| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/59 |
| Огноо | 2021-04-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/59
2021 оны 04 дүгээр сарын 20 өдөр Дугаар 2020/ШЦТ/59 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч:Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т овогт Гийн Бд холбогдох 2129000880055 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан шоргоолж “ ХХК-ийн кемпийн гражнаас jinji маркийн 12.00R20 хэмжээтэй 2 ширхэг дугуйг хулгайлж, бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Г.Эрхэмзаяагийн:”...2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Цогт-Овоо суманд явж байтал тээвэр зохицуулагч Жавхлан над руу залгаад “жолооч Б дугуй хулгайлж байгаад баригдлаа”...”Манай кемпийн хашаан дотор байдаг гражны дотор талын зүүн хойд буланд хураалттай байсан шинэ jinji маркийн 12.00R20 хэмжээтэй 35 ширхэг дугуй байснаас 2 ширхэг дугуйг жолооч Б нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед авсан байсан”...”Жавхлан над руу залгаад Б дугуй аваад явчихлаа гэхээр нь би Б рүү залгаад “чи дугуй хулгайлдаг болоо юу гэж хэлтэл” Б дороо 23 цагийн үед авсан 2 ширхэг дугуйгаа буцааж авчирч өгсөн. Тухайн үед тээвэр зохицуулагч Жавхлан харж байгаад 2 ширхэг дугуйг Б өөрөөр нь тухайн гражид оруулж тавиулсан”...”Манай кемп дотор 1 граж байдаг юм.Тухайн граж нь баруун талдаа 2 том хаалгатай, зүүн талдаа 1 том хаалгатай мөн тухайн хаалга тус бүрд нь явган хүн орж гардаг жижиг хаалгатай тухайн жижиг хаалга нь замган түгжээтэй цоожилдоггүй ажилчид, жолооч нар орж гараад явж байдаг юм”...”Тухайн граж болон кемпээс өөр алдагдсан эд зүйл байхгүй...”надад болон “Хаан шоргоолж” ХХК-д ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” Гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/
Гэрч Б.Жавхлангийн:”...Би 2021 оны 03 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед кемп дээр амарч байтал жолооч С.Хосбаяр над руу залгаад “гражнаас хүмүүс дугуй аваад гарчихлаа”гэж хэлэхээр нь би босоод граж руу яваад очтол гадаа шуургатай юм харагдахгүй байхаар нь буцаад оффис руу ороод компьтерээ асаагаад GPS-ээ асаагаад хартал манай компанийн 91-16ӨМА улсын дугаартай гараад явчихсан байсан. Тэгээд би тээврийн менежер Эрхэмзаяа руу залгаад хэлтэл Эрхэмзаяа “би одоо Б рүү залгаад-хая” гэсэн тэгээд би оффис дотор оо хүлээж байтал 10 минут дараа кемп рүү ороод ирсэн тэгээд би граж руу яваад очтол Б дугуй түрээд миний өөдөөс гараад ирсэн тэгээд би харж байгаад авсан 2 дугуйг граж руу оруулж тавиулаад Бгийн машины түлхүүрийг хурааж авсан байсан. Маргааш нь тухайн дугуйнуудыг тоолоход 35 ширхэг дугуй бүрэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-рт/
Гэрч Б.Батжаргалын”...Бгийн машинд суугаад хөдөлсөн тухайн үед Б машинаа унаад кемпээс гараад явж байтал Бгийн утас дуугарсан тэгээд аваад спикер дээр нь тавиад ярихад /компаниас залгасан байсан хэн залгасныг мэдээгүй/ “та 3 хаа хүрэх гэж байгаа гэтэл та нар юу хийснээ мэдэж байна уу та нар эргээд ор” гэхээр нь би гайхаад за за болъё гээд /ганц шил архинаас болж асуудал үүсэх нь гэж бодоод/ буцаад кемп ортол компанийн тээвэр зохицуулагч Жавхлан ирээд “наад машиныхаа түлхүүрийг надад өг авсан юмаа буцаагаад байранд нь тавь гэж” хэлсэн тэгтэл Б чирэгчийнхээ араас 2 ширхэг дугуй буулгаж ирээд граж руу хийсэн.” Гэх мэдүүлэг/хх-ийн 21-22-рт/
Шүүгдэгч Г.Бгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Г.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/,
Шүүгдэгч Г.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-58-р хуудас/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 68-87-р хуудас/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх-ний хуулбар /хх-ийн 90-р хуудас/, Гарын дардасны бланк /хх-ийн 97-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан шоргоолж “ ХХК-ийн кемпийн гражнаас jinji маркийн 12.00R20 хэмжээтэй 2 ширхэг дугуйг авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах гэсэн хулгайн гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Г.Эрхэмзаяад хохирол төлбөр 1.300.000 төгрөгийн хохирол учирсан ба хулгайд алдагдсан 2 ширхэг дугуйг шүүгдэгч Г.Б буцааж өгсөн тул тэрээр хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулан, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авахуулах саналыг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Г.Эрхэмзаяагын хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт авагдсан нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг буцаан төлсөн зэрэг нөхцөл байдлыг шүүх хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөр 1.300.000 төгрөгийн хохирол учирсан ба хулгайд алдагдсан 2 ширхэг дугуйг шүүгдэгч Г. Б буцааж өгсөн тул , хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Бг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА