Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00508

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд; 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1993 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүл 3, ээж, охины хамт тус сумын төвд оршин суух “Өөлд” овогт Намхайн Анужин /МЗ-93090807/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар баг Асгат гэх газар  оршин суух “Хонин онход” овогт Тодгэрэлийн Хүслэн /РЖ-92121610/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Анужин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Анужин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2012 онд Хүслэнтэй үерхэж байгаад 2013 оны 9 дүгээр сарын 17-нд охин Есүгэн төрсөн юм. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч охиноо эцэг Хүслэнгээр овоглож төрсний гэрчилгээ авсан юм. Бид хоёр Улаанбаатар хотод хамтран амьдарч байгаад таарч тохирохгүйн улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байна. Одоо би Сэлэнгэ аймгаас олон дахин Хөвсгөл аймагт ирэх боломжгүй байгааг харгалзан шүүх хуралдааныг хийлгэх хүсэлттэй байна.

 Иймд 2013 оны 9 дүгээр сарын 17-нд төрсөн охин Х.Есүгэнд эцэг Т.Хүслэнгээс  хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Хүслэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.Хүслэн нь Н.Анужинтай 2012 онд танилцаж үерхэж байх үедээ хүүхэдтэй болж охин Есүгэн төрсөн. Бид үерхэж байх хугацаандаа миний ажил хол байдаг байсны улмаас болж ихэвчлэн хоёр талд амьдардаг байсан. 2013 оноос гэр бүлээ тэжээхийн тулд Улаанбаатар хотод энд тэнд олдсон ажлыг хийж явдаг байсан. Хамт амьдарсан хугацаандаа ер нь бага болохоор таарамжгүй байх асуудал бие биеэ хардах сэрдэх асуудал их байдаг байсан. Би өөрийн охин Есүгэнээ бидний таарамжгүй харилцаанаас болоод өөрийн биеэр өсгөж хүмүүжүүлэх боломжгүй болсондоо их харамсдаг. Бид 2016 оны 7 дугаар сард салсан. Энэ хугацаанд охиндоо анхаарал халамж тавьж, асууж сургалж, хэрэгцээний мөнгийг нь өгч байсан. Цаашид ч тэжээн тэтгэх үүргээ чадах чинээгээрээ биелүүлнэ гэж боддог. Би 2016 оны 5 дугаар сараас 7 дугаар сар хүртэл “Таван толгүй транс 2” гэх компанид би 2 сарын хугацаатай л хүний оронд ажиллаж байгаад гарсан. Тухайн үед хүний оронд түр ажиллаж байсан болохоор тухайн компанитай байгуулсан гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байхгүй.  “Таван толгүй транс 2” гэх компанид ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл ажил хийгээгүй энд тэнд зарын дагуу барилгын ганц нэг ажил хийж байсан. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг өндөр цалинтай байгаагүй болно. Одоогоор Улаанбаатар хотод эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа.

Иймд охин Х.Есүгэндээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр явуулж, миний ажилгүй цалин орлогогүй байгааг минь харгалзан үзэж хүүхдийн тэтгэлгийг жилд төлж байхаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Анужин нь хариуцагч Т.Хүслэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Анужин нь хариуцагч Т.Хүслэн нарын дундаас охин Х.Есүгэн төрсөн болох нь Тухайлбал: Хариуцагч Т.Хүслэнгийн шүүхэд ирүүлсэн “....охин Х.Есүгэн 2013 онд төрсөн, охиндоо хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна....” гэх тайлбар,

Нэхэмжлэгч Н.Анужин шүүх хуралдаанд: “....би охин Х.Есүгэн 2013 оны 9 дүгээ  сарын сарын 17-нд төрүүлсэн....” гэх тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин “Хонин онход” овогт Хүслэнгийн Есүгэн /МЗ-13291741/-т олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

“Ачит-Бат” өрхийн эмнэлэг болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтууд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Харин хариуцагч Т.Хүслэнгийн “....одоогоор Улаанбаатар хотод эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа...миний ажилгүй цалин орлогогүй байгааг минь харгалзан үзэж хүүхдийн тэтгэлгийг жилд төлж байхаар шийдвэрлэж өгнө үү....” гэх тайлбар шүүхэд ирүүлсэн байх хэдий ч хариуцагч нь шүүхэд гаргасан “хүүхдийн тэтгэлгийг бүтэн жилээр төлнө” гэх шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй “тэтгэлгийг бүтэн жилээр төлнө” гэдгээ нотолж чадахгүй байх ба Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “...эцэг, эх нь хүүхдээ...хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй....”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “….эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй….” гэж хуульд тус тус заасан байна.

Иймд 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Х.Есүгэнд эцэг Т.Хүслэнгээс хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч нь шүүхэд “....шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр явуулж өгнө үү....” гэх тайлбараа ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагын  Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаагаас 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн буюу 4 настай охин Х.Есүгэнд 11 хүртлэх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход жилд 1.041.000 төгрөг болох ба 1 жилийн тэтгэлэг ногдох улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29.540 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Хүслэнгээс 29.540 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Анужинд олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч “Хонин Онход” овогт Тодгэрэл Хүслэн /РЖ-92121610/-гээс 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин “Хонин Онход” овогт Хүслэнгийн Есүгэн /МЗ-13291741/-д сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Анужингийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29.540 /хорин есөн мянга таван зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Хүслэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд 29.540 /хорин есөн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Анужинд олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ