Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1205

 

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00652 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Гэрэлт-Од, Б.Эрдэнэчимэг нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 200 902 647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туул,

Хариуцагч Б.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Гэрэлт-Од нь Хас банктай 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5000896193 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж 64,285 ам.долларын зээлийг 360 хоногт 15,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээнд Б.Эрдэнэчимэг нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд 5000420095-1 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2204009779 дугаартай, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 дугаар байрны 56 тоот хаягт байх 42,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 5000896193 дугаартай фидуцийн гэрээгээр 60-80 УНИ улсын дугаартай, Мөнгөлөг саарал өнгийн “Tundra” маркийн автомашин, 5000896163 зээлийн шугамын гэрээгээр 21 000 000 төгрөгийн хөшиг, тюль, түүний дагалдах хэрэгсэл бүхий бараа материал зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч А.Гэрэлт-Од нь зээлийн шугамын гэрээний хавсралт буюу зээлийн шугамын хумих, тэлэх нөхцлийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Өнгөрсөн хугацаанд банкны зүгээс зээлдэгчийн хүсэлт, бизнесийн нөхцөл байдлыг харгалзан санал хүсэлтийг шийдвэрлэж хамтран ажиллаж байсан. Зээлдэгчийн хүсэлтийг харгалзан 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг сунган, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээл хэвийн төлөх боломж олгосон боловч зээлдэгч нь шинэчилсэн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүрэг зөрчиж байна. Зээлийн шугамын гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн банкны санаачилгаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр гэрээг цуцалж байна. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар А.Гэрэлт-Одын зээлийн шугамын гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр нь үндсэн зээл 51,285 ам.доллар, зээлийн хүү 32,204 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2,043 ам.доллар, нийт 85,532 ам.доллар болно. 85,532 ам.долларыг Монголбанкны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 ам.долларын ханш 2 3448.86 төгрөгтэй харьцах албан ханшаар тооцож хөрвүүлбэл 200 902 647 төгрөг болж байна. Иймд гэрээний дагуу төлөх зээлийн нийт төлбөр 200 902 647 төгрөгийг А.Гэрэлт-Од, Б.Эрдэнэчимэг нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд зээлийн шугамын гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Гэрэлт-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банктай 2013 онд хийсэн гэрээгээр 64,000 ам.доллар авсан, хүүгээ хугацаандаа төлж байсан. Сүүлд ам.долларын ханшийн өсөлтөөс болж хүсэлт өгсөн боловч Хас банк хариу өгөөгүй. Үүнээс болоод хүү эргэн төлөлтийг төлөхгүй байхад Хас банк эргэж 2 жилийн хугацаанд явуулж сүүлд нь 200 926 447 нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Орон байр автомашин бүх эд хөрөнгөөрөө хохирсон анх гэрээ хийхдээ Хас банк манайх ам.доллараар 1.5 хувийн хүүтэй хямдхан зээл олгодог дээрээс нь ам.долларын ханш өсвөл уян хатан хандаж төгрөг рүү шилжүүлж болно гэсэн. Би ам.доллар 1 400 төгрөг байхад зээл авсан 1 600 төгрөг болохоор нь би зээлээ төгрөг рүү шилжүүлэх хүсэлт өгсөн боловч хариу өгөөгүй. Иймд би 200 902 647 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкнаас 64,285 ам.долларын зээл авч 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийтдээ 29,000 ам.долларын эргэн төлөлт хийсэн. Долларын ханш өссөнөөс болоод 200 гаруй сая төгрөг нэхэмжилж байна. Хас банк нь 2015 оны 12 сард гэрээгээ цуцална гэсэн шаардах хуудас өгөхөд нь бид төлөх боломжгүй гэхэд бид 1 сарын дараа гэрээ цуцаллаа гээд шаардах хуудас өгсөн. Үүнээс хойш дахин 1 жил хүүг нэмэгдүүлж үндсэн зээл, зээлийн хүүг өндөр болгож нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хас банктай барьцаа хөрөнгөөр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж гэрээ хийсэн. Түүнээс биш бусад эд хөрөнгөөр гаргуулна гэсэн гэрээ байхгүй. Банк бол орон сууц, автомашин хямдхан болсон тул шунахайн сэдлээр өөр юм авах зорилго агуулж байна. Ам.долларын ханшны өсөлт нь энэ хүнийг хохироож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар, хариуцагч А.Гэрэлт-Од, Б.Эрдэнэчимэг нараас 209 902 647 гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 232 663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гэрэлт-Од, Б.Эрдэнэчимэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 162 463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Б.Эрдэнэчимэг, А.Гэрэлт-Од нар нь Хас банктай бизнесийн зээлийн шугамын гэрээ байгуулан 3 өрөө байр, тоёота тундра маркийн автомашинаа барьцаалан 89 677 575 төгрөг буюу /64,285 ам.доллар/-с нэг хувийн шимтгэл болох 896 775 төгрөгийг банк шимтгэл болгон авч үлдээж 88 780 800 төгрөгийн зээл авч төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ хийсэн. Зээлийн эргэн төлөлтөнд 48 790 000 төгрөг буюу 29,003 ам.долларыг Хас банканд төлсөн. Үлдэгдэл 39 990 800 төгрөгийн үндсэн зээл түүний хүү, нэмэгдүүлсэн хүүд Хас банк 200 902 647 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байтал хариуцагчаас нэхэмжлээгүй 9 000 000 төгрөг буюу 209 902 647 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ шийдвэрлэж хариуцагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчснийг өөрчилж, банктай байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч А.Гэрэл-Од, Б.Эрдэнэчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 200 902 647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсан, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч 21 000 000 төгрөгийн хөшиг, тюль түүний дагалдах хэрэгслийг барьцаанд тавиагүй, гэрээ хийгээгүй гэж маргажээ.

 

Талууд 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5000896193 тоот зээлийн шугамын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч А.Гэрэлт-Од, Б.Эрдэнэчимэг нарт 64,285 ам.долларыг, 360 хоногт 15,60 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлийн шугамын хумих, тэлэх нөхцлийн дагуу зээлдүүлжээ.

 

Мөн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 5000420095-1 тоот баталгаат ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр А.Гэрэлт-Одын өмчлөлийн Ү-2204009779 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38-56 тоот, 42,6 м.кв талбайтай 3 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр фидуцийн 5000896193 тоот гэрээгээр 60-80 УНИ улсын дугаартай, Мөнгөлөг саарал өнгийн “Tundra” маркийн автомашин зэргийг тус тус барьцаалсан болох нь хэргийн 9-22, 26-27 дугаар талд авагдсан зээлийн шугамын гэрээ, фидуцийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, гүйлгээ хийгдсэн дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Талууд дээрх зээлийн шугамын гэрээ, фидуцийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, уг гэрээнд заасны дагуу 64,285 ам.долларыг нэхэмжлэгч хариуцагч нарт шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн шугамын гэрээ, фидуцийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн шугамын гэрээний 1.10-т “Банк 1.1-д заасан үндсэн хүү, үүрэг хүлээсний шимтгэлийг сар бүрийн эцэст тооцон, тооцсон дүнгээс зээлдэгчийн авч ашигласан зээлийн үлдэгдэлд нэмж тооцох бөгөөд зээлдэгч дараа сарын ажлын эхний 3 өдрийн дотор уг тооцсон зээлийн хүү, үүрэг хүлээсний шимтгэлийг Банкинд төлөх”-өөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож үндсэн зээл 51,285 ам.доллар, зээлийн хүү 32,204 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2,043 ам.доллар, нийт 85,532 ам.доллар буюу 200 902 647 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, зөв байв.

 

Гэвч шүүх хариуцагч нараас 200 902 647 төгрөг нэхэмжлэгчид гаргуулахаар дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт 209 902 647 төгрөг гаргуулсан техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах боломжтой байна.

 

Хариуцагч нар гэрээнд өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00652 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “209 902 647 төгрөг” гэснийг “200 902 647 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                       

                                         ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ