Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/66

 

 

2021 оны 05 дугаар сарын 07 өдөр                              Дугаар 2021/ШЦТ/66                                          Ханбогд сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Өсвөр насны шүүгдэгч: З.Ш /онлайнаар/,

Хууль ёсны төлөөлөгч Т.Зоригтбаатар /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Шд холбогдох 2129000000007 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч З.Ш нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дугаар баг, Ямаан хүрэнгийн 6-7 тоот дахь гэртээ 2020 оны 12 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө фейсбүүкээр буюу олон нийтийн сүлжээгээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр мөрийтэй тоглоом зохион байгуулан 30,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18,000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Зын Шд холбогдох 2129000000007 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Шд мэдүүлэхдээ: “Энэ лайв нь жилийн өмнөөс фейсбүүкээр яваад байсан. Тэгээд сая хотод карантины үеэр машин хар зах, даа хүрээ гэсэн том том пэйж группүүдээр яваад байхаар нь би ашигтай юм байна гэж бодоод Цогтцэций суманд ирээд хотоос ирсэн гээд хорионд ганцаараа байж байхдаа сонирхоод ийм зүйл хийсэн. Хүмүүс хийгээд байхаар нь хууль бус гэж мэдээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-13-р хуудаст/,

Хаан банк дахь З.Шын 5030726892 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 77-78-р хуудаст/,

Насанд хүрээгүй З.Шын гэрчээр өгсөн: “Би энэхүү “Jargal az” фейсбүүк хаягийг лайв хийх зорилгоор нээсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө гэртээ байхдаа “Jargal az” фейсбүүк хаягаараа Texas покерын лайв хийсэн. Тухайн лайваар 6 хүнийг оролцуулж 1 хүнээс 5,000  төгрөг бодож өөрийн дансанд нийт 30,000 төгрөг хийлгээд хөзрөө 5 удаа хольж тоглодог. Тэгээд хүмүүсийн 1 удаа хожсон тоглолтод 5,000 төгрөгийг шилжүүлээд 25,000 төгрөгийг буцааж шилжүүлээд дараа нь үлдсэн 5,000 төгрөгийг нь өөртөө авдаг”, би 2020 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө нэг удаа, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Би тухайн лайваар ойролцоогоор 12-13 хүнийг хамруулж тоглуулснаас нийт 48,000 төгрөгийн ашигтай ажилласан. Тухайн 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 30,000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 18,000 төгрөг ашигтай ажилласан. Одоогоор үрээгүй өөрийнхөө голомт банкны 5215111010 тоот дансанд байршуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-н 23-р хуудаст/,

Насанд хүрээгүй гэрч М.Санчирын: “би өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 23-нд Ш дээр очиход тухайн “Jargal az” фейсбүүк хаягаараа лайв хийгээд хөзрөөр тоглоом тоглуулаад байх шиг байсан. Би анх удаагаа буюу 2020 оны 12 дугаар сарын 23-д лайваар тоглуулж байхыг нь харсан” гэх мэдүүлэг /хх-н 24-25-р хуудаст/,

Шүүгдэгч З.Шын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 10, 41-45, 47-48, 50 -р хуудаст/,

З.Шын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 38-р хуудас/,

З.Шын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 52-61-р хуудаст/

З.Шын 5030726892 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 16-17, 62-81-р хуудас/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч З.Шд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заажээ.

Шүүгдэгч З.Ш нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дугаар баг, Ямаан хүрэнгийн 6-7 тоот дахь гэртээ 2020 оны 12 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө фейсбүүкээр буюу олон нийтийн сүлжээгээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр мөрийтэй тоглоом зохион байгуулан 30,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18,000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй гэрч М.Санчир, гэрч Б.Мөнхчимэгийн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хаан банкин дахь З.Ш ын 5030726892 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, насанд хүрээгүй З.Ш ын гэрчээр өгсөн мэдүүлэг, өсвөр насны яллагдагч З.Ш ын мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Ш нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

Өсвөр насны шүүгдэгч З.Ш ын фейсбүүкээр буюу олон нийтийн сүлжээгээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч З.Ш нь гэмт хэрэг үйлдэж 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ашиг 29400 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ашиг 28500 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашиг 98500 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ашиг 8960.62 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ашиг 33560 төгрөг нийт 198920.62 төгрөгийн орлого олсон байх ба үүнээс эд мөрийн баримтаар бэлнээр хураан авсан 48.000 төгрөгийг хасаж үлдсэн 150920.62 /нэг зуун тавин мянга есөн зуун хорин төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ш оос гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй. /хх-ийн 77-80 дугаар хуудас/

 Иймд шүүгдэгч З.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан фейсбүүкээр буюу олон нийтийн сүлжээгээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч З.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан фейсбүүкээр буюу олон нийтийн сүлжээгээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч нь шүүгдэгч З.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргав.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч З.Ш ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч З.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Шд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 38 дугаар хуудас/

           Өсвөр насны шүүгдэгч З.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 /нэг зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Шд оногдуулсан 120 /нэг зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ш оос мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан AF4439464 серийн дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт, AF3300897 серийн дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт, AG8501769 серийн дугаартай 5,000 төгрөгийн дэвсгэрт, AT8167148 серийн дугаартай 1,000 төгрөгийн дэвсгэрт, AU0611715 серийн дугаартай 1,000 төгрөгийн дэвсгэрт, AW4454560 серийн дугаартай 1,000 төгрөгийн дэвсгэрт бүхий 6 ширхэг нийт 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1-6 хүртэл дугаарласан цагаан өнгийн А-4 хэмжээтэй цаас тойруулж наасан ТЕХАS гэсэн бичиглэлтэй хар өнгийн ватом цаас 1 ширхэг, цэнхэр, шар өнгийн цэцэгний дүрс бүхий хөзөр 42 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

              Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч З.Шижирболдын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Шижирболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.Шүүгдэгч З.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Шүүгдэгч З.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 /нэг зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Шд оногдуулсан 120 /нэг зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Шоос мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан AF4439464 серийн дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт, AF3300897 серийн дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт, AG8501769 серийн дугаартай 5,000 төгрөгийн дэвсгэрт, AT8167148 серийн дугаартай 1,000 төгрөгийн дэвсгэрт, AU0611715 серийн дугаартай 1,000 төгрөгийн дэвсгэрт, AW4454560 серийн дугаартай 1,000 төгрөгийн дэвсгэрт бүхий 6 ширхэг нийт 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Шоос мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 150,920.62 /нэг зуун тавин мянга есөн зуун хорин төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1-6 хүртэл дугаарласан цагаан өнгийн А-4 хэмжээтэй цаас тойруулж наасан ТЕХАS гэсэн бичиглэлтэй хар өнгийн ватом цаас 1 ширхэг, цэнхэр, шар өнгийн цэцэгний дүрс бүхий хөзөр 42 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч З.Ш дын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ