Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Б би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бөөс Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Цид холбогдуулан гаргасан “2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0166858 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Б шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: “Эрх бүхий албан тушаалтан нь “Г” ХХК-д холбогдох зөрчлийг илрүүлж, шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг зөрчиж, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй, 0166858 дугаартай шийтгэлийн хуудсанд холбогдогчид оногдуулсан торгуулийн мөнгөн дүнг 2.000.000 төгрөг, 200.000 төгрөг гэж зөрүүтэй бичсэн зөрчлийг бүрэн нотлоогүй, холбогдогчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад уг үйлдлийг харьяаллын дагуу шилжүүлж шалгуулаагүй зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0166858 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

 

Хариуцагч Р.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бөөс Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагчийн “2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0166858 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг тус шүүхэд ирүүлжээ.  

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаас үзвэл Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Ц нь Ашигт малтмал хууль бусаар олборлосон “Г” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7.1-д заасан зөрчил гаргасан гэж үзэж, хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Гэвч энэхүү шийтгэлийг Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Б “...хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй, холбогдогчид оногдуулсан торгуулийн мөнгөн дүнг 2.000.000 төгрөг, 200.000 төгрөг гэж зөрүүтэй бичсэн, зөрчлийг бүрэн нотлоогүй, холбогдогчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад уг үйлдлийг харьяаллын дагуу шилжүүлж шалгуулаагүй...” гэх үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0166858 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичжээ.

Уг прокурорын дүгнэлтийг хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагч Р.Ц бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэсэн үндэслэлд хамаарч байх ба хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, хуульд харшлаагүй  байх  тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бийн дүгнэлтэд дурьдсан “Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0166858 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагч Р.Цийн  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                              Л.Б