Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бөөс Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Цид холбогдуулан гаргасан “2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 0166860 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгах” тухай прокурорын дүгнэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 23 минутад хүлээн авч ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Б шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “... Эрх бүхий албан тушаалтан нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 0166860 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Ц.Өид торгох шийтгэл оногдуулахдаа хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаанд оролцсон болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1 дэх заалтад “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд холбогдогч Ц.Ө нь хэзээ, хаана, хэдий хэмжээний ямар үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон болох, энэ нь хуулиар тогтоосон ямар журмыг зөрчсөн болохыг бүрэн нотлоогүй, холбогдогчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад уг үйлдлийг харьяаллын дагуу шилжүүлж шалгуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 0166860 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

Хариуцагч Р.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02 тоот Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Б нь Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 0166860 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

Хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Ц нэхэмжлэгчийн 0166860 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэсэн үндэслэлд хамаарч байх ба мөн улсын байцаагчийн 0166860 дугаартай шийтгэлийн хуудас нь  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар тус шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж, хэрэг бүртгэлтэд буцаалгах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.   

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагч Р.Цид холбогдох, улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 0166860 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэнд буцаах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                              В.Ц