Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62

 

 

2021 оны 04 дүгээр сарын 28 өдөр                       Дугаар 2021/ШЦТ/62                                                   Ханбогд сум

 

                             

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Э.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Эд холбогдох 2029000000144 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны  04 дүгээр  сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс нүүрс тээврийн замын 2 дахь километрт байрлах гэрт үл ялих шалтгааны улмаас Х.Даваасүхийн нүүрэн тус газарт нь  болон биеийн бусад хэсэгт гар, хөлөөрөө олон удаагийн үйлдлээр цохиж зодон түүний биед тархины доргилт, хамар ясны хугарал, баруун талын 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, дух, хамар, баруун нүдний доод зовхи, 2 талын чихний зулгаралт, баруун завжны салстын язрал, зүүн хацрын язарсан шарх, баруун чихний дэлбээ, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн гарын сарвууны урагдсан шарх гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “… Гэртээ оруулаад 2 удаа алгадахад газар унасан, 4-5 удаа өшиглөсөн тэгээд Алтайсүмбэр намайг болиулсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Алтайсүмбэрийн өгсөн:“...Э.Э Даваасүхтэй хараал урсгаад харилцан хэрэлдэж байснаа гэнэт зодолдоод эхэлсэн тэгээд би босож салгах гэсэн боловч нилээн согтуу босож чадахгүй байсан тэгээд арай хийж босоод Э.Э нь Даваасүхийг 2-3 удаа өшиглөсөн тэгээд Даваасүх баганын цаад талд хамраас нь цус гарсан бололтой хэвтэж байсан тэгээд би Эийг барьж аваад дараад хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69-р хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №579 дугаартай дүгнэлтээр:“...Х.Даваасүхийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, баруун талын 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, дух, хамар, баруун нүдний доод зовхи, 2 талын чихний зулгаралт, баруун завжны салстын язрал, зүүн хацрын язарсан шарх, баруун чихний дэлбээ, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн гарын сарвууны урагдсан шарх гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 72-74-р хуудас/

Шүүгдэгч Э.Эийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Э.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/,

Шүүгдэгч Э.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/,

Хохирогч Х.Даваасүхийн  “...Тэгээд би доошоо сууж байтал миний зүүн хацар луу өшиглөх шиг болсон тэгээд би яаж байна гэж хэлж чадалгүй унаад тэгсэн намайг нүүр нүдгүй өшиглөж зодсон. Зодож байхдаа чи ямар үнэтэй гагнуурчин бэ хэдэн боодол чамд хэрэгтэй юм гээд байсан. Зүүн хацарт 2 оёдол тавиулсан, хамар гэмтсэн, чих гэмтсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66-р хуудас/,

Гэрч Д.Алтайсүмбэрийн “...Э.Э Даваасүхтэй хараал урсгаад харилцан хэрэлдэж байснаа гэнэт зодолдоод эхэлсэн тэгээд би босож салгах гэсэн боловч нилээн согтуу босож чадахгүй байсан тэгээд арай хийж босоод Э.Э нь Даваасүхийг 2-3 удаа өшиглөсөн тэгээд Даваасүх баганын цаад талд хамраас нь цус гарсан бололтой хэвтэж байсан тэгээд би Эийг барьж аваад дараад хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69-р хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №579 дугаартай “...Х.Даваасүхийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, баруун талын 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, дух, хамар, баруун нүдний доод зовхи, 2 талын чихний зулгаралт, баруун завжны салстын язрал, зүүн хацрын язарсан шарх, баруун чихний дэлбээ, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн гарын сарвууны урагдсан шарх гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 72-74-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

  Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж  Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Х.Даваасүх хохирол төлбөрт нийт 3,890,000 төгрөг нэхэмжилжээ. Шүүгдэгч Э.Э нь хохирол төлбөрт 400.000 төлсөн /хх-ийн 66-р хуудас/ ба 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 750,000 төгрөг төлсөн /хх-ийн 109-р хуудас/ төлж,  хэрэгт баримтаар ирүүлсэн нийт 1,150,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.  Хохиролд нэхэмжилсэн нийт 3890000 төгрөгөөс үлдэгдэл 2740000 төгрөгийн хохирол учирсан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул хохирогч Х.Даваасүх нь цаашид гарах  эмчилгээний зардал, учирсан хохирлынхоо талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцуулж , 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлтийг гаргажээ.

Шүүх улсын яллагчаас гаргасан ялын дүгнэлт нь шүүгдэгч Э.Эийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм бурууд тохирсон гэж үзсэн тул гаргасан саналын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Эийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн  байдлыг хөнгөрүүлэх нөхцөл болгов.  Тухайн хэрэгт хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирол төлбөрт 1 150 000 төгрөг төлсөн болохыг  дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирол төлбөрт 1.150.000 төгрөг төлсөн,  болохыг тус тус дурдсугай.

4.  Хохирогч Х.Даваасүхийн хохирол төлбөрт нэхэмжилсэн 3890000 төгрөгийн хохирлоос 2740000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал, хохирлын талаарх  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА