Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/387

 

 

     2021       06          04                                     2021/ШЦТ/387

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Д.Мөнхтогоо (томилолтоор);  

шүүгдэгч: С.Г.А, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г.А-ид холбогдох хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Иргэний харьяалалгүй, 1997 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах, эгч нарын хамт, урьд:

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдасан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 cap 6 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, С.Г.А.   

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч С.Г.А нь яллагдагч Г.Азбаяртай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юу би кебаб” гэх хоолны газраас хохирогч М.Болор-Оюуны эзэмшлийн “Самсунг эс-6 эдж” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г.А мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг хийсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэрэгт шалгагдаагүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокуроын тогтоол /хх-ийн 1-2, 22-32, 33-39, 40-44, 45-47/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 55/, хохирогч М.Болор-Оюуны мэдүүлэг /хх-ийн 57-58/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-62/, С.Г.А-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 68/, урьд өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, хорих ялаас хугацаанаас өмнө сулласан тухай шүүгчийн захирамжийн  хуулбар /хх-ийн 83-85, 87-126/, Г.Азбаярын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 186-188, 201-203/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 189-200/, С.Г.А-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 208-210/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Г.А нь Г.Азбаяртай бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Юу Би Кебаб” хоолны газраас иргэн М.Болор-Оюуны эзэмшлийн “Самсунг Эс-6 эдж” (Samsung S6 edge) загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

   хохирогч М.Болор-Оюуны /хх-ийн 57-58/: “...2018 оны 08 сарын 21-ний шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB Kebab”-д хамаатны ах Амарсанаагийн хамт орж үйлчлүүлсэн. Зүүн гар талын хоёр дахь ширээнд суугаад хоолоо захиалсан ба Амарсанаа ах хоолоо авах гээд явсан. Би ширээн дээр гар утсаа гаргаад тавьчихсан байж байтал 12-17 орчим насны хоёр эрэгтэй хүүхдүүд орж ирээд гартаа хуучин сэтгүүл барьчихсан хоёулаа миний өмнө тулж ирээд сэтгүүлээ дэлгэчихээд “эгчээ задгай мөнгө өгчих, задгай мөнгө өгчих” гээд байсан. ...нэг нь “цайнаас чинь уулаа шүү” гээд миний аягатай цайнаас уусан. Тэгж байгаад тэр хоёр хүүхэд гараад явсан. Гэтэл ширээн дээр байсан миний гар утас алга болсон байсан. Тэр газрын хяналтын камерийн бичлэгийг үзэхэд тэр хоёр хүүхдийн гартаа сэтгүүл барьчихсан байсан хүүхэд нь ширээн дээр сэтгүүлээ дэлгэж барихдаа миний гар утсан дээр тавиад гар утсыг маань аваад гарсан байсан. ...Өндөр нам хоёр хүүхэд байсан.  Өндөр нь 170 см орчим өндөртэй, туранхай бор шөвгөрдүү царайтай, бараан өнгийн цамцтай байсан. Харин нөгөөдөх нь 165 орчим см өндөртэй, эрээн цамцтай байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 61-62/,

 

Г.Азбаярын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 186-188/: “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Юу Би Кебаб” гэх нэртэй хүүхдийн 100-д байдаг хоолны газарт найз А.Г-ийн хамт ороод гар утас хулгайлсан. ...гар утсыг нь “Монтел” дээр зарсан...” гэх мэдүүлгээр,

 

С.Г.Аийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 208-210/: “...Танил найз Г.Азбаяртай 2018 онд Хүүхдийн 100-д байрлах “Юу Би Кебаб” хоолны газар хоол идэхээр ороод ширээн дээр утас байхыг хараад Г.Азбаяр гар утсыг авч харин би хүнийг нь халхалж өгсөн. “Самсунг Эс-6” гар утас байсан. Утсыг нь тухайн үед Г.Азбаяр зарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь бусадтай бүлэглэж хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг хохирогч, шүүгдэгч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, С.Г.А нь Г.Азбаяртай бүлэглэж М.Болор-Оюуны эд хөрөнгийг гарцаагүй хулгайлсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар С.Г.А нь бусадтай бүлэглэж иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрсдийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон хохирол болох хохирогч М.Болор-Оюуны 360.000 төгрөгийн хохирлыг С.Г.А, (Г.Азбаяр) нараас хувь тэнцүүлж буюу С.Г.Аоос 180.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.   

 

Г.Азбаяр нь С.Г.Атой бүлэглэж үйлдсэн хулгайн гэмт хэрэгтээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/806 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч С.Г.Аид  эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд дараах нөхцөл  байдлуудыг харгалзан үзэв.

 

Шүүгдэгч С.Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн;

 

урьд 2 удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан;

 

хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй  зэрэг болно. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж С.Г.Аид нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч С.Г.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.  

 

Шүүх С.Г.Аид тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.

 

Шүүгдэгч С.Г.А нь 2016 оны 11 дүгээр сарын 03-04, 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгтээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 cap 6 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагджээ.

 

2018 оны 08 дугаар сарын 21-ний шөнө С.Г.А, Г.Азбаяр нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын үйл ажиллагааны мэдээлэл солилцоо дутмагаас болж нэгтгэгдэн шалгагдаж шийдвэрлэгдээгүй орхигдож, улмаар С.Г.А-г хорих газраас суллагдсаны дараа энэ хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг үүсгэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол...” гэж заасан бөгөөд “шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн” гэдэг нь нэг төрлийн буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох  хэд хэдэн үйлдэлд шууд хамаарахгүй харин өөр өөр төрлийн буюу нийлмэл гэмт хэрэгт хамаарах үндэслэл бүхий болно.

 

Ийм учраас С.Г.Аийг “шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн”,  мөн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэнийг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, уг хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г.Аийг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г.Аид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г.Аоос 180.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Болор-Оюунд олгосугай.

 

6. Шүүгдэгч  С.Г.А нь энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г.Аид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ