Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00498

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, малчин, ам бүл ганцаараа, тус сумын 2-р багин нутаг Баруун харгана гэх газарт оршин суух, “Боржигон” овогт Дүүжийгийн Мөнхбаяр /РА-62061202/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Мөнхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын сургуулийн 8 дугаар ангийг 1978 онд төгсөөд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд илгээлтээр гарч 1978 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оныг хүртэл хоньчноор тасралтгүй нэгдэл тартал ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт орох гэтэл  ажиллаж байсан байдлаа жилээ шүүхээр сэргээлгэх шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ныг хүртэл хоньчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ныг хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны түүвэр,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 26-ний өдөр Дүүжий Мөнхбаярт нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 1982 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01 дугаартай тушаалд “....малчин саальчдыг хавсралтаар батлаж 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсугай. ...Д.Мөнхбаяр 2-р бригадын хоньчин....” гэх малчин томилох тухай тушаалын хуулбар,

Гэрч Т.Шаалуувын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “....Д.Мөнхбаяр нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ Хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оноос 1992 оныг дуустал малчин байсан. Тэрээр хонь малладаг байсан....” гэх мэдүүлэг,

Гэрч З.Баасандалайгийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “....Д.Мөнхбаяр нь Хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оноос 1989 оныг хүртэл малчин байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Д.Мөнхбаярт холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10/165 дугаартай “....Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1989 оны тушаалд Д.Мөнхбаярыг чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Боржигон” овогт Дүүжийгийн Мөнхбаяр /РА-62061202/-ыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ныг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Мөнхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ