саад учраагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг нь гаргаж өгөх байсан, надад хүнийг залилан мэхэлж мөнгийг нь авах, үүргээ биелүүлэхгүй байх санаа зорилго байгаагүй“ гэсэн боловч шүүх Ч.Мын “газар зарах” нэрийдлээр бусдыг залилсан үйл ажиллагаанд дараах байдлаар дүгнэлт хийж Ч.Мын мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн гаргасан саналд няцаалт өгсөн болно.

 

Шүүгдэгч Ч.Мын эрхэлж байсан ажил, албан тушаал нь иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудалтай холбоогүй, энэ талаар эдлэх эрх, давуу байдал үгүй байсан бөгөөд иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх эрхийг олгох эсэх нь дан ганц төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас гадны нөлөөгүйгээр шийдвэрлэх асуудал бөгөөд Ч.Маас үл хамаарахаар байтал өөрийгөө “газар эзэмших эрхийн гэрчилгээг” баталгаатай гаргаж өгөх байсан юм гэж өөрт байхгүй эрх хэмжээний асуудал ярьж буй нь бодитой бус юм.

 

Ч.М өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчид зарна гэж итгүүлсэн газраас өөр байршилд байрлах 0065938, 000417879 дугаар бүхий “газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ” үзүүлж, мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авсан хэргийн үйл баримт тодорхой байхад А.Мөнхсүрэнд итгэл үнэмшил төрүүлэхдээ ашигласан Ч.Мын өөрийн болон Р.Пүрэвсангийн нэр дээрх 0065938, 000417879 дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээ”-нүүдийн баталгаажсан хуулбарыг хэрэгт хавсаргах, уг асуудалтай холбоотойгоор нотариатч Д.Амаржаргал,  Ч.Мын эхнэр гэх Р.Пүрэвсан нараас гэрчийн мэдүүлэг авахаар нэмэлт нотолгоо  цуглуулах нь ач холбогдолгүй болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шунахайн сэдэлтээр, өөрт нь эзэмших, өмчлөх эрх олгогдсон газар байгаа мэтээр иргэнийг итгүүлэн үнэмшүүлж, хохирогчид худалдана гэж итгүүлсэн газраас өөр байршилтай “газар эзэмших эрхийн гэрчилгээ” үзүүлэн, уг газрыг эрх шилжүүлэн эзэмшүүлэхээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэж мөнгөн хөрөнгийг итгэл эвдэн авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан Ч.Мын гэм буруугийн санаатай үйлдэл нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Иймээс шүүгдэгч Ч.Мын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэм буруу нотлогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэстэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

            Мөрдөн байцаалтаар  гаргуулах үндэслэл хэмжээ  нь тогтоогдсон 16.000.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Ч.М нь 3.540.000 төгрөгийг (цахилгаан бараа) хохирогчид өгсөн байх тул үлдэгдэл 12.460.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.М нь шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч А.Мөнхсүрэнд учирсан 12.460.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд дараах нөхцөл  байдлуудыг харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Ч.М нь шунахай сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн;

 

гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн зэрэг болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Ч.Мт мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ч.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1000 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ч.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ