Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 21

 

 

П.Цэрэндуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж,  шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00623 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ГЦЦЭ ХХК-ний 12 айлын орон сууцны 9 тоотод оршин суух Бадарч овогт Пүрэвийн Цэрэндуламын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын  Магсаржав багийн ГЦЦЭ ХХК-ний 12 айлын орон сууцны 9 тоотод оршин суух Цалинч овогт Булгаагийн Гантулгад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Цэрэндулам түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Б.Гантулга түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийхишиг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би Б.Гантулгатай 2002 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2001 онд хүү Г.Ганхүлэг, 2007 онд хүү Г.Энх-Амгалан, 2008 онд бага хүү Г.Энхмөрөн нар төрсөн. Б.Гантулгатай гэр бүл болоод 15 жил болж байна. Бид хоёр 2007 оны 6 сард Их буян захын хажууд Цэцэг нэртэй бичиг хэргийн дэлгүүр нээсэн. Бичиг хэргийн наймаа гайгүй амжилттай болоод ирэхэд Б.Гантулга бид хоёр ярилцаад 2 том хүүгийнхээ эхний үсэг болон өөрсдийнхөө нэрний эхний үсэг оруулан ГЦЦЭ ХХК үүсгэн байгуулсан. Мөн бид хоёр хоорондоо ярилцаж байгаад одоо үйл ажиллагаа явуулж байгаа Цэцэг дэлгүүрээ 4 давхар шилэн болгосон. Уг дэлгүүрийг 900 000 000 төгрөгөөр барьсан. Барилгыг барихдаа БНХАУ-ын иргэдээс зээл авсан. Мөн Хас банкнаас 350 000 000 төгрөгийн зээл авсан. Би зээлийн эргэн төлөлтөнд 1 сард хүү 6825000 төгрөг, үндсэн зээлд 2 500 000-5 000 000 төгрөг нийт 9 325 000- 12 000 000 төгрөгийг төлдөг байсан. Гантулга нь амьдрах хугацаанд ямар ч хайр халамжгүй, байнгын архидалт, зодууртай байсан бөгөөд энэ бүгдийг нь би тэвчиж явсаар ирсэн. Б.Гантулга бид хоёр тусдаа амьдраад 5 жил болж байна. Б.Гантулга нь одоо Цэвэлмаа гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа бид хоёрын хэн хэн нь эвлэрэх боломжгүй цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг миний асрамжинд үлдээж хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах, Цэцэг төвийн дэлгүүр, ГЦЦЭ ХХК-ний 12 айлын 2 өрөө орон сууц, Баатархайрхан багийн 7-21 тоот хашаа, газар, байшин, ГЦЦЭ ХХК-ний барьж буй 29 айлын орон сууц, Буянт сумын ногооны талбай зэргээс 3 хүүхэд болон өөрт ногдох хэсгийг гаргуулах, Хас банкны зээл 350 000 000 төгрөг, БНХАУ-ын иргэдээс авсан зээл 100 500 000 төгрөгийг Б.Гантулгаар хувааж төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан шүүхийн шатанд Б.Гантулгатай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан учраас гэрлэлтээ цуцлуулна мөн хүүхдүүдээ өөр дээрээ авна гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Миний зүгээс бол яриад байх зүйл алга байна би хүүхдүүдээ ээж дээр нь үлдээнэ мөн хөрөнгүүд дээрээ эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан учраас гэрээнийхээ дагуу асуудлаа шийдүүлнэ гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00623 дугаар шийдвэрээр:“1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Цалинч овогт Булгаагийн Гантулга, Бадарч овогт Пүрэвийн Цэрэндулам нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 06 сарын 30 өдөр төрсөн хүү Г.Ганхүлэг, 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Г.Энхамгалан, 2008 оны 07 дугаар сарын 08 өдөр төрсөн хүү Г.Энхмөрөн нарыг эх П.Цэрэндуламын асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч П.Цэрэндулам нь хүү Г.Ганхүлэг, хүү Г.Энхамгалан, хүү Г.Энхмөрөн нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах ,тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлүүлэхийг эх П.Цэрэндулам, эцэг Б.Гантулга нарт тайлбарласугай.

5 Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар  гэрлэлтээ цуцлуулсан ч хүү Г.Ганхүлэг, хүү Г.Энхамгалан, хүү Г.Энхмөрөн нарыг өсгөж, хүмүүжүүлэх эцгийн  үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Б.Гантулга энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх П.Цэрэндулам нарт  тус тус даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар Нэхэмжлэгч Цалинч овогт Б.Гантулга, Бадарч овогт П. Цэрэндулам нар нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох 000212945 дугаарын гэрчилгээтэй Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан баг Үйлдвэрийн райны 1 гудамжны 2 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалтай 1533.2 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгө болох 0 давхар, 1 давхар, 2 давхар, 3 давхар тус бүрийг хүү Г.Ганхүлэг, хүү Г.Энхамгалан, бага хүү Г.Энхмөрөн нарын нэр дээр бүртгүүлж өмчлөгчөөр тогтоолгоно. Б.Гантулга би дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөсөө татгалзаж нэрээ хасуулж байна, 000470042 дугаартай гэрчилгээтэй Худалдаа үйлчилгээний зориулалтай Баатархайрхан багийн "Их буян" захын гадна байрлах "Цэцэг" дэлгүүрийн 0,0385 м2 /га/ газрыг хүү Г.Ганхүлэг, хүү Г.Энхамгалан, хүү Г.Энхмөрөн нарын нэр дээр бүртгүүлж өмчлөгч эзэмшигчээр тогтоолгоно. Б.Гантулга би дээрхи эд хөрөнгийн эзэмшилээсээ татгалзаж нэрээ хасуулж байна. Нийт 1 533 200 000 төгрөгний үл хөдлөх эд хөрөнгөө хүүхдүүддээ өгөхөөр, хариуцагч Б.Гантулгад Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт байрлах 7 гудамжны 21 тоот орон сууц ,гэр бүлийн хэрэгцээний газрыг түүний эзэмшил, өмчлөлд үлдээхээр, Ховд аймгийн Жаргалант сумын Баруун бүсийн төв зах дээр байрлах Б.Гантулгын цэнхэр павилоныг нэхэмжлэгч П.Цэрэндуламын өмчлөлд өгөхөөр, ГЦЦЭ" ХХК-ны барьж буй 29 айлын орон сууц, БНХАУ-ын иргэдээс авсан зээл 100,500,000 төгрөгний зээлийг Б.Гантулгаар хувааж төлүүлэх, хүүхдүүдийн тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагуудаас нэхэмжлэгч П.Цэрэндулам би татгалзаж байна, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах 12 айлын 3 давхарын 09 тоот 2 өрөө байр Б.Өлзийсайханы нэр дээр байдаг нь Ховд аймгийн Голомт банкнаас зээл авахын тулд Б.Өлзийсайханы нэр дээр шилжүүлсэн байсан Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах 12 айлын 3 давхарын 09 тоот 2 өрөө байрны зээлийг П.Цэрэндулам төлж байгаа бөгөөд Б.Өлзийсайханд хамааралгүй юм. Иймд хариуцагч Б.Гантулга нь Хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдруулах үүднээс одоо амьдарч буй Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах 12 айлын 3 давхарын 09 тоот 2 өрөө байрыг П.Цэрэндулам, өөрийн төрсөн хүүхдүүд болох 2001 онд төрсөн хүү Г.Ганхүлэг, 2007 онд төрсөн хүү Г.Энхамгалан, бага хүү Г.Энхмөрөн нарын нэр дээр бүртгүүлж өмчлөгчөөр тогтоолгож тэдний өмчлөлд өгөхөөр эвлэрэлийн гэрээ байгуулж энэ талаар дахин нэхэмжлэл гаргахгүй, гомдол гаргахгүйгээр талууд харилцан тохиролцсон болохыг дурьдсугай.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч  Б.Гантулгаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Цэрэндуламд олгосугай.

 

8 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Цэрэннадмидад даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, бидний дундах зарим асуудлуудыг орхигдуулж, хэргийн материалд гүйцэд дүн шинжилгээ хийлгэлгүйгээр, мөн сэтгэл санааны маш их дарамттай, хямралтай байхад хурдан хугацаанд шийдвэрээ гаргасан. Хүүхдийн асрамжийн асуудлыг нарийн зөв судлаагүй, бодитоор шийдэгдээгүй. Бид 8-15 насны 3 хүүхэдтэй ба хүүхдүүдээс эцэг эхийн хэнтэй амьдрах талаар санал асуугаагүй, Эвлэрлийн гэрээг хуульд нийцсэн эсэхийг тодорхойлолгүйгээр шийдсэн. Хуулийн хугацаанд гомдлоо гаргасан.

Эд хөрөнгө нэхэмжлэхгүй байх тул улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн. Надад үүнээс өөрөөр төлөх 10.000.000 төгрөг алга. Хүүхдүүд бие биенээсээ салахгүй хамт өсөх ёстой боловч 1 хүн дээр 3 хүүхэд байна гэдэг ачаалалтай ба нэг хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Хүүхдийн асрамжийн асуудал, гэр бүл цуцлах асуудалд гомдол гаргаж байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Цэрэндулам нь Б.Гантулгаас гэрлэлтээ цуцлуулах, хүү Г.Ганхүлэг, Г.Энхамгалан, Г.Энхмөрөн нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, эцэг Б.Гантулгаар тэжээн тэтгүүлэх, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Үйлдвэрийн Ройнд байрлах “Цэцэг” төвийн дэлгүүр, “ГЦЦЭ” ХХК-ний  12 айлын орон сууцны 2 өрөө байр, Ховд аймгийн Баатархайрхан багийн 7 дугаар гудамжны 21 тоот хашаа, газар, байшин, “ГЦЦЭ“ ХХК-ний барьж буй 29 айлын орон сууц, Буянт сумын ногооны талбай зэргээс 3 хүүхдүүд болон өөртөө ногдох хэсгийг гаргуулах, Хас банкны зээл 350.000.000 төгрөг болон БНХАУ-ын иргэдээс авсан зээл 100.500.000 төгрөгийн зээлийг Б.Гантулгаар хувааж төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх гэрлэгчдийн харилцан тохиролцсоноор тэдгээрийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, талуудын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эврэлийн гэрээг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгө гэрлэгчдийн эзэмшил, өмчлөлд байгаа эсэх, тэдгээрийг банк болон иргэдээс авсан зээлийн барьцаанд барьцаалуулсан эсэх, шүүх эвлэрлийг баталсан тохиолдолд зээлдүүлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг шүүх анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэл гаргаагүй эд хөрөнгө болох Худалдаа үйлчилгээний зориулалттай Баатархайрхан багийн “Их буян” захын гадна байрлах “Цэцэг” дэлгүүрийн 0.0385м2 газар, Ховд аймгийн Жаргалант сумын Баруун бүсийн төв зах дээр байрлах цэнхэр павильон зэрэг эд хөрөнгө дээр талууд эвлэрсэн, мөн нэхэмжлэл гаргасан Буянт сумын ногооны талбай, Хас  банкны зээл 350.000.000 төгрөгийн өр зэргийг талууд ямар байдлаар тохиролцож эвлэрсэн эсэх нь эвлэрлийн гэрээнд тусгагдаагүй байхад эвлэрлийг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дэх хэсэгтэй нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, банкны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэлт төлөлтийн хуваар зэрэг нотлох баримтуудыг буюу эвлэрлийн гэрээнд дурдсан үйл баримтыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгтэй нийцээгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар “хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэв хүүхдийг шүүхэд авчирч асуухад хүүхдэд хүндээр тусна гэж гэрлэгчид үзэж байгаа бол шүүхээс өөр хүүхдэд зориулагдсан газар хүүхдийн саналыг асуух боломжтой юм.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ”. Гэтэл хэрэгт нэхэмжлэлд дурдагдсанаас өөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр нотлох баримт авагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-ийг тус тус зөрчсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын “хариуцагчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхээс татгалзан, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх давж заалдсан гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл:

Хавтаст хэргийн 52 дугаар хуудас дахь шүүгчийн туслахын справкаас харахад хуралдаанд оролцсон хариуцагч Б.Гантулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д заасан “шүүхийн шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэр хүчинтэй болсноос хойш 28 хоног өнгөрсөн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан ажиллагаа хийгээгүй,

Шийдвэрийг хариуцагч Б.Гантулгад 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр шийдвэрийг гардуулсан атлаа түүний 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гаргасан давж заалдах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн,

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 70200 төгрөг төлсөн нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн, хавтаст хэрэгт хэргийн оролцогчдын эд хөрөнгийн талаар баримт авагдаагүй, эд хөрөнгөнд үнэлгээ тогтоогоогүй атлаа “хариуцагчийг давж заалдах гомдол гаргахдаа шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр /10.362.950 төг/ улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой” гэж үзсэн зэрэг шүүхийн буруутай үйл ажиллагаа байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3-т зааснаар гомдлыг хэлэлцэхээс татгалзан буцаахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно. 

 

           

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00623 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Б.Гантулгад буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ТУЯА

 

 

                               ШҮҮГЧИД                                       С.ӨМИРБЕК

                                  

 

                                                                                                  М.НЯМБАЯР