Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00494

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Сутайн буянт техникийн зах дээр автомашины сэлбэг зарж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 84 дүгээр байр 01-07 тоотод оршин суух “Олхонууд” овогт Гарваанжавын Оюунсүрэн /ХА-71080365/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Дулаан мөрөн” ХХК-ийн захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 24-06  тоотод оршин суух “Боржигон” овогт Бадгаагийн Батбаатар /РЮ-79061770/-т холбогдох,

Автомашины моторын үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Оюунсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Батбаатар нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1146 маркийн  Daewoo авто машины моторыг манай сэлбэгийн дэлгүүрээс 6.500.0000 төгрөгийн үнэтэй моторыг худалдаж авсан. Мотор авахдаа 1.500.000 төгрөгийг нь одоо бэлнээр өгье,  үлдсэн 2.000.000 төгрөгөө 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2015 оны 4 дүгээр  сарын 1-ний өдөр үлдсэн 3.000.000 төгрөгийг тус тус өгч төлж барагдуулахаар тохиролцож нотариатад очиж 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Бид Батбаатарыг сайн танихгүй өөрөө би найдвартай өгнө манай ах нар Мөрөнд зочид буудал ажиллуулдаг гэх мэтээр өөрөө болон хүнээр яриулаад байхлаар нь итгээд мотороо өгч явуулсан боловч сүүлдээ утсаа авахгүй ба торх өгнө, ээж нохойд уруулсан боломжгүй байна гээд 1 сая төгрөг өгсөн. Түүнээс хойш мөнгө өгөхгүй болохоор нь Улаанбаатар хотод Нарантуул зах дээр тааралдаад машины түлхүүрийг нь авсан байхад, түлхүүрийг минь өгчих машины бичиг баримтыг авч бай гэхлээр нь авч үлдсэн. Намайг өчигдөр УБ хотод байхад манай дүүтэй утсаар яриад намайг шүүх хуралдаанд ирээд яахав Ланд 80 машин өгье зөрүү өг гэхлээр нь тэгвэл үзье гээд машин үзүүлэх хүнээ хүртэл УБ хотоос аваад ирэхэд өнөөдөр шүүх хуралдаа болон утсаа ч авахгүй алга болсон ба тухайн үед хүн чанар гаргаад тусалж байхад харин мөнгөө өгөхгүй худлаа яриад алга болсонд гомдолтой байна. Бид шүүхэд үлдэгдэл 4 сая төгрөг гаргуулна гэсэн нэхэмжлэл гаргасан тул уг нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа болон гэрээнд зааснаар алданги авах ёстой байтал бид Батбаатарыг бодоод алданги нэхээгүйг ойлгох хэрэгтэй байх.

Иймд моторын үлдэгдэл төлбөр болох 4.000.000 төгрөгийг Б.Батбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Оюунсүрэн нь хариуцагч Б.Батбатаараас моторын үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн: “....Д.Батбаатар нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1146 маркийн  Daewoo авто машины моторыг манай сэлбэгийн дэлгүүрээс 6.500.0000 төгрөгийн үнэтэй моторыг худалдаж авсан....” гэх тайлбар, зарлагын баримт болон 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах тухай гэрээнээс дүгнэхэд тэдний хооронд “зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байна гэж үзлээ.

Учир нь: Хуульд “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсвэл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрийг тус тус хүлээнэ”, “Зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэж заасан ба худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлсэн, гэрээнд “бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ” зэргийг харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд Зээлийн гэрээний хэлбэр, шаардлагыг хангаж гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр “зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагджээ.

Шүүх хариуцагч Б.Батбаатарт нэхэмжлэлийн 1 хувийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр гардуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “шүүгчээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа, хариу тайлбарын хамт ирүүлэх үүрэгтэйг” тайлбарлан өгч энэ тухайгаа гарын үсэг зуруулан хэрэгт баримтжуулсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 25 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй түүнчлэн хуульд заасан хугацаанд шүүхэд ирж тайлбар өгөөгүй байх тул хариуцагч Б.Батбаатарыг нэхэмжлэгч Г.Оюунсүрэнгийн  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.

Иймд хариуцагч Б.Батбаатараас моторын үлдэгдэл төлбөр болох 4.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Оюунсүрэнд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Г.Оюунсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Батбаатараас 78.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Оюунсүрэнд олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “....УБ хотоос зардал мөнгө гаргаж ирсэн тул одоо дахин наашаа цаашаа явах боломжгүй тул Б.Батбаатарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү....” гэх тайлбар хүсэлт, мөн шүүх хуралдааны товыг хариуцагчид  мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б.Батбаатараас моторын үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюунсүрэнд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбаатараас 78.950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюунсүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ