| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0113/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-04-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр Дугаар 2020/ШЦТ/61 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Г.Ү нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Үд холбогдох эрүүгийн 2029000040075 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Ү нь 2019 оны 12 дугаар сарын 25-29-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Баян хөөврийн 23-03 тоотод байрлах иргэн А.Даваажавын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч мөнгөөр хийсэн далыг хулгайлж, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ү холбогдох эрүүгийн 2029000040075 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ү мэдүүлэхдээ: “... тухайн өдөр би хөдөө хуруугаа тасдуулчхаад эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Эмнэлгээс гарсны дараахан хохирогч Даваажав нь надаас машины хоёр дугуй авсан. Тэгээд хоёр дугуйг аваад хашаанд нь тавиад хоёр гэрийн хойгуур урдуур нэлээн явсан. Сүүлд би гэртээ очоод Маарай ах би хоол хийгээдэхий та нэг машин олоод ир хоёулаа дугуй засвар явъя гээд удаагүй байж байтал Маарай ах хүрч ирээд гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Сүүлд нь Намхайлхагва байцаагч мөрөөр мөрдөж ирсэн. Тэгээд тухайн үед надаас юм асуугаагүй яваад өгсөн. Би маргааш нөгөөдрөөс нь бие өвдөөд эмнэлэгт хэвтээд аймаг руу явж шарлага хийлгээд 1 сарын дараа ирсэн. Тэгээд ирэхэд Намхайлхагва мөрдөгч намайг байцаасан. Би тухайн үед Отгонбаатар гэх айлын малыг маллаж байсан. Малд нь нохой ороод эзэн нь байхгүй байсан. Би явах гээд яараад байдаг. Тэгээд би энэ хэргийг хүлээгээд торгуулдаг гэхээр нь торгуулийн мөнгийг нь өгөөд хурдхан шиг явахгүй бол айлын мал хэцүүдлээ гэж бодсоны үндсэн дээрээс ямар ч хуулийн мэдлэг байхгүй үүднээс энэ хэргийг хурдан хүлээчихвэл амар юм болов уу? гэж бодоод би энэ хэргийг өөр дээрээ хүлээсэн. Сүүлд хүнтэй ярьж хөөрөөд судлаад зөвлөгөө авсан чинь та өөрөө өөрийнхөө толгой дээр маш буруу зүйл хийсэн байна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн үү гэж асуухад тийм гэж хүлээсэн. Тухайн үед Намхайлхагва байцаагч надад өмгөөлөгч авах эрхийг минь сайн ойлгуулж хэлээгүй, шууд хэргээ хүлээсэн. Тэгээд сүүлд өмгөөлөгч авч мэдүүлгээ өөрчлөх боломжтой гэдгийг ойлгоод өмгөөлөгч аваад мэдүүлгээ өөрчилсөн. Иймэрхүү л үйл явдал болсон. Тэр өдрөөс хойш өдийг хүртэл ажил хийж болохгүй, хэзээ дуудах юм бол гээд санаа зовоод, хүн амьтнаас айж ичиж, хулгайч гэсэн нэр зүүж өнөөдрийг хүртэл нэлээдгүй цаг хугацаанд гэмт хэрэгтэн шиг явлаа.” гэв.
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-15/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Даваажавын өгсөн мэдүүлэг /хх-19-21/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-31/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Даваажаваас дахин авсан мэдүүлэг /хх-32-33, 210-211/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Баярхүүгээс авсан мэдүүлэг /хх-36-37, 214-216/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Сүхбатаас авсан мэдүүлэг /хх-38-39/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Ариундэлгэрээс авсан мэдүүлэг /хх-40-41, 217/
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Үс авсан мэдүүлэг /хх-42-44/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Хишигжаргалаас авсан мэдүүлэг /хх-45-46/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Энхчимэгээс авсан мэдүүлэг, гэрэл зураг /хх-47-50/,
-“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/38 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-53/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Үаас авсан мэдүүлэг /хх-59-60/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар, мөрдөгчийн тэмдэглэл, оршин суугаа газрын тодорхойлолт, эмчлүүлэгчийн карт,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ажрахгүйгээс авсан мэдүүлэг /хх-132-134/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Сүхбат болон Ц.Ариундэлгэр нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-135-137/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Намхайлхагвын мэдүүлэг /хх-138-140/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан эсэхийг хянаж тогтоолын үндэслэл болгов.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Даваажав мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны үед байхаа үйл хийдэг гэртээ очиж өвөөгөө буулгасан тэгээд орой нь явсан тэгээд 12 сарын 29-ний өглөө үйл хийдэг гэртээ ирэхэд цоож нь жоохон гажаад байгаа юм шиг эвгүй онгойсон тэгээд гэртээ орж ирээд бөөгийн эд зүйлээ шалгаж байхад миний бөө мөргөлд ашигладаг мөнгөөр хийсэн дал алга болсон байсан эргэн тойронд нь байсан мөнгөн аяга байсан тэгэхээр тухайн зүйлийг мэддэг хүн авсан гэж бодож байна...Жоохноо гэх хочтой Үлтаних гэдэг байхаа тухайн хүнийг сэжиглэж байна учир нь Сүхбат гэх надтай хамт ажилладаг хүн Ариундэлгэр гэх хүн рүү Жоохноо гэх хүн утасдаад чиний алдсан мөнгөн далны талаар яриад байсан гэсэн тул сэжиглэж байна” гэж мэдүүлгийн эх сурвалжаа заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Сүхбат мэдүүлэхдээ: “...2020 оны 01 сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна ямар ч байсан манай гэрт Ариука гэж дууддаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй манай танил орж ирж хамт архи уусан тэгээд сууж байхдаа Жоохноо гэх хүнтэй өөрийнхөө утсаар ярьсан тэгж байхдаа нэг далны талаар яриад байсан чи гайгүй шиг гарч чадах нуу гээд байсан тэгэхээр нь утсаар яриад дууссан дараа нь юу болсон юм гэж асуухад жоохноо Маараагийн гэрээс мөнгөн дал авсан тэрийгээ хөдөө айлд тавьсан юм шиг байна гэж хэлсэн өөр зүйл яриагүй. Маараа гэдэг нь миний танил бөө буулгадаг Даваажав гэдэг хүн байгаа юм би тухайн хүн дээр очиж үзүүлдэг Даваажав нь бөөгийн зан үйлд ашигладаг байсан мөнгөн далаа гэрээсээ алдсан талаараа ярьж байсан учир болсон зүйлийг Даваажавт хэлсэн” /хх-38-39/ гэж,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Ариундэлгэр мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 10-нд Сүхбатын гэрт очихдоо архи уучихсан согтуу байсан болсон зүйлийн талаар бүдэг бадаг санаж байна. Сүхбатын гэрт эхнэр хүүхэдтэйгээ ярьсан, өөр хүнтэй яриагүй, би ямар нэгэн далны талаар яриагүй, худлаа ярьж байна” /хх-40-41/ гэж тус тус зөрүүтэй мэдүүлдэг ба гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгахаар гэрч нараас 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг авахад: “...С.Сүхбат мэдүүлэхдээ: “Ц.Ариундэлгэр бид 2 архи уугаад сууж байхад Жоохноо гэх хүн залгаад далны хэргээр явчих гээд байх шиг байна гэсэн чинь Ариука чи тэгвэл наадахыг нь өгөөд хэргээсээ салчихгүй юу гэж хэлэхийг нь сонссон өөр юм сонсоогүй, эхнэртэйгээ утсаар ярихын хувьд ярьсан. Ярих үедээ Ц.Ариундэлгэр халамцуу байсан” гэж, Ц.Ариундэлгэр мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаттай хамт архи ууж байхад манай эхнэр залгаад чи хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би Сүхбатын гэрт байна, одоо ингэсгээд очлоо гэж хэлээд утсаа салгасан өөр хүнтэй утсаар яриагүй, би бүх үйл явдлыг санаж байна. Шаардлагатай гэж үзвэл тухайн үед залгасан дугаараа шүүлгэж болно” гэж мөн адил дахин зөрүүтэй мэдүүлэг /хх-135-136/ өгч байгаагаас дүгнэж үзэхэд С.Сүхбат, Ц.Ариундэлгэр нарын мэдүүлгээр хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Даваажавын мэдүүлгийн эх сурвалжийг тодорхойлох боломжгүйгээс гадна гэрч нар тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, болсон үйл явдлыг бүдэг бадаг санаж байна гэж гэрч нар хэн алин нь мэдүүлж байгаа, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Намхайлхагва мэдүүлэхдээ: “...би хэргийн газарт очиход хохирогч А.Даваажав нь мөнгөн дал алдчихлаа. Намайг хаана нуусан байсныг Ү л мэднэ. Ү өмнө манай гэрээс бөөгийн өргөлийн архи хулгайлж байсан гэж хэлсэн учир Ү гэх хүнтэй уулзаж гэрчээр мэдүүлэг авсан. Тэгэхэд Ү юм ярихгүй 20 минут орчим сууж байгаад “би архины барьцаанд дэлгүүрт тавих гэж авсан. Дэлгүүр явах замдаа мөнгөн далыг өөрийн утасны хамт гээсэн байсан” гэж мэдүүлэг өгсөн. Гэхдээ Ү гэдэг хүн үнэхээр аваагүй бол “би хулгайлж аваад гээсэн” гэж хэлэх ямар ч шалтгаан байгаагүй...” гэсэн мэдүүлгээр улсын яллагч шүүгдэгчийг гэм буруутай нь нотлогдож байна гэх боловч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мөрдөн байцаагчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
3. Улсын яллагчаас: “шүүгдэгч Г.Ү гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргээ өөрөө хүлээсэн, мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд тэрээр хашааг хэрхэн давсан, гэр рүү хэрхэн орсон, мөнгөн далны байрлал зэргийг заадаг, сум жижиг газар учраас сургаар хохирогч А.Даваажав шүүгдэгч Г.Үг мөнгөн далыг авсан гэж хэлээд байгаа” зэргээр шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1-д “…Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг тогтоон үзлэг хийнэ” гэж зохицуулжээ.
Улсын яллагчаас яллах талын нотлох баримт болгон шинжлэн судлуулсан хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудсанд авагдсан 2019 оны 12 сарын 29-ний өдөр хийсэн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “… Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад М.Намхайлхагва би иргэн Ч.Сувдаагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс зүүн тийш 7 км зайд Баян багийн нутаг Дөрөлжийн адгийн бууц гэх газраас хоёр тооны тэмээ алдагдсан гэх мэдээллийг хүлээн авахад гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй үндэслэл байх тул нотлох баримтын олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор Ханбогд сумаас зүүн тийш 7 км зайд … үзлэгийг 2019 оны 12 сарын 29-ний өдрийн 15 цаг 42 минутад эхлүүлж, ердийн цаг агаартай, агаарын дулаан -15 хэм байх үед байгалийн гэрэлд явуулав.
Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал: Өмнөговь аймаг Ханбогд сумын төв Баян хөөврийн 23-03 тоот гаднаа шинэ 205 тоот гэсэн хашаа байв. Уг хашааны хаалга нь цагаан өнгөтэй байв. Хашааны жижиг онгорхой хаалгаар ороход зүүн талд 12 метр зайд цэнхэр өнгийн амбаартай түүнээс хойш 32 метр зайд гаднаа цагаан цайвар бүхий пин бүхий монгол гэр байв. Уг гэрт орж үзлэг хийхэд гэрийн хаалганаас баруун тийш урт сандал тавьсан гэрийн хоймор хэсэгт бөө мөргөлийн хувцас болон хэрэглэл тухайн хэрэглэлийг тавьсан хоёр ширхэг шар эрээн авдар эгнүүлж тавьсан. Бөөгийн хувцасны доод талд жижиг ширээ байх бөгөөд уг ширээн дээр мөнгөн аяга 2 ширхэг болон модон аяга тавьсан байв. Хоёр авдрын дунд талд байрлах унинд хадаг дэлгэж хавчуулсан байв. Үүгээр гэрт үзлэг хийж дуусан гарахад хашааны хөрс хатуу ямар нэг ул мөр гарахааргүй байв…” гэжээ.
Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтыг шинжлэн судлаад энэ талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тодруулж асуухад “… мөрдөгч алдаа гаргасан байна “ гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” 2-т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон гэж үзэх үндэслэлгүй, тухайн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байна гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Үд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “…Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд нийцнэ гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 мм диаметртэй 47.5 см урттай цагаан өнгийн металлд доод хэсэгтээ DO00976-B гэсэн бичигтэй, 6.4 см өндөртэй, 7.2 см өргөн, 13.5 см урттай дунд хэсэгтээ 3.6 см*7.2 см*3.3 см хэмжээтэй зайтай, хар өнгийн будагч бодисоор будсан металл төмөр /1 ширхэг/, 6.5 см*4.5 см хэмжээтэй хар өнгийн металлаар бүрсэн цоож /1 ширхэг/-ийг А.Даваажавт буцаан олгохоор шийдвэрлэв.
Г.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5, 6 дах хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2029000040075 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Х овогт Г.Үыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Үд холбогдох эрүүгийн 2029000040075 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцаасугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 мм диаметртэй 47.5 см урттай цагаан өнгийн металлд доод хэсэгтээ DO00976-B гэсэн бичигтэй, 6.4 см өндөртэй, 7.2 см өргөн, 13.5 см урттай дунд хэсэгтээ 3.6 см*7.2 см*3.3 см хэмжээтэй зайтай, хар өнгийн будагч бодисоор будсан металл төмөр /1 ширхэг/, 6.5 см*4.5 см хэмжээтэй хар өнгийн металлаар бүрсэн цоож /1 ширхэг/-ийг А.Даваажавт буцаан олгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар Г. нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Г.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА