Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0611/З |
Дугаар | 221/МА2023/0228 |
Огноо | 2023-04-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0228
“Ш ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У
Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн “Ш ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолын дагуу нэгж талбарын 3002/0049 дугаар бүхий 4.400 м.кв газрыг ашиглах 60 жилийн хугацаатай эрхийн гэрчилгээг дахин олгох, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах...” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 795 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Э.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0611/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ш ” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн “Ш ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолын дагуу нэгж талбарын 3002/0049 дугаар бүхий 4.400 м.кв газрыг ашиглах 60 жилийн хугацаатай эрхийн гэрчилгээг дахин олгох, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 795 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн /1993он/ 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн /2013 он/ 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн “Шингри-Ла-Улаанбаатар” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолын дагуу нэгж талбарын 3002/0049 дугаар бүхий газрыг анх олгосон хугацаа буюу 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 60 жилийн хугацаагаар тооцож гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж, газрын хэмжээг 4400 м.кв олгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “...нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д заасныг тус тус баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
3.2. нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, газар дээрх үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтын зориулалт, хийц, газрын гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндэслэл болгон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 хүртэл жил, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 хүртэл жилээр сунгах тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг баримталсан бөгөөд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тоггооно гэж заасан. Тиймээс маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2022 оны А/07 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд Газрын тухай хуулийн 23 дугаар 23.3.7 дахь заалтад Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гэрээ, гэрчилгээ шинэчлэх асуудлыг хуульд заасны дагуу засаг даргын захирамж гарган шийдвэрлэсэн болно.
3.3. Тиймээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, сонирхол сэргэхгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр гаргасан тайлбартаа “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Иймд дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомплыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
4.1. Нэхэмжлэгч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болох Ш ХХК нь маргаан бүхий захиргааны актад хамаарах газар ашиглах эрхийг анх 2005 онд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 60 жилийн хугацаатай авч байсан. Уг газар ашиглах эрхийн хугацаа нь 2065 онд дуусах бөгөөд энэ хугацаа дуустал газар ашиглах эрхийн хугацааг сунгах асуудал яригдахгүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны А/07 захирамжаар 5 жил болгон богиносгож захирамж гаргасан.
4.2. Хариуцагч энэ захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийн 2020 онд “газар ашиглах гэрчилгээг шинэчилж улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар авах” хүсэлтийг шийдвэрлэх замаар гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацаатай холбоотой аливаа хүсэлт гаргаагүй төдийгүй хариуцагчид нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаатай холбоотой аливаа шийдвэр гаргах үндэслэл бүрдээгүй байсан. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гэрээ, гэрчилгээ шинэчлэх асуудлыг хуульд заасны дагуу засаг даргын захирамж гарган шийдвэрлэсэн болно” гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм.
4.3. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг тусгайлсан хууль болох Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 2005 онд олгосон байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн шинэчилсэн дугаар авах хүсэлтийг шийдвэрлэхдээ нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 онд баталсан 5/14 тогтоолын 2-р хавсралтаар баталсан хуульд нийцээгүй журмыг үндэслэлгүйгээр буцаан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Нэхэмжлэгч анх газар ашиглах эрх авах үед үйлчилж байсан 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт байсан газрыг 60 хүртэл жилээр ашиглуулах заалт нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус дэмжлэг”-т холбогдох хэсэгт ч мөн адил тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг богиносгох аливаа хууль зүйн үндэслэл байгаагүй төдийгүй мөн газар ашиглах эрхийн хугацааг сунгах талаар шийдвэрлэх нөхцөл байдал, үндэслэл үүсээгүй байсан болно.
4.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0795 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Анх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4400 м.кв газрыг Контор, зочид буудал, бизнес төвийн зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0000431 дүгээр гэрчилгээг Британи Виржин арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ш ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
2.2. Улмаар нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ш ” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4396 м.кв болгон газрын хэмжээг өөрчлөн, газар эзэмших эрхийн хугацааг 5 жил болгон багасгасан байна.
2.3. Ийнхүү нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн “Ш ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолын дагуу нэгж талбарын 3002/0049 дугаар бүхий 4.400 м.кв газрыг ашиглах 60 жилийн хугацаатай эрхийн гэрчилгээг дахин олгох, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2.4. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолоор олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгоогүй атлаа түүний газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн олгохдоо Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн. Маргаан бүхий захиргааны акт нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид холбогдох хууль журмыг баримтлалгүйгээр зөвхөн Газрын тухай хуулийг хэрэглэж газрын хэмжээ, газар ашиглах эрхийн хугацааг үндэслэлгүйгээр богиносгосон нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж ... нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан...” гэж дүгнэн, маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоон хүчингүй болгож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолын дагуу нэгж талбарын 3002/0049 дугаар бүхий газрыг анх олгосон хугацаа буюу 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 60 жилийн хугацаагаар тооцож гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж, газрын хэмжээг 4400 м.кв олгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
2.5. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн /1993 оны/ 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах гэж тус тус заасан.
2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид үйл ажиллагаа явуулах хугацаанаас хамаарч 60 жил хүртэл хугацаагаар газар ашиглуулж болохоор байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, газар дээрх үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтын зориулалт, хийц, газрын гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндэслэл болгон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 хүртэл жил, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 хүртэл жилээр сунгах тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг баримталсан бөгөөд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно гэж заасан. Тиймээс маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2022 оны А/07 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд Газрын тухай хуулийн 23 дугаар 23.3.7 дахь заалтад Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гэрээ, гэрчилгээ шинэчлэх асуудлыг хуульд заасны дагуу засаг даргын захирамж гарган шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.
2.7. Учир нь газар ашиглах хугацаатай холбогдуулан нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаагүй, тухайн газар ашиглалтад нөлөөлөхүйц бодлогын болон бусад нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад газар ашиглах эрхийн хугацааг 60 жил байсныг 5 жил болгон өөрчилсөн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцэхгүй юм.
2.8. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд хуульд заасан шаардлагыг хангуулан нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Газар ашиглах эрхийн баталгаажуулах тухай” 120 дугаар захирамжаар “Ш ” ХХК-д 4400 м2 газрыг 60 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 0000431 дугаартай гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байхад нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай захирамж гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
2.9. Мөн нэхэмжлэгчээс “... Манай компаний газар ашиглах эрхийн хугацааг анх олгогдсон 60 жилийн хугацааг 5 жил болгох багасган өөрчилсөн нь үндэслэлгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаатай холбоотой аливаа шийдвэр гаргах үндэслэл бүрдээгүй байсан. ...нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг богиносгох аливаа хууль зүйн үндэслэл байгаагүй төдийгүй мөн газар ашиглах эрхийн хугацааг сунгах талаар шийдвэрлэх нөхцөл байдал, үндэслэл үүсээгүй байсан” давж заалдах гомдолд гаргасан тайлбар үндэслэлтэй байна.
2.10. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ