| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0043/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/49 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/49
| 2021 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 2021/ШЦТ/49 | Ханбогд сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Б.Амармөрөн,
Шүүгдэгч: С.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Эт холбогдох 2129000700050 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Э нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд “Их говийн эрдэнэс” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг “Ханбогд” гэх дэлгүүрээс Хар эссэ 4 ширхэг 106,000 төгрөг, Цэнхэр эссэ 3 ширхэг 87,000 төгрөг, Ченж эссэ 2 ширхэг 62,000 төгрөг, Кастер 2 ширхэг 100,000 төгрөг, Парламент 3 ширхэг 127,500 төгрөг, Майлд 4 ширхэг 170,000 төгрөг, амны маск 2 ширхэг 14,000 төгрөг, хогны уут 1 ширхэг 6,000 төгрөг зэрэг эд зүйлийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан нийт 672,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Эт холбогдох эрүүгийн 2129000700050 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.Отгоны: “...Би “Их говийн эрдэнэ” ХХК-ийн захирал ажилтай. Манай дэлгүүрээс Хар эссэ 4 блок, Цэнхэр эссэ 3 блок, Ченж эссэ 2 блок, Кастер 3 блок, Парламент 3 блок, Майлд 4 блок, амны хаалт 50 ширхэгтэй 2 уут мөн хогны уут 60х80 хэмжээтэй 30 ширхэг тус тус алдагдсан. Манай дэлгүүрт учирсан хохирлыг С.Э нөхөн барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р хуудаст/,
Гэрч П.Соёлмаагийн: “...2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ханбогд сумын төвд үйлчилгээ явуулдаг Ханбогд дэлгүүрт худалдаа хийж байхад гаднаас цагдаагийн алба хаагч орж ирээд тамхи алдагдсан уу гэж асуусан. Тухайн үед тооллого хийж үзэхэд нэр төрлийг нь мэдэхгүй байна 16 блок тамхи, хоёр уут амны хаалт, нэг боодол хогийн уут зэрэг зүйл алдагдсан байсан. Тухайн хүнийг сайн танихгүй гэхдээ өмнө нь орж ирж юм худалдаж авч байсан хүн байсан. Өнөөдөр манай дэлгүүрээс хоёр удаа юм худалдаж авсан. Эхний орж ирээд ногоо худалдаж аваад касан дээр ирээд гар утсаа мартсан байна гэж хэлээд гараад явсан удалгүй орж ирээд дахин лангуун дундуур явж байгаад авсан хүнсний эд зүйлээ бичүүлээд тооцоогоо хийгээд гараад явсан. Удалгүй дахин орж ирээд хүүхдийн тэжээл худалдаж аваад тооцоогоо хийчхээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-н 31-32-р хуудаст/,
Ашид Билгүүн ХХК-ийн №ТХҮ-921/71 дугаартай үнэлгээний дүгнэлтээр: “...Хар эссэ 2 ширхэг 106,000 төгрөг, Цэнхэр эссэ 3 ширхэг 87,000 төгрөг, Ченж эссэ 2 ширхэг 62,000 төгрөг, Кастер 2 ширхэг 100,000 төгрөг, Парламент 3 ширхэг 127,500 төгрөг, Майлд 4 ширхэг 170,000 төгрөг, амны маск 2 ширхэг 14,000 төгрөг, хогны уут 1 ширхэг 6,000 төгрөг нийт 672,500 төгрөг” гэх үнэлгээ /хх-н 38-41-р хуудаст/,
С.Эийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ханбогд нэртэй хүнсний дэлгүүрт ороод ахуйн хэрэглээний зүйл аваад тэгээд Хар эссэ тамхи 2 блок, Цэнхэр эссэ тамхи 1 блок, Кастер тамхи 1 блок, Майлд тамхи 1 блокийг аваад куртикнийхээ халаасанд хийгээд лангуун дээр очоод гар утсаа машинд мартсан байна гэж хэлээд хулгайлж авсан тамхинуудаа гарч уутанд хийж нуугаад тэгээд буцаж дэлгүүрт ороод цэнхэр эссэ тамхи 2 блок, Кастер тамхи 1 блок, Парламент тамхи 1 блок, Майлд тамхи 2 блокийг дахин куртикнийхээ халаасанд хийгээд тэгээд дэлгүүрээс гарсан. Тэгээд удалгүй дахиад Ханбогд хүнсний дэлгүүр орж Парламент тамхи 1 блок, Майлд тамхи 1 блок, амны маск дотроо 50 ширхэгтэй 2 уут, хогны уут 60х80 хэмжээтэй 30 ширхэгтэй 1 боодол хулгайлж аваад мөн куртикнийхээ халаасанд хийж авч гараад цагдаад баригдсан гэх мэдүүлэг /хх-н 52-54-р хуудаст/,
Шүүгдэгч С.Эийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 80-82, 84-85-р хуудаст/,
С.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 83-р хуудаст/,
С.Эийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 65-79-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Эт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Э нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд “Их говийн эрдэнэс” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг “Ханбогд” гэх дэлгүүрээс Хар эссэ 4 ширхэг 106,000 төгрөг, Цэнхэр эссэ 3 ширхэг 87,000 төгрөг, Ченж эссэ 2 ширхэг 62,000 төгрөг, Кастер 2 ширхэг 100,000 төгрөг, Парламент 3 ширхэг 127,500 төгрөг, Майлд 4 ширхэг 170,000 төгрөг, амны маск 2 ширхэг 14,000 төгрөг, хогны уут 1 ширхэг 6,000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад нийт 672,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “Их говийн эрдэнэс” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг “Ханбогд” гэх дэлгүүрээс Хар эссэ 4 ширхэг 106,000 төгрөг, Цэнхэр эссэ 3 ширхэг 87,000 төгрөг, Ченж эссэ 2 ширхэг 62,000 төгрөг, Кастер 2 ширхэг 100,000 төгрөг, Парламент 3 ширхэг 127,500 төгрөг, Майлд 4 ширхэг 170,000 төгрөг, амны маск 2 ширхэг 14,000 төгрөг, хогны уут 1 ширхэг 6,000 төгрөг нийт 672,500 төгрөгийн эд зүйлийг хулгайлж, хохирогч Б.Отгоны эд хөрөнгөнд хохирол учруулсан нь шүүгдэгч С.Эийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхэнд халдаж эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүгдэгч С.Э нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Шүүгдэгч С.Э нь “Их говийн эрдэнэс” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг “Ханбогд” дэлгүүрийн захирал Б.Отгонд 60,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. /хх-ийн 63 дугаар хуудас/
Хохирогч Б.Отгон нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “С.Э нь өөрийн хийсэн алдаа дутагдлаа ойлгож надтай ирж уулзаж уучлалт хүссэн. Отгон миний хувьд энэ хүнийг хийсэн алдаагаа ойлгож ухамсарлаж байгаа болохоор надад гомдол санал байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн учир санал хүсэлт байхгүй болно.” гэх хүсэлт /хх-н 90 дугаар хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хулгайлагдсан эд зүйлийг хохирогч Б.Отгонд хүлээлгэн өгч, тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/ болон мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 63 дугаар хуудас/ шүүгдэгч С.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Отгонд учирсан хохирлын хэмжээг “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-921/71 дугаартай үнэлгээний дүгнэлтээр: “... Хар эссэ 4 ширхэг 106,000 төгрөг, Цэнхэр эссэ 3 ширхэг 87,000 төгрөг, Ченж эссэ 2 ширхэг 62,000 төгрөг, Кастер 2 ширхэг 100,000 төгрөг, Парламент 3 ширхэг 127,500 төгрөг, Майлд 4 ширхэг 170,000 төгрөг, амны маск 2 ширхэг 14,000 төгрөг, хогны уут 1 ширхэг 6,000 төгрөг нийт 672,500 төгрөгөөр” тогтоосон байна. /хх-н 38-41 дүгээр хуудас/
Иймд шүүгдэгч С.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч С.Эийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон тэдний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Э нь урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 83 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хулгайлсан эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн, өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Эт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа, хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, зааснаар шүүгдэгч С.Э нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч С.Эийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эрдэнэтунгалагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д т зааснаар шүүгдэгч С.Эт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа, хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Отгонд 672,500 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Отгон нь гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч С.Эийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ